SOS:Монгол орны нийт нутгийн 76,8 хувь цөлжилтөд идэгдэж, газрын доройтолд оржээ

🕔 2017/06/13 09:08

SOS:Монгол орны нийт нутгийн 76,8 хувь цөлжилтөд идэгдэж, газрын доройтолд оржээ

 

Хүн төрлөхтөн байгаль эх дэлхийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж, байгаль дэлхийтэйгээ буруу харьцсаны гороо амсч эхэллээ.

Зуны тэргүүн сар гарсан энэ үед нар ногоо гарч, хур бороо тэгширч, цагаан идээ дэлгэрсэн сайхан цаг байдаг даа. Гэтэл өнөөдрийг хүртэл хур бороо ороогүйгээс болж хуйсганасан улаан салхи шороотой, газрын өнгө гэж гандуу цаанаа л нэг гамшиг нүүрлэсэн мэт харагдана. Зуны тэргүүн сар гараад л бол айлууд зусландаа гарч, тараг сүүндээ цадаж цагаагаа дэлгэсэн байдаг. Гэтэл энэ жил зусландаа гарсан ч хар цай аяглах айлуудтай олон таарлаа. Бүр энэ жил тараг, сүү идэж чадахгүй байх вий гэсэн халаглал эмзэглэл ч байгааг малчид нуугаагүй юм. Зарим газарт галан галав юүлэхэд ч бэлэн байгааг дуулгахад илүүдэхгүй болов уу.

Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн хэдэн сумдын хөдөөгүүр явлаа. Малчид үйлээ үзэж, үгээ барж байна. Тэд "Цаг үнэхээр хэцүү байна. Ногоо цагаагүйгээс болж мал хуй дордож, зарим сумдад малдаа тэнхээ оруулах тариа тариулж сэхэж байна. Ийм хүнд байдалд байхад улс орноо хэдэн малчдыг бодож үүл буудаж зориудаар бороо оруулаасай” хэмээн халаглаж сууна. Хэт халуун уур амьсгалаас болж ой хээрийн түймэр ч их гарч, хачигт халдварын өвчлөл ч гаарлаа. Уг нь бороо сайн орвол ногоо ургахаас гадна ой хээрийн түймэр багасч, хачигт халдвар ч дарагдах боломжтой юм.

Сүүлийн үед Монгол оронд дэлхийн дулаарлын уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй мэдэгдэж байна. Ганц жишээ хэлэхэд, Монгол оронд болж байгаа уур амьсгалын дулаарал дэлхий нийтэд явагдаж байгаа дулааралаас 3 дахин хурдтай явагдаж байна. Дээр нь Монгол орны нийт нутгийн 76,8 хувь нь цөлжилтөд идэгджээ. Сүүлийн 15 жилийн байдлаар цөлжилт болон газрын доройтол эрчимтэй ажиглагдаж эхэлсэн гэдгийг албаныхан онцолж байна.

БОАЖЯ-наас Монгол орны байгаль орчны талаарх сүүлийн 30 жилийн мэдээ тоо баримтыг нэгтгэсэн тайланг  гаргажээ. Үүнд хөрс, шороо, ус, агаар, амьтан ургамал бүгдийг багтаасан энэ тайлан Монголын байгаль орчин өнөөдөр яг ямар байдалтай байгааг бүх талаас нь нарийвчлан харуулж оношилсон байгаа юм. Гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэлээ гэсэн мэдээлэл гарсаар байгаа. Тэгвэл өдгөө дэлхий нийтийн тэр дундаа Азийн орнуудын хамгийн том аюулын нэгд зүй ёсоор тооцогдож буй цөлжилтийн судалгаа яах аргагүй анхаарал татлаа. Нийт нутгийн 76,8 хувь цөлжилтөд идэгдэж, газрын доройтолд орсон гэхээр аюултай өндөр хувиар аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг илтгэнэ. Үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 22.9 хувийг эзэлж байна.  

Уг тайлангаар цөлжилт үүсэх шалтгаан нөхцөл юу байгаа талаар судлаад үзэхээр 49 хувь нь хүний буруутай үйлдлээс болсон бол 51 хувь нь байгалийн өөрийнх нь жам ёсны буюу дулааралын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж тооцож байгаа ажээ.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авч үзвэл, цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд Говьсүмбэр 62,2 хувь, Дорнодын 43,5 хувь, Дархан-Уул 31,7 хувь, Сүхбаатар 31,1, Дундговийн 27,9 хувь, Дорноговийн 21,9, Өмнөговийн 17, 5 хувь хамрагдаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Малын тоо, бэлчээрийн талхалдалт цөлжилт үүсэх шалтгаан болж байна

Цөлжилт үүссэн шалтгаан нөхцөл, сөрөг нөлөөллийг судлаад үзэхээр 1-дүгээрт бэлчээрийн талхалдалт байна. Хуучин мал сүрэг дөрвөн улиралаа сэлгэж бэлчээрлээд бусдад нь ногоо нөхөж ургах боломжийг олгодог байсан. Өнөөдөр бол хуучныхаа хэмжээгээр нөхөн сэргэх, сэлгэж бэлчээрлэх боломж алга.  Яагаад гэвэл мал сүргийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Тухайлбал, Монголын малын  тоо хуучин 25 мянган сая тоо толгойгоос хэтэрдэггүй байсан бол одоо 65 сая толгой гараад хол явчихлаа. Тэр хэмжээний нөлөөлдөг бэлчээрийн даац хоёр дахин нэмэгдчихээр ямар байх уу. Энэ мэтчилэн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн явцад манай монголчуудын байгаль руугаа хандсан хандалт өөрчлөгдөж эхэлсэн байна.

2-дугаарт малчид хуучин цаг үе шиг отор нүүдэл хийхээ больжээ. Зуны гурван сард 20 удаа нүүлээ гэж ярьдаг малчид өнөөдөр алга. Нэг газраа удаан сууж, мал сүргээ идээшлүүлэх нь тэр газар нутгийг жилээс жилд нөхөх сэргэх боломжийг нь хязгаарлачихаад байна гэсэн үг юм.

Дээр үеийн ахмад, настай буурлууд "Биднийг бага байхад тугал хэвтэхэд харагддаггүй байсан газар одоо хаячихсан уурга харагддаг болжээ” гэж халаглан ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүний үйл ажиллагаа болон байгалийн юмс үзэгдлээр цөлжилт их хэмжээгээр явагдаад байна гэсэн үг. Малын бэлчээрийн даац, төрөл зүйлийн хэмжээ өөрчлөгдөөд байна. Тэгэхээр бэлчээрийн малынхаа байдлыг арай өөрөөр өөрчлөх цаг иржээ. Тэгэхээс өөр арга байхгүй. Хэрвээ энэхүү байдлаараа явах юм бол бид нар болон хойч үеийн малчид 20 жилийн дараа ямар болох вэ гэдгийг бодохоос өөр гарцгүй. Нөгөөтэйгүүр бид малчдынхаа нүүрийг хараад шулуухан "Малынхаа тоо толгойг багасга” гэж хэлэх зүрх зоригтой байх хэрэгтэй шүү. Үнэнийг хэлэхэд хэтийн бодит байдал дээрээ "Та 20 жилийн дараа энэ газар нутаг дээрээ өнөөдрийнх шигээ байж чадахгүй шүү” гэдгийг хатуухан хэлчих ёстой юм.

Хариуцлагагүй уул уурхай ч цөлжилтийн эх үүсвэр болж байна

Дээр хүний буруутай үйл ажиллагаанаас болж цөлжилт явагдаж байна гэж дурдсан даа. Тэгвэл 2015 оны байдлаар 112.7 сая га бэлчээрийн долоон хувь нь нэн хүчтэй талхлагдалд, 63 хувь нь хүчтэй талхлагдалд өртөж, ургац 20-30 хувиар буурсан бөгөөд нийт 1683121 га бэлчээрт хөнөөлт мэрэгч, шавж голомтлон тархсан байна. Үүнээс гадна хариуцлагагүй уул уурхай ч бас цөлжилтөд хүргэж байна. Тодруулбал, 2016 оны байдлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 4200 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигджээ. Говь, хээрийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд загийг их хэмжээгээр ашигласантай холбоотой 125.0 мянган га газрын заг, бут сөөг бүрэн устсан аж. 2016 онд 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн нь энэ хэмжээний газрын хөрс доройтож үлдсэнийг хэлж буй юм. Мөн 1.2 сая га тариалангийн талбайн 548.7 мян га нь атаршсан хэвээр байна.

Цөлжилтийн эсрэг юу хийх ёстой вэ?

БОАЖ-ын сайд Б.Оюунхорол нээлттэй хаалганы өдөрлөгөөр байгаль эх дэлхийнхээ эсрэг хүмүүс өөрсдөө сүйтгэж байна. Эх болсон байгалиа хайрлаж хамгаалахыг мэдэхгүй байгаа талаараа онцолсон юм.

Тэрбээр "Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь цөлжилт хуурайшилтад тодорхой хэмжээгээр нөлөөлж, байгаль орчны доройтол, тэнцвэр алдагдаж байна. Тиймээс энэ бүхний эсрэг иргэн бүрийн оролцоо сэтгэл хэрэгтэй байгаа юм. Хүн бүхэн эх дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдраасай гэсэн уриалгыг гаргаж, улс өнцөг булан бүрт дамжуулж байна. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хамгийн хүчтэй явагдаж байгаа жишээ бол нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэх хандлагатай болсон. Энэ нь олон зүйлээс шалтгаалж байгаа. 1-дүгээрт уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагааны үүдэлтэйгээр газрын доройтол, газар их хэмжээгээр эвдэрч сүйдэж цөлжилтөд идэгдсэн. 2-дугаарт малын тоо маш их хэмжээгээр өссөн. Энэ хэмжээгээрээ гол мөрөн хатаж ширгэж байгаа. Уур амьсгал, цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ бол хамгийн түрүүнд мод тарих ёстой. Иргэн бүрэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахаар гар бие оролцохын тулд нэг хүн 36 ширхэг модыг тарьж чадах юм бол энэ хуурайшилт, цөлжилтийн нөлөөлөлөөс гарч чадна гэж үзэж байгаа. Тиймээс иргэн бүр дор бүрнээ мод тарьж ургуулах ёстой” гэлээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!