НБА-ИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТООС ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ

🕔 2018/02/22 13:07

НБA -ийн 67 дах удаагийн бүх оддын тоглолт Лос Анжелес хотод амжилттай  зохион байгуулагдлаа. Гурван өдөр үргэлжилсэн Бүх оддын тоглолтын тоймыг та бүхэндээ хүргэж байна.

Эхний өдөр : "Rising Stars challenge” буюу Залуу оддын тоглолт.

"Rising Stars challenge” буюу Залуу оддын тоглолтоор энэ жилийн бүх оддын тоглолт эхэлсэн юм. Дэлхийн баг Америкийн багийн эсрэг хийсэн энэхүү тоглолтод 155:124 харьцаатайгаар дэлхийн баг ялалт байгууллаа. Тус тоглолтын эхнээс Дэлхийн баг онооны тэргүүлж эхэлсэн бөгөөд эрчээ алдалгүй тоглосоор хожил авсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөн Дэлхийн багийн тоглогчид болох Бадди Хиэлд болон Богданович нарын дунд хүчтэй явагдсан ч эцэст нь Сэрби залуу Богданович үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдлээ. 2014 оны драфтын 27 дахь сонголт Богданович нь тус тоглолтод 26 оноо, дөрвөн самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалт хийсэн үзүүлэлтээр гайхалтай тоглолт үзүүлсэн юм.

Харин Америкийн залуусаас Жэйлон Браун 35 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийж, Кайл Кузма 20, Жэйсон Татум 15 оноог авч гайхалтай тоглолт үзүүлжээ.

Хоёр дах өдөр: "State farm All Star saturday night" буюу ур чадварын тэмцээн.

НБА-ийн Бүх оддын тоглолт холын зайн шидэлт, ур чадвар, цагирган дээрээс довтлох гэсэн гурван төрлөөр хоёр дах өдрөө үргэлжилсэн юм. "Taco Bell Skill Challenge” буюу ур чадварын тэмцээнд Андрэ Драммонд, Алл Хорфард, Жоэл Эмбийд, Лаури Марканэн, Бадди Хиэлд, Жамал Муррэе, Лью Виллиамс, Спенсэр Динвидди гэсэн нийтдээ найман тоглогч оролцсон юм.

Аваргын төлөө Лаури Марканэн болон Спенсэр Динвидди нар шалгарсан бөгөөд эцэст нь Брүүклин Нэтс багийн тоглогч Динвидди ялалт байгуулж 67 дахь удаагийн Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээны ялагч боллоо.

/Ур чадварын тэмцээны тойм бичлэг/


Харин холын зайн шидэлтийн тэмцээнд Табиас Харрис, Эриг Гордон, Кайл Ловри, Клай Томпсон, Уэйн Эллингтон, Паул Жорж, Дэвин Бүүкэр, Брэдлэе Билл  нар оролцсон юм.

/Эхний шатны холын зайн шидэлтын тойм бичлэг /


Нийт найман тоглогчоос эцсийн шатанд Табиас Харрис, Клай Томпсон, Дэвин Бүүкэр нарын дунд ширүүхэн өрсөлдөөн явагдаж 2016 оны аварга Клай Томпсон 25 оноо авсан ч хангалтгүй байлаа. Учир нь "Финикс Санс” багийн холбон тоглогч Дэвин Бүүкэр 28 оноо авч энэ жилийн холын зайн шидэлтийн аварга болсон юм.

/Аваргын төлөөх холын зайн шидэлтийн тойм бичлэг/


Хоёр дахь өдрийн сүүлийн тэмцээн болох "Slam Dunk” буюу цагирган дээрээс довтлох тэмцээн байв. Тус тэмцээнд Донован Митчелл, Виктор Оладипо, Дэннис Смит ЖР, Ларри Нэнс ЖР нар оролцсон. Оладипо "Хар ирвэс”-ийн баг зүүж, Ларри Нэнс ЖР 1984 онд аавынхаа хийж байсан үзүүлбэрийг дуурайж, Донован Митчелл 2000 оны Винс Картэрийн үзүүлбэрийг хийсэн гээд олон сонирхолтой үзүүлбэр дүүрэн байлаа.



Харин эцсийн шатанд Ларри Нэнс ЖР, Донован Митчелл нар шалгарч сонирхолтой үзүүлбэр, ширүүхэн өрсөлдөөн өрнөж Юта Жазз багийн тоглогч Донован Митчелл аварга авсан юм.

/"Slam Dunk" буюу цагирган дээрээс довтлох тэмцээны тойм бичлэг/


Сүүлийн өдөр: Бүх оддын тоглолт

Энэ жилийн 67 дахь удаагийн Бүх оддын тоглолт хамгийн ихээр хүлээлт үүсгээд байсан билээ.

Тоглолт эхнээсээ нягт хамгаалалттай байж, эцсийн мөчид шийдэгдсэн бөгөөд сагсан бөмбөг сонирхогчдод финалийн тоглолт мэт сэтгэгдэл төрүүлсэн. Тус тоглолтод Лэброны Жэймсийн баг 148:145 харьцаатайгаар Стэфийн багийг буулгаж авлаа. Багийн ахлагч Лэброн Жэймс 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдлээ. Энэ нь түүний карьерын гурав дах бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал юм.

Харин Стэфийн баг тоглолтыг сайн эхлүүлж эхний хагасыг 15 онооны тэргүүлэлтэй дуусгасан. Гэсэн хэдий ч Лэброны баг төгсгөлөө сайн хийж, эцсийн мөчид багаараа маш сайн хамгаалалт хийж Стэфэн Көррид шидэх зай өгөлгүй хамгаалсан нь Лэброн Жэймсийн хувилбар байсан гэдгийг сүүлд багийн дасгалжуулагч мэдэгдсэн билээ.

Лэброн Жэймс ийнхүү Оскар Робертсон, Майкл Жордан, Шакил О'Нил нарын эгнээнд нэгдэж байна. Харин Боб Пэтит Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор дөрвөн удаа нэрлэгдсэн амжилтаар лигийг тэргүүлдэг ажээ.

/Бүх оддын тоглолтын тойм бичлэг/


Ийнхүү  67 дахь удаагийн Бүх оддын тоглолт Лос Анжелес хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Бүх оддын тоглолтын дараа НБА-ийн комиссар Адам Силвер мэдээлэл хийсэн юм. Тус мэдээлэл нь энэ жилийн Бүх оддын тоглолт болон ирэх жилийн бүх оддын тоглолтын драфтын үйл ажиллаагаатай холбоотой мэдээлэл байлаа. Энэ жилийн Бүх оддын тоглолтын драфтын үйл ажиллагааг зурагтаар шууд дамжуулаагүй нь дэмжигчид болон тоглогчид сэтгэл дундуур байсан билээ. Тэгвэл Адам Силвер ирэх оны драфтыг зурагтаар шууд дамжуулах боломжтой гэдгээ мэдэгдлээ.

Ub.life.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!