21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна

🕔 2016/12/21 14:05

21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна

 

Цэлмэг трибл-дабль хийж, багаа ялалтад хүргэв

Баруун бүсийн Баянхонгор аймгийн "Баянхонгор Мазаалай” Хөвсгөл аймгийн "Хөвсгөл Нэг Үе”-тэй учраа таарав. Тоглолтын нэгдүгээр үед Хөвсгөл аймгаас Цэлмэг, Лхагвасүрэн нар сайн тоглож, улмаар тэд 10 оноогоор тэргүүлж эхэллээ. Гэвч хоёрдугаар үед Баянхонгорын Мөнхбаярын Даваадорж гэх залуу зогсоох тоглогч Хөвсгөлд байсангүй. Тэрбээр зөвхөн энэ үед ганцаараа 21 оноо авч гайхалтай тоглолт үзүүлэв. Ийнхүү онооны зөрүүг арилгаж Баянхонгорын давамгайлалтай эхний хагас өндөрөлсөн юм. Гуравдугаар үед Хөвсгөл аймгийн залуус багаараа жигд тоглосон бол Баянхонгорын хамгаалалт сул байлаа. Улмаар шийдвэрлэх үед Хөвсгөл аймгийн баг тоглолтын хэмнэлээ алдалгүй явсаар өрсөлдөгчөө 104:94-өөр буулган авлаа. Тэд ийнхүү улирлын тав дахь хожлоо байгуулж, плей-оффын байраа баталгаажуулсан юм. Тус тоглолтод Оюуныолдын Цэлмэг 16 оноо, 14 оновчтой дамжуулалт, 10 самбар авч трибль-дабль гүйцэтгэн багаа ялалтад хөтлөв. Мөн Тайванхүү 17, Г.Чинбат 13 оноо, 17 самбар авчээ. Баянхонгор аймгаас М.Даваадорж 21 оноо, Э.Ариунболд 18, Мөнхбат 16 оноо авав. Хөвсгөл багаараа 41 хувьтай довтолсон бол Баянхонгор ердөө 31 хувьтай довтолгооноо гүйцэтгэсэн аж.

Нэмэлт цаг сунгасан тулаанд "Дайчид” яллаа

Баруун бүсийн хүчирхэг хоёр баг болох Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид”, Ховд аймгийн "Ховд Алтайн Аргаль” хүч үзлээ. Тус тоглолтыг сагсан бөмбөг сонирхогчид хүсэн хүлээж байсан нь гарцаагүй. Мөн Архангай аймгийг багаа дэмжихээр Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнээ долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялаад буй Нямбаярын Төгсцогт хүрэлцэн ирсэн байлаа. Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд ирэх лхагва гаригт төрөлх нутгийнхаа төлөө тоглохоор болжээ. "Архангай Алтан Дорнодын Дайчид” баг солилцооны цонхоор Завхан аймгаас легионер тоглогч Роберт Тюрнерийг авсан аж. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Хоёр баг тэргүүллээ ээлжлэн солилцсоор шийдвэрлэх дөрөвдүгээр үе эхэллээ. Ховд аймгийн залуус тун нямбай энэ үеийг эхлүүлсэн бөгөөд улмаар есөн оноогоор илүү гарав. Гэвч Архангай аймгийн баг амархан буу өгөхийг хүссэнгүй. Талбай дээр жинхэнэ цусгүй тулаан өрнөж байлаа. ОУХМ Г.Баттөр хэрэгтэй үе алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, Роберт Тюрнэр тоглолтын төгсгөлд довтолгоогоо амжилттай болгон тоглолтын тооны харьцаа 96:96 болон тэнцлээ. Ийнхүү нэмэлт цаг сунгасан бөгөөд нэмэлт таван минутад архангайчууд бараг алдаа гаргасангүй. Тэд өрсөлдөгчөө 114:108-аар буулган авч, улирлын зургаа дахь хожлоо байгуулав. Тус тоглолтод Р.Тюрнэр 31 оноо, 19 самбар, 6 оновчтой дамжуулалт өглөө. Э.Дорж-Арилд 20, Г.Баттөр 15, О.Энхбаатар 13 оноо авав. Харин Ховд аймгаас Ц.Азбаяр 26 оноо, 10 оновчтой дамжуулалт, Болдбаатар 20 оноо, П.Болортулга 16 оноо, 12 самбар авлаа. Архангайчууд багаараа 76 самбар авсан бол Ховд 48 самбар авчээ. 

Д.Тамир

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!