ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:АРД ТҮМНИЙ ӨРИЙГ ТЭГЛЭХ ТАЛ ДЭЭР АНХААРЧ, САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, орон нутгийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Энэ нутаг нь дуу хуур, гүүний айраг, хонины махны амт, чанараараа улсдаа тэргүүлдэг ч аймгуудын өрсөлдөх чадварын индекс, тэр дундаа эдийн засгийн чадамж, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж зэрэг үзүүлэлтүүдээрээ бусад аймгуудаас сүүлд орсон байна. Мөн Дундговь аймгийн зарим сумдад шүлхий өвчин гарсан учраас амт чанартай гэдэг махны борлуулалт нь ойрын ирээдүйд буурч, малчдын орлого буурах эсэхэд малчин өрхүүд нь санаа зовж эхэлжээ.
Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт Төрийн тэргүүнийг иргэдтэй уулзах үеэр ч эдгээр асуудлыг иргэд олноор ярьж, Дундговь аймгийн цаашдын хөгжилд бусад аймгаас илүүтэй анхаарах ёстой гэж хэлж байлаа. Тухайлбал, Дундговь аймгийн иргэн Гантулга "Манай аймгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч аймгийн цаашдын хөгжилд онцгойлон анхаарах хэрэгтэй байх. Аймаг энэ чигээрээ байвал татан буугдаж магадгүй. Сүүлийн жилүүдэд гарч байгаа хөгжлийн бүх үзүүлэлт нь сөрөг, муу гарч байна. Бүтээн байгуулалт, урт хугацааны хөтөлбөрт хамрагдахгүй байна. Ялангуяа, УИХ-ын сонгуулиас хойш бүрэн эрхийнх нь хугацааны тал нь өнгөрчихөөд байхад аймагт ч нэг ч барилга, байшингийн суурь тавигдсангүй. Хоёрдугаарт, "Эрдэнэт” үйлдвэрийн асуудал сүүлийн үед яригдах боллоо. Нэг хүн барьцаанд тавьж зээл аваад, түүнд нь Засгийн газар батлан даалт гаргачихсан. Эдгээр ээдрээтэй асуудлуудыг шалгаж, хариуцлага тооцохгүй бол Монгол Улс хөгжинө гэж би итгэж, найдахгүй байна. Тиймээс шударга, төрийн тогтолцоог сайжруулах тал дээр та анхаарч өгнө үү” гэлээ.
Мөн Дундговь аймгийн иргэн Галбадрах "Би улсад 40 гаруй жил ажиллаж байна. Зах зээлд ороод 30-аад жил болж байна. Энэ хугацаанд эрх баригчдад хулхидуулж, итгэл алдарч байна. Залууст ажил олдохгүй, хөгшид нь тэтгэвэрт гарахгүй байх юм. Жирийн ард иргэдийн хүүхдүүдэд ажил олдохгүй байна. Бензин, тосны үнийг нэмлээ, болилоо л гээд байсан эцэстээ бага зэрэг нэмэгдсэн шүү. Та авлигатай тэмцэх, 60 тэрбумын асуудлыг ярьж байсан. Үүнийг ард түмэн хүлээсээр байгаа шүү. Одоо улс эх орноо хөгжүүлье, үйлдвэр баръя гэж байгааг тань дэмжиж байгаа. Үүнээс гадна хуулиа хэрэгжүүлэх, шударга ёс л үгүйлэгдэж байна” гэв.
Дундговь аймгийн иргэн Дэлгэрсуурь "Би нэг их нарийн, сайн ярьж чаддаггүй. Гэхдээ төрийн бодлого буруу явж байна гэж хувь хүний дүгнэлтийг хэлмээр байна. УИХ-ын чуулганыг зурагтаар харж байхад 76 гишүүн харагдахгүй байна. 30-аад хүн байдаг юм уу даа. Хажуу ойрынхоо саналыг дараад байх юм. Энэ нэг их зөв, сайхан зүйл биш байх шүү. УИХ, Засгийн газар чинь ард түмнийх биш намынх л болоод байх шиг санагдах юм. Ард түмэн гэдэг бол бүгдээрээ шахуу өртэй болчихлоо. Энэ өрнөөс гарна ч гэж байхгүй, улам л нэмэгдээд байна. Бидний амьдрал хүндэрсээр эмийн, талхны мөнгөө дийлэхгүй болж байна шүү. Энэ асуудалд анхаарал хандуулмаар байна” гэлээ.
Сайнцагаан сумын 2-р багийн малчин Буянтогтох өвөлжилт, шүлхий өвчний асуудлаар "Зарим сумдад өвчин гарч, шатахуун, тосоо их л холоос авах шаардлагатай болж байна. Бага малтайгаа зууралдаж байтал бодоо алдчихсан малчид манай аймагт олон бий. Говь руу уруудсан мал хээл хаяж, өвс тэжээлгүй байгаа. Бүх малчин зээлтэй, мал нь банкны барьцаанд байдаг. Хавар болохоор нэлээд хүндрэх шинжтэй, яахаа мэдэхгүй болох байх гэж санаа зовж байна” гэсэн юм.
Дундговь аймгийн иргэн "Дундговь аймаг мал, малчин хоёрынхоо хүчинд л идэх хоол, өмсөх хувцастай яваа. Тэд байхгүй бол төрийн захиргаа, үйлчилгээ хумигдаж, аж ахуйн нэгжүүд цөөрнө. Нүүдлийн мал, аж ахуй манай аймгийн эдийн засгийн гол тулгаар байдаг. Гэтэл мал, малчин руу чиглэсэн бодлого алга. Дундговь аймаг халуун зунаар цэцэг өвчиндөө баригдсан. Одоо шүлхий өвчиндөө баригдаад долоон сум шүлхийтэй байна. Гэвч, вакцин алга байна шүү. Мөн хөл хорионоос болж шатахууны нийлүүлэлт зогссон нь малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Манай аймгийн мах амт, чанараараа бренд болж, малын ууц Улаанбаатарт маш өргөн хүрээнд, үнэтэй зарагддаг байсан. Гэтэл өвчин гарчихлаа. Малын мах, түүхий эдийн бүтээгдэхүүний борлуулалт буурна. Энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, өгөөч гэж хүсмээр байна” гэв.
Харин Эрдэнэдалай сумын малын их эмч Дашбалдан "Бид мал, амьтнаа социалист нийгмийн үед 25 саяд хүргэх гээд чадаагүй. Одоо 70 сая дөхөж, бэлчээрийн даац алдагдаж байна. Малын хөлийн татвар авдаг байсан тогтолцоог эргээд сэргээх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхгүй бол малын чанар муудаж байна. Малын ноос, түүхий эдийн урамшууллыг ч гэсэн эргэж харахгүй бол үндэсний үйлдвэрт тушаах ноос ноолуурыг чинь Хятадууд аваад байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улс өрөнд ороогүй, эрх барьж байгаа хүмүүсийн ханаж чаддаггүй шуналаас л болж байгаа гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгч 60 тэрбумын асуудлыг шийдэж, оффшор дансанд байгаа мөнгийг оруулж ирэх хэрэгтэй” гэв.
Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Батбилэг "Монгол Улсад хариуцлага гэж зүйл байхгүй боллоо шүү. УИХ-ын индэр дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүнтэйгээ маргалдаж, нэгнээ "хулгайч” гэж дуудаж байна. Бүр "намын хөрөнгийг идсэн, нүүрсний хулгайч” гэж хоорондоо баримттай хэрэлдэж байна. Монголын ард түмэн бүгдээрээ сонсоод сууж байгаа шүү дээ. Гэтэл ямар ч хариуцлага алга. Мөн сая Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх гэж гаднаас 800 сая ам.доллар босгосон. Үлдсэн 300 сая ам.доллар нь хаана байгаа вэ, тэр мөнгөөр юу хийж байгаа юм бэ гэдэгт хяналт тавимаар байна” гэлээ. Харин нутгийн залуусын төлөөлөл Буянжаргал "Монгол залуу хүний үнэ цэнэ алга. Жилд 30 мянга орчим залуу гадаад руу явж байна. Монголд нь үлдээх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, оюутны үнэ цэнэ гэж байхгүй. Гуравдугаарт, монгол хүний үнэ цэнэ алга. Энэ гурван үнэ цэнийг дээшлүүлж өгөөч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлэв.
Харин уулзалтын төгсгөлд Төрийн тэргүүн "Ард иргэдийн хэлэх гэж хүсдэг, хаа хаанаа яригддаг асуудлууд Дундговь аймагт ч гэсэн яригдаж байна. Бид та бүхний дуу хоолойг УИХ, Засгийн газарт хүргэнэ. Та бүхэн өр зээл дарах асуудлыг сонирхож байна. Сонгуулийн үеэр АН хэрвээ намайг сонгогдох юм бол ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ. Миний тооцоолж байснаар оффшор бүст байгаа хөрөнгийг АТГ, прокурортой хамтраад оруулж ирэх, хоёрдугаарт, өдөр, шөнөгүй урд хөрш рүү байгалийн баялгаа гаргаж байгаа ч мөнгө нь орж ирэхгүй байгаад анхаарч, орлого нэмэгдүүлэх, гуравдугаарт, газрын доорх баялаг ард түмнийх. Энэ баялгийг Үндсэн хуульд заасны дагуу иргэддээ хуваарилаад ирэх юм бол иргэд өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой. Энэ талын хуулийн төслийг өргөн барихаар АН-ын УИХ-ын гишүүд ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина.
Дөрөв, дөрвөн жилээр УИХ, Засгийн газраар тоглоод байх юм бол Монгол Улс хөгжихгүй. Сүүлийн 20-аад жил толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж явсаар хамгийн баян улс мөртлөө, хамгийн ядуу иргэдтэй боллоо. Намчирхалаа зогсоож, бизнесийн том бодлого төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв. Төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол зэргийг нэг бүрчлэн судлан үзэж, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг байгуулж, холбогдох асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг иргэдэд хэлэв.