Би Монгол Улсын жирийн л нэг иргэн
Энэ улсын төрийн байгууллага надад үйлчлээсэй билээ гээд би энэ улсад татвар төлдөг, хожим нас өндөр болохоороо тэтгэвэр авна байх гэж нийгмийн даатгал төлдөг.
Юмыг яаж мэдэх вэ, өвдөж энэ тэр болбол гээд Эрүүл мэндийн даатгал бас төлдөг.
Татвараар минь төр санхүүжээд ямар нэгэн хэмжээгээр надад үйлчилдэг.
УИХ
нь миний бодсоноос өөр хууль батлах, Засгийн газар нь татварын мөнгийг
ашиггүй зүйлд зарцуулах, дунд тушаалын түшмэлүүд нь надад "томорч” хүнд
суртал гаргах, цагдаа нь намайг дарамтлах явдал байдаг ч одоо яана гэхэв
гээд амаа хамхиж тэсдэг.
Тэгээд ч миний хувьд төрөөс хамаарал багатай амьдардаг хүн.
За нийгмийн даатгалын тухайд 30, магадгүй 40 жил төлсөн мөнгөө ашиглана гэхэд тун эргэлзээтэй.
Монгол
хүний дундаж нас 65, за яахав одоо хамтын тэтгэврийн тухай хууль гарлаа
гээд ч нэг гэрийн хоёр 90 хүртэл насалж тэтгэвэр авна гэдэг юу л бол.
Тэр мөнгийг минь улс завшаад өнгөрнө биз.
Өөр нэг хамгийн уур хүрмээр зүйл бол Эрүүл мэндийн даатгал.
2002
оны 04 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-аар баталж дараа нь хэд хэдэн удаа
нэмэлт өөрчлөлт оруулсан энэ хуулиар бол би зүгээр л төрийн болоод
хувийн хэдэн эмнэлгийг санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч юм байна.
Түүнээс биш үйлчлүүлэгч огт биш.
Уг
нь бол аль ч байгууллага ивээн тэтгэгчээ хүндэлж харьцдаг бол манай
эрүүл мэндийн салбар надад харин ч бүр хатуу, харгис хандаад байдаг.
Тэд
зүгээр л монголын ард түмнээс авсан эрүүл мэндийн даатгалын мөнгөөр
санхүүжиж, цалинжиж, туйлж байгаагаас биш хөөрхий энэ нэг хүн даатгал
төлж биднийг санхүүжүүлдэг юм шүү гэж хэзээ хэн анхаарч харж үзэж байсан
бэ.
Чухамдаа УИХ-ын гишүүд, сайд дарга нар л үүний үр дүнг амсдаг мэддэг байх.
Саявтар даа миний нэг танил жаахан "яршиглаад” эмчид үзүүлтэл "Зүгээр зүгээр, дуслын тариа хэд хийлгэчих” гэж.
Хэлсэн
заасан тариаг нь аваад дүүргийнхээ эмнэлэгт очтол, өрхийн эмнэлэгтээ
хийлгэ гээд, үгүй бол 3000 төгрөг төлөөд хийлгэ гэж айлдаж гэнэ.
Уг нь миний нөхрийн Эрүүл мэндийн даатгалд 10 гаруй жил төлсөн мөнгө бол нэг байтугай тариа хийлгэчихээр мөнгө гарна л даа.
Монгол
Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн долдугаар зүйлийн 8-д уг нь
"Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж,
үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт
хамруулж урамшуулах бөгөөд журмыг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
батална” гэсэн нэг заалт байх юм.
Манай эрх баригчид Хуулийн энэ заалтыг хэрэгжиж гэж бодож байгаа бол ёстой харагдаач.
Үүнийг хэн тооцож байгаа юм.
Харин ч эмч, эрх баригчид үүнийг нь тооцож байгаад хамаатан садан, найз нөхөддөө энэ хөнгөлөлтийг нь үзүүлдэг л байх.
Үүнийг
бичигч би л гэхэд Эрүүл мэндийн даатгалыг яс төлж ирсэн атлаа нэг ч
удаа юун үзлэг оношилгоо, ганцхан удаа нүдэнд жаахан цус хураад байхаар
нь үзүүлэхдээ мөнгө төлсөн билээ.
За
тэгээд улсын эмнэлэгт очиход ЭМД-ынх нь өнөө муу цэнхэр дэвтрээ заавал
нэхнэ, нэхээд байгаа атлаа төлбөрөө огт хасахгүй, нимгэлэхгүй.
Юунд
хэрэгтэй байдаг юм, тэр дэвтрээ харж таашаал авдаг юм уу, энэ дэвтрээр
төлбөрийг чинь нимгэлж байгаа шүү гэж өвчтөнийг хуурч байгаа юм уу.
За хувийн эмнэлгүүд ч гэсэн уг нь ЭМД-ын зохих хувийг авч санхүүждэг.
Тэгсэн
атлаа хэн нэгэн үзүүлэх, эмчлүүлэх гээд очвол төлбөрөө яг таг бүрэн
бүтнээр нь, хаалгаар нь оронгуут л авч байж санаа амарна.
Тэгэхгүй бол өшиглөөд л гаргана. Улсын эмнэлгүүд ч ялгаагүй, мөнгөгүй хүнийг бол хөөгөөд л гаргана.
Монгол
Улсын өнөө мөрдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн
долдугаар зүйлийн 5-д "Даатгуулагч аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт
эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авах тохиолдолд харьяалал
харгалзахгүй үйлчлүүлнэ” гэсэн заалт байх юм.
Ёстой
харагдаач....... өөр дүүргийн байтугай, өөрийнхөө дүүргийн эмнэлэгт
очиход мөнгө нэхээд байхгүй бол хөөгөөд гаргадаг биш үү.
Энэ бүхнээс болоод төрийн эмнэлэг энэ тэрээс илүүтэй би найз эмчдээ илүү найддаг болсон.
Түргэн тусламж дуудаад ирдэггүй бол тэдэн рүүгээ утасдахад өглөө орой, өвөл зун гэлгүй хүрээд л ирдэг юм.
Гэрт нь хүрч очоод үзүүлье гэвэл хөөж туугаад загнаж зандраад байхгүй.
Мөнгө
нэхэхгүй. Харин ч "Наашаа суу, за яагаад байна” гээд ярьж хөөрөөд,
асууж сураад инээж хөхөрч байгаа үзээд зөвлөгөө өгөөд, эм тан бичээд
өгнө.
Би л хувьдаа Эрүүл мэндийн даатгал гээд энэ төрд завшуулж байгаа тэр мөнгөө найз эмчдээ өгч байя гэж боддог боллоо.
Хөөрхийг
би өвөл зунгүй, өдөр шөнөгүй хэрэгтэй цагтаа "Хүүе нэг хүрээд ирээч,
хүүхэд ингээд байна. Наана цаана” гэж байсхийгээд л дууддаг.
Ирэх бүрийд нь аягалж өгдөг цай, оройхон бол хааяа гаргадаг ганц шил дарснаас хэтэрч байсан биш.
Их л сайндаа баяраар хэдэн чихэр өгдөг шүү дээ.
Гэтэл би цалин бүрээсээ хэдэн төгрөг өгөөд байгаа хэрнээ очих бүрийдээ мөнгө төлдөг улс, хувийн эмнэлэгт биш найз эмчээ шүтье.
Тэгэхээр
би энэ төрийн эмнэлгүүд, хувийн эмнэлгүүдийг ивээн тэтгэж өгөөд байгаа
мөнгөө түүндээ өгч байя гээд байгаа юм. Хөөрхий ядахнаа намайг дуудахад
манай руу ирэхдээ автобусанд сууж байг.
Миний Улсад,
Эрүүл мэндийн даатгал гээд төлөөд байгаа мөнгөөр улстөрчид хавартаа
ядаргаагаа тайлах гэж 10, 20 хоногоор хэвтэж тухлаад байдгийг би бас
гадарлана.
Таньдаг түшээ рүүгээ утасдахад "эмнэлэгт хэвтэж байна. Ядаргаагаа тайлах гээд...”гэж байсан хүнийг санаж л байна.
Энэ
бүхнийг бичихэд төрийн сайд дарга нар, улсын эмнэлгийн эмч нар "Энэ муу
үхлийн хүнд өвчин тусаад нарийн мэргэжлийн туслалцаа хэрэгтэй
болохоороо наашаа хандахгүй яадаг юм” гэж дотроо тавлаж байгааг мэдэж л
байна л даа, Гэхдээ тэр болтол хаа ч юм.
Тийм боллоо ч энэ төрийн эмнэлгүүд надаас хэдэн сая доллар нэхдэгээ л нэхнэ.
Өнөөх Эрүүл мэндийн даатгалыг минь авч авчихаад тэр цагт хэдэн сая доллар нэхэх бол.
Тэгэхээр монголчууд минь барууны орнуудын жишгээр өөрийгөө, гэр бүлээ хувийн нэг эмчид даатгаж суръя.
Тэгээд түүндээ зохих хөлсийг нь өгөөд эрүүл мэндийн зөвлөгөө аваад урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалж суръя.
Яахав,
үйлийн үрээр хүнд өвчин тусахын цагт энэ эмнэлгүүд тэртэй тэргүй
халаасыг минь байтугай, гэр орныг минь нэгмөсөн цөлмөнө л дөө.
Эх сурвалж: www.assa.mn