Д.Цэрэнсодном: Зава Дамдин нарын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй

🕔 2017/06/13 11:35
 
 Д.Цэрэнсодном: Зава Дамдин нарын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол Улсын судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, их эрдэмтэн, гавж Зава Дамдины мэндэлсэний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Нэрт эрдэмтэн Зава Дамдин тэргүүтэй лам нарын Монголын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар академич Д.Цэрэнсодномтой ярицлаа.

-Судар бичгийн хүрээлэн гэхээр Жамъян  гүний талаар хүмүүс түлхүү мэддэг. Энэ удаа Зава Дамдинг дурсч, тэр дотроо "Гурван ламдаа хүндэтгэл үзүүлэх эрдэм шинжилгээний хурал” хийх таны саналыг эрдэмтэд нэ­гэн дуугаар зөвшөөрч өчиг­дөр зохион байгууллаа. Энэ учрыг болон Зава Дамдин гэж хэн болох  талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өмнө нь тайлбар болгож хэдэн үг хэлье л дээ. Ардын хувьсгал ялсны дараахан төр, улс шинжлэх ухаанд ихээхэн ач холбогдол өгч, Судар бичгийн хүрээлэнг байгуулсан байдаг. 1921 оны арваннэгдүгээр сарын 29-нд энэ хүрээлэнг байгуулж, түүнийг эрхэлсэн сайдаар Жамъян гүн, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Жамсрангийн Цэвээн  нарыг томилсон. Анх  дуун ухаан /хэлний/-ы, түүхийн гэсэн хоёрхон тасагтай байсан. Тэнд ажиллах боловсон хүчний хувьд тухайн үеийн эрдэмтэй сэхээтэн гэхээр лам нар л байж. Тиймээс  1923 онд Жамъян гүн, Ж.Цэвээн нарын санал,  санаачилгаар Зава Дамдин гавж, Гэлэгжамц дооромбо, Шагж гэвш нарыг урьж ажиллуулсан байгаа юм.  Тэд бол яах аргагүй тухайн үедээ судар бичгийн хүрээлэнгийн гол ноён нуруу, түшиг болж байсан хүмүүс. Энэ жил Зава Дамдин гавжийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байгааг ёслол төгөлдөр тэмдэглэх хэрэгтэй гэсэн  БСШУС-ын сайдын тушаал гарснаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Ингэснээр Зава Дамдин гавж, Гэлэгжамц дооромбо, Шагж гэвш гурвыгаа бид эргэн дурсах, хүндэтгэж  ярих бололцоо бидэнд олдлоо. Энэ нь ч зүйн хэрэг гэж бодож байна.

-Зава Дамдинг  ямар гавьяатай, бүтээлтэй хүн бэ.  Зава гэдэг нь  цол зэрэг үү, ямар учиртай нэр бол?

-Зава Дамдин гавж одоогийн засаг захиргааны  хуваариар  яривал  Дундговь аймгийн Чойрын хийд орчмын хүн. Нутагтаа өөрийн багш Лувсанбалдангийн заавраар ном үзэж,дараа нь Гандан хийдэд шавилж, буддын гүн ухааны ном үзэж, гавжийн дамжаа барьсан. Гавжийн дамжаа гэдэг нь буддын гүн ухааны чойрын таван боть номд нэвтэрч, улмаар буддын их, бага таван ухаанд суралцах зам мөрийг олж авсан гэсэн үг. Их, бага таван ухаан, тэр дотроо  буддын гүн ухаан, дотоод ухаан, учир шалтгааны ухаан, түүхийн ухаанаар 16 боть сүм бумтай /бүрэн зохиол бичсэн/  хүн. Үүнийг нь 20-иод жилийн өмнө Гүрдаваа Ренбүүчий Делид хэвлүүлж амилуулсан. Үүнээс өмнө манай улсын номын санд 12 ботиор  байсан. Түүний бүтээлийг төвд хэлээр уншдаг, буддын судлалын  эрдэмтэд ерөнхийд нь гадарлана. Түүний бүтээл, туурвилын дотроос  Монголын шинжлэх ухаан, тэр дотроо түүхийн шинжлэх ухаанд оруулсан дорвитой хувь нэмэр нь "Хор Чойнжүн” буюу Монголд шашин, ном дэлгэрсэн түүх, түүний үндэс, тайлбар хэмээх хоймсон зохиол юм. Харин түүний нэрийн өмнөх Зава гэдэг үгийн утгын тухайд  буддын шашны судлалын  ойлголтоор бол номын үндэс, язгуурыг гаргаж бичихийг төвдөөр "Зава” гэдэг. Номын үндсийг гаргаж бичих чадвараараа гаргуун хүн байсан тул олон түмэнд Зава Дамдин гэж нэршиж ирсэн. Түүний бичсэн таван бүлэгт  "Хор Чойнжүн” буюу үндэс,тайлбар хоёрын аль алиныг маш сайн гаргаж тавьсан.  Ялангуяа зохиолын тэргүүн, дэд бүлэгт өмнө нь хүн судалж чадаагүй, хийгээгүй, хэлээгүй нээлтийн чанартай хэдэн чухал зүйлийг гаргасан. Тэр нь юу вэ гэвэл, Монголд шашин ном дэлгэрсэн түүхийг  түрүү дэлгэрэлт, дунд дэлгэрэлт, хожуу дэлгэрэлт гэж гурав хувааж үзсэн байдаг. Түрүү дэлгэрэлтийн үеийг одоогоос 3000 жилийн өмнөх, түүхчдийн үздэгээр Хүннүгийн үед буюу Хятад, төвд хоёроос өмнө Гимлайн нурууны баруун, зүүнд дэлгэрсэн бурханы шашины нөлөөгөөр  Монголд орж ирсэн. Тэр бүү хэл Бурхан багш өөрөө Монгол оронд заларч явж байсан гэдгийг Зава Дамдин маш тодорхой бичсэн байдаг.

-Тэр үеийн баримт, үндэслэлүүд нь юу байсан юм бол?

-Бурхан багшийн зарлиг, сургаалийн Ганжуурт Бурхан багшийн айлдсан "Хиргүй охин тэнгэрийн сүлд үзүүлсэн судар”, "Үхэр уулын иш үзүүлсэн судар”, "Ли орны иш үзүүлсэн судар”-ын эх сурвалжийг хэлсэн. Мөн өөрөөсөө түрүү үеийн эрдэмтдийн хэлсэн үгийг ишилж баяжуулж бичсэн. Тайлбар /дэлбэ/ номоо Зава Дамдин 1939 онд   дуусгасан байдаг. Нөгөөтэйгүүр тэр хуучны төвд, хятад, манж хэлнээс гадна орос, германы эрдэмтэдтэй харилцаатай, тэдэнд зөвлөж, бас зөвлөгөө авдаг  байсан. Тэд шинэ мэдээллийг Зава Дамдинд хэлж өгснөөр "Хор Чойнжүн”-дээ оруулсан байдаг. Тэнгэр уул, Эрээн хавиргын тэндээс газар дор олон зуун жил хэвтсэн сонин дурсгалыг олж нээж, дэлхийн сонорт хүргэлээ гэж дуу алдан бичсэн байгаа юм. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, шашин гэдэг  нэг амьтан байлаа гэхэд манайхан толгойг нь мэдэхгүй  сүүлийг нь ийм, тийм гэлцдэг бол шашны толгойг эхэлж судалж, 3000 жилийн өмнө дэлгэрсэн гэдгийг гаргаж ирсэн хүн бол Зава Дамдин юм. Түүний мөрөөр өнөөдөр орчин үеийн судлагчид шогшиж байна.

-Монголд 3000 жилийн тэртээ  бурхны шашин дэлгэрсэн гэдгийг жаахан тодруулмаар, гол нь хөдөлшгүй баримтыг ...?

- "Хор Чойнжүн” зохиолд Бурхан багшийн таалал төгссөний 100 жилийн ой дээр Монголд шашин дэлгэрсэн гэж бий. Энэ баталгаатай үг.Бид мөшгин судалж байна. Одоогийн Өвөрмонголын Байран зүүн хошуунд Гилбэр зуу гэж бий. Тэр дотор бурхан багшийн нирван дүр үзүүлж буй арав гаруй метр хэвтээ чулуун байгууламж, бурхан бий. Үүнийг өвөрмонголчууд, хятадууд ч учрыг нарийн сайн олж судлаагүй саяхныг хүртэл. Сүүлийн 10 гаруй жил бид судалж, бичиж, Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.  Зава Дамдин Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийг бодитойгоор  ойлгохын  тулд Ли орныг хаана, хэдийд байсныг зөв тогтоох хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Бид энэ талаар хүч тавин судалж, нэрийг нь ч, газар орныг ч тогтоосон. Нэн сонирхолтой нь Зава Дамдин гавжийн хэлсэн, бичсэн бүхэн түүхэн баримтууд, Хүннүгийн үеийн археологийн  шинэ шинэ олдворуудаар  батлагдаж байна. Тэгэхээр академич Ш.Бира гуай юм. Хор Чойнжүн”-гийн "Алтан дэвтэр”-ийн талаар нэг сэдэвт бүтээл бичиж,  маш нарийн  судалсан байдаг. Бас нэг олзуурхам зүйл бол Зава Дамдинг залгах эзэнтэй болсон байна. Тэр бол Зава Дамдин гавжийн хувилгаан Лувсандаржаа  гэж боловсролтой, чадвартай залуу лам бий. Чойрын хийдийг сэргээж, "Хор Чойнжүн” номын  "Зав, "лавайн эгшиг” ботийг  нь  хэвлүүлсэн. Одоо "Тайлбар”, "Алтан дэвтэр”-ийг түвд, монголоор хамт хэвлүүлэх гээд байж байна. Энэ бол Зав Дамдин гавжийг залгах хүнтэй болсны гавьяа юм даа.

-Одоо та Гэлэгжамц дооромбын хэн болох, бүтээл туурвилыг сонирхуулахгүй юу?

-Цэвэгийн Гэлэгжамц  дооромбо харъяаллын хувьд Орос, Монголын аль алинд харъяалагдаж, орж гарч явсан хүн  шиг байгаа юм.Насаар Зава Дамдингаас хоёр дүү, 2019 онд  150 жилийнх нь ой болно. Дээдчүүд нь Онон голоос нүүсэн улс юм билээ. Өөрөө бол Буриадын нутаг, Улаан-Үдийн ард Их тойруугийн Номт гэдэг газар мэндэлсэн. Эцэг, эхээс олуул. Нутгийнхаа гурван хийдэд шавилан сурч байгаад дараагаар нь Галуутын хүрээ, Богдын хүрээнд дамжин суралцаж, 20 гаруй насандаа Баруун зуу, Лхасын цаадтай шарын шашны зургаан том хийдийн нэг  Барайбүн хийдийн Гоман дацанд олон жил сурч, дооромбын дамжаа барьсан. Гэлэгжамц дооромбо  болж нутагтаа ирээд Галуутайн хүрээний ширээт лам болж, тэндээсээ 1913-1914 онд Петербургт Оросын буддын судлалын нийгэмлэг байгуулагдахад Итгэл хамба нарын томчуудтай хамт очиж оролцож байсан. 1917 оны хувьсгалын дараа буриадын зарим нь хэлмэгдэн зугтах үеэр Монгол дахь буриадууд түүнийг урьж авчирсан. 1923 оны үед Судар бичгийн хүрээлэн урьж ажилуулсан. Эхэндээ сургагч нэрээр ажилласан. Одон зурхайд гаргуун, Гандангийн гол зурхайчаар ажиллахын сацуу зурхайн ухааны олон ном бичсэн. Судар бичгийн хүрээлэнд 10 -аад  жил ажиллахдаа орчуулгын ажил хийж, 30-аад ном гаргасан. Одоо номын санд 10 орчим нь л бий. Тэр анагаах ухааны маш том мэргэжилтэн, эрдэмтэй хүн байсан. 1930-аад оны үед цаг цөвүүн болоход бие муу гээд тэтгэвэртээ гарч, дээдчүүлийнхээ нутагт хамаатан, садангаа  бараадан Хэнтий аймгийн Батширээт, Норовлин орчим хөдөө очиж суусан. Тэнд нутаглаж байхдаа төвд хэл, одон зурхай, анагаах ухаан, орос хэл сурах сонирхолтой хүмүүст ном заах зар тарааж, олон шавьтай болсон. Гайхалтай чадвартай, зайлшгүй анхаарч судлах ёстой хүн гэдэг энэ бүхнээс харагдана. Нөгөө талаас, өөрөө сартуул, буриад хүний хувьд шашны түүхийн талаар  нарийн судалгаатай ном бичсэн нь 1957 онд Буяндалай дооромбо нэрээр хэвлэгдсэн байдаг.

-Шагж гэвшийн тухайд ямар мэдээ, баримтууд байдаг вэ?

Шагж гэвш 1923 оноос Судар бичгийн хүрээлэнгийн номын сан, хөмрөгийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Улсын номын сангийн ховор нандин хөмрөгийг бүрдүүлж, цогцлон байгуулахад яах аргагүй голлон хүчин зүтгэсэн хүний нэг. Шинжлэх ухааны хүрээлэнд 15 шахам жил ажиллахдаа төвд хэлнээс намтар түүх, уран зохиол, Данжуурын гарчиг тогтоосон таалал тэргүүтэн олон ухааны ном орчуулахын зэрэгцээ”Монгол  үсгийн дүрмийн толь бичиг” 1937/, "Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгийн тайлбар чандманийн эрхи”, сургуулийн хүүхдүүдэд зориулсан "Монгол үсгийн товч толь бичиг” бүтээлүүд бий. Шагж багш толь бичгээ засч чамбайруулах бодолтой байсан ч дөнгөж үсэг дэвтэрлээд хавтаслан нягталж амжаагүй байхад нь   1937 онд баривчлан  хорьж, 1938 онд амийг нь егүүтгэсэн байдаг. Ийнхүү тользүйн ухааны ажлыг толгойлж байсан тэргүүлэх эрдэмтнээ үгүй хийснээр энэ талын судалгааны ажил 20-30 жилээр хойшоо ухарсан. Түүний нэг онцгой чадвар бол хэн хүний нүдэнд өртөмгүй нарийн ширийн зүйлийг олж харж чаддаг маш нарийн мэдрэмжтэй хүн байсан. Эцэст нь тэмдэглэхэд, эгэлгүй эрдэмтэй энэ хэдэн лам нарынхаа талаар 1921 оноос өнөөг хүртэлх эрдэмтдийнхээ цуглуулсан Улсын төв номын сангийн номын бүртгэл, катаологийг гаргах талаар ажиллах хэрэгтэй байгааг энэ дашрамд танай сониноор дамжуулаад төр, засгийн удирдлагуудад уламжилъя.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!