ХЯТАДЫН ШУА ШИНЭ ТӨСЛИЙН ШАВ ТАВИХАД ЛАМ УРЬСАНДАА УУЧЛАЛ ГУЙЖЭЭ

🕔 2018/05/04 13:28

ХЯТАДЫН ШУА ШИНЭ ТӨСЛИЙН ШАВ ТАВИХАД ЛАМ УРЬСАНДАА УУЧЛАЛ ГУЙЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шинжлэх Ухааны Академийн цөмийн судалгааны байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхдээ Даогийн шашны хуврагуудыг урьж ёслол гүйцэтгүүлсэн нь тус улсын иргэдийн дунд маргаан дэгдээсэн юм.

Хятадад шинэ барилга байгууламжийн шав тавихдаа Буддын, эсвэл Даогийн лам нарыг урьж, шашны ёслол үйлдүүлэх нь түгээмэл байдаг үзэгдэл.

Гэхдээ шинжлэх ухааны топ байгууллагын төслийн нээлт дээр лам нар ирсэн нь хүмүүсийг гайхшруулсан явдал болжээ. Нээлтийн ёслолын зураг онлайн орчинд тарж, иргэд "Манай тэргүүлэгч технологийн мэргэжилтнүүд шинжлэх ухаанд итгэдэггүй, шашин, мухар сүсэгт итгэсээр байгаа гэж үү?” хэмээн бичицгээж эхэлсэн байна.

Гэвч зарим нь үүнийг Хятадын соёлын өв тул мухар сүсгээс ялгах ёстой гэж дэмжиж байв. Мөн барилгын зарим мэргэжилтэн "Байгалийн хүчний өмнө хүн өчүүхэн амьтан шүү дээ. Ялангуяа уулархаг, цөлөрхөг газар нутагт барилга барихдаа бид шашны ёсыг дагах хэрэгтэй болдог” гэж бичсэн байна.

Шүүмжлэлд өртсөн Хятадын ШУА өнгөрсөн Даваа гарагт албан ёсоор иргэдээс уучлал гуйж, дээрх ёслолд оролцсон хоёр эрдэмтнээ ажлаас нь чөлөөлжээ. Уг нь лам нарыг барилга гүйцэтгэгч тал урьсан байсан бөгөөд тэднийг ирэх хүртэл эрдэмтэд энэ талаар огт мэдээгүй байсан гэнэ.

Гэвч эрдэмтдийг шашны ёслолыг зогсоогоогүй гэсэн үндэслэлээр шийтгэжээ. Коммунист дэглэмтэй Хятад улс шашинд хатуу ханддаг нь уг шийдвэрт давхар нөлөөлсөн бололтой.

Цөмийн судалгааны барилгын ажлыг баруун хойд Хятадын Ганьсү мужид өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт эхлүүлсэн юм.

Эх сурвалж: Quartz

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!