Тэнгэр аргадаж, нутгийнхныг царайлчилсан нүүдлийнхэн
Нутгийн хэдэн ханагартайгаа тааралдав. Зуншлага, газрын гарц, аж амьдрал гээд юм юмны захаас хөөрөлдөж хэсэг сууцгаалаа. Энэ жил хур бороо оройтож гандуу гундуу байгаа аж. Харин аймгийн хойт талын ганц хоёр сумын нутаг хаврын цасны чийгээр эрт ногоо иджээ. Нялх ногооны сургаар хол ойрын малчид ёстой л хаяа багтахаараа бууж, хамар багтахаараа идээд дуусгаж. Өмнөговь аймгийн урд талын сумдын зарим малчид ингэж хойшоо чиглэсэн нүүдэл хийж хэдэн зуун км газрыг туулж, зарим нь бүр Өвөрхангайн нутаг руу орж иржээ. Гэвч оторчдыг хажиглаж зожиглоод хэцүү байна гэнэ. Азаар говь бороо хуртай золгож, бурантагны үзүүр нутгийн зүг эргэж байгаа гэв.
Тэнгэрийн араншин, малын ая дагаж нутаг уснаасаа алслагдсан малчид нэг хэсэгтээ л засаг захиргааны харъяалалгүй шахуу болсон гэж байв. Малчдын ярих нь "Нүүж суух ч яамай, хэзээнээсээ хийсээр ирсэн ажил. Хамгийн хэцүү юм нь нүүж очсон газраасаа хөөгдөж туугдах, ад үзэгдэх” хэмээн ярьж билээ.
Малчин заяа гэдэг амаргүй. Ихэнхдээ малын аяс, тэнгэрийн аашаар хамхуул лугаа хэрэн нүүдэллэж явдаг хүмүүс. Хэдэн жилийн өмнө Дундговийн нутгаар жил дараалсан ган болж билээ. Аргагүйн эрхэнд бэлчээр хөөн гарсан малчдын зарим нь хойшоо Булган, Сэлэнгийн нутаг хүрчээ. Бэлчээр ус хөөн нүүдэллэсэн энэ хэдэн жил хүн мал ялгаагүй ядарч зүдэрч, нутаг усаа ихэд санажээ. Нүүдлийн үзүүр Төв аймгийн нутгийг нэвт туулж, хойшоо Цээл хүрч тэндээсээ Сэлэнгийн Орхонтуул орчмоор хоёр жил нутаглажээ.
Тэнгэрийн араншин, малын ая дагаж нутаг уснаасаа алслагдсан малчид нэг хэсэгтээ л засаг захиргааны харъяалалгүй шахуу болсон гэж байв. Малчдын ярих нь "Нүүж суух ч яамай, хэзээнээсээ хийсээр ирсэн ажил. Хамгийн хэцүү юм нь нүүж очсон газраасаа хөөгдөж туугдах, ад үзэгдэх” хэмээн ярьж билээ. Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг л юм болдог гэнэ. Нутгийнхан өөр аймаг сумын нүүдэлчдээс бэлчээр усаа харамлаж, айл мал хоёрыг ад үзэж, шороо цацах нь холгүй болдог юм байх.
Танихгүй нутгийн дарга даамлууд нь торгууль төлбөр нэхээд, малчид "өргөл барьц” шаарддаг болсон гэж байна. Худаг дээр байгаа малыг нь хөөгөөд гаргачихдаг, монгол хүний жудаг журам гэдэг юм байхгүй болж байгаа юм байх.
Нутгийнхны ааш араншинг аргадаж, үүрийн гэгээ, үдшийн бүрийгээр худаг дээр очиж малаа усалдаг гээд бодохоор хүндхэн байдаг юм шиг байна билээ. Тэгж нүдэнд орсон өргөс шиг ад үзэгдэж, нэгээс нөгөөг дамжин нүүдэлсээр зарим нэг нь Сэлэнгийн Орхонтуулд ирж, тэндхийн харъяат болжээ. Үнэндээ тэнд данстайгаас цаашгүй, хөөгдөж туугдахгүй гэсэндээ л тэр. Нутаг ус нь дандаа энэ зуных шиг өнөтэй өнгөтэй байвал эргээд ирмээр байдаг, гэтэл байгалийн араншин гэдэг барьцгүй. Ахиад гандаж гундвал Орхонтуулын харъяалал нь хэрэг болно. Танилууд маань нэг иймэрхүү бэрхшээл зовлон ярьж байсан сан. Харин тэр цагаас хойш тэнгэр ивээж Дундговийн малчид нүүдлийн хүнд хэцүүг умартах дээрээ тулаад байна.
Тус аймгийн хойт хэдэн сум Дэрэн, Дэлгэрцогтын малчид хэзээнээс Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүлийнхэнтэй айл саахалт нутагласаар ирсэн ард түмэн. Харин одоо бэлчээр усны хил дээс нарийсч, танай манай нутаг гэсэн чанга хуваарилалттай болсон нь зааг нутгийнханд бүр ч төвөг учруулдаг болжээ.
Энэ асуудлаар нутгийнхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд ч санал бодлоо илэрхийлж байна. Тухайлбал, Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн Н.Лхагваа "Сүүлийн үед сумд хооронд газрын маргаан их гарах боллоо. Энэ нь нүүдэлчин бидэнд нэлээд төвөгтэй болж эхэлж байна. Хил залгаа аймаг, сумдад энэ төрлийн маргаан их гарч байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр хэлжээ.
Ер нь иймэрхүү бэрхшээл ганц Дундговийн малчдад тохиолдож байгаа биш юм. Хэдэн жилийн өмнө ус бэлчээрээ булаалцалдсан нутгийн хоёр буу шийдэмдээ хүрч байсан гашуун түүх бий. Энэ бол хөдөөгийн хүндхэн асуудлын нэг. Өмнөговийн гурван суманд гэхэд бэлчээрийн хүрэлцээ даацаас шалтгаалан малчин өрхийн тоо толгой 56 хувиар буурсан гэх тоо баримт байна.
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжснээр малын тоо толгой 80 сая шахам болтлоо өссөн. Энэ нь мэдээж бэлчээрийн даацад нөлөөлж байгаа. Малын тоо толгойтой зэрэгцэн цөлжилт эрчимтэй явагдаж байна. "Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутаг” маань олон хүчин зүйлийн улмаас хомсдсоор байна.
Энэ бүхний цаана тоо толгойг шүтсэн эрчимтэй бус нүүдлийн мал аж ахуй өөрөө асуудал болчихоод байгаа нь энэ мэтээр илэрч байгаа юм. Ийм янзаараа бол эцэстээ бэлчээр ч үгүй, мал ч хоцорч мэдэх юм.
Бэлчээрийн гуйлгын шалтгааныг харах өөр нэг өнцөг бол засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн хуваарилалтын тухай байж таарна. Өнөөгийн байдлаар Монгол улс 21 аймаг, 330 сумтай. Жалга довны үзлийг сөрөн байж хаяа хаяагаа дэрлэх сумдыг нэгтгэх, цөөлөх ажлыг зоригтой эхлүүлмээр байна. Нэг усныхныг ийн засаг захиргааны нэгжээр олон хэсэгт таслан хуваасан нь бэлчээрийн "дайн”-ы бас нэг сэдэл болж байгаа юм. Хэрэв уламжлал талаас нь харвал дөрвөн аймаг 150 орчим хошуутай байсан гэх юм билээ. Тэгэхээр одооны энэ сум гэсэн тархай бутархай нэгжүүдийн тоо толгойг нь цөөлж газар нутгийг нь тэлээд өгвөл бэлчээр ус талаасаа шинэ боломж бий болно хэмээн төсөөлөгдөж байгаа юм.
М.Нэргүй