Аавын зориг...
Тухайн үед ээжийн минь ээж, бидний эмээ 80 шахсан настай ч насаараа хөдөө амьдарсан хүний аливаад сониуч, заримдаа бүр хүүхэд шиг загнадаг инээд алдсан намхан бор эмээ минь бидэнтэй хамт амьдардаг байлаа. Эмээ хааяа л нэг ихэд сонирхсон зүйлээ лавлан асууж, хойноос даган шалгаах боловч ихэнхдээ л хашааны гадаа бөмбөг элдэн ухаан жолоогүй гүйлдэж байгаа хүүхдүүдийн хөлөөр боссон тоосыг саравчлан харж, шүдгүй амаа гараараа халхлан инээд алдаж суудагсан. Өвлийн дунд сарын нэгэн тунгалаг жавартай өглөө хэзээний хийж дадсан ажил болох унааны ганц морио арайхийн эмээллэж унаад гурван үхрээ тууж аваад хашаанаасаа гарахаас өмнө нэгэн золгүй ч гэмээр, сэтгэл цочирдуулсан үйл явдал болсон юмдаг. Хөвөнтэй куртик өмсөж памбагар цагаан эсгий гутал жийсэн аав маань малынхаа хашаанд үхэр тугалаа янзлан унааны ганц моринд тохом тохож явах нь харагдсан. Гэтэл тун ч удалгүй дараа жил тогоо тосолж хэдэн хүүхэддээ өвлийн идэш хийнэ гэж хамар хашааны өвгөнтэй ярилцаж байхыг нь сонссон том шарын эвэрнээс уясан уяаг тайлах гэтэл тооно тушсан уяа нь аавын долоовор хуруунд орооцолдож, түүнээсээ үргэж цочсон том шар байдгаараа цахалж, эврээ сэжин цовхчиж гардаг юм. Байшингийнхаа хаалган дээр малын хашаанд болж байгаа гэнэтийн цочмог үйл явдлыг харсан би "Батаа, Төрөө ахаа аав сүйд боллоо” хэмээн хашхиртал ах нар ч байшингаас дүүлээд л гарч ирцгээсэн. Бид данхайсан том шарын эвэрт долоовор хуруугаараа дүүжлэгдсэн аавынхаа тал талд нь гарч орилж хашхиран гүйлдэвч ямар олигтой тус үзүүлж чадах вэ дээ. Тэгтэл аав гэнэтхэн шарынхаа нэг эврээс хүчлэн татаж уяаны үзүүрт орооцолдсон хуруугаа маш хүчтэй шувтран татсан юм. Тэрхэн үед аавынхаа царайг харвал хүрлийтэл улайчихсан, мяндсан утсанд тас татуулсан хурууныхаа өвчинд үнэхээр их шаналсан харагдаж билээ. Гэхдээ л аав минь цус нь тогтохгүй урсах долоовор хуруугаа нөгөө гараараа дарж "Миний хүүхдүүд аавынхаа тасарсан хурууг энэ хавиас олоотох. Оршуулахгүй бол болдоггүй юм гэнэ билээ” гэсэнсэн. Бид гурав ч бөгтөгнөн эрсээр шороо тоос, өвс энэ тэр наалдаж харласан хурууг нь олж өгвөл "Батаа Түвшин хоёр малаа туугаад яв. Төрөө хашааны буланд жаахан нүх ухаатах” гэж билээ. Арай бага шиг бид хоёр саяхан болсон айхтар зүйлд ихэд эмзэглэн аавынхаа царайг нэг харж, аавыг минь эрэмдэг болгосон том шараа байдаг чадлаараа ташуурдсаар хашаанаас гарч билээ. Аавынхаа цус нь урссан хурууг бодох тусам өвлийн жавартай өглөө ихэд цатгалдан уур савсуулж яваа том шаранд уур хүрч байдгаар нь элдэж хөөсөөр гол дээр очиж билээ.
Малаа усалчихаад аавдаа санаа зовсоор ирвэл ажил руугаа яарсан аав маань муухан мишээчихсэн "Малынхаа хороог сайн цэвэрлээрэй. Өдөр аав нь ирж хоол иднэ шүү” гэчихээд нуруугаа үүрсээр хашааны булан тойрч билээ. Арав хүрэхгүй минутад малын хашаанд тоос манаруулсаар болоод өнгөрсөн дээрх явдал өнөөдөр ч санаанд тодхон байдаг юм. Тухайн үед өнөөдрийн миний настай ойролцоо байсан аавынхаа зориг, тухайн үед гаргасан түргэн цочмог шийдвэрийг нь бодох тусам аавын нөмөр, эр зориг гэдэг аргагүй л уул шиг сүрлэг, хүчтэй байдаг юм байна гэж бодогддог доо.
Магадгүй өнөөдөр тухайн үед аавтай минь тохиолдсон шиг зүйл надтай учирсан бол тийм түргэн хугацаанд гэнэтийн зоригтой шийдвэр гаргаж, мяндсан утсаар хуруугаа тас огтлож яагаад ч чадахгүй байх гэж боддог. Олон жил өнгөрсөн ч аавынхаа сэтгэлийн тэвчээр, эр зориг шалгасан тэрхүү үйлдлийг санан дурссаар л явдаг. Харин аавын минь хурууг мухарласан дүүхэлзсэн том шар ах дүү найман амыг хөдөлгөж нэгэн өвөл гэдэс цатгалан явуулсан нь тодорхой. Эцэг хүний ханхайсан сайхан нөмөр, үр хүүхдээ гэсэн халуун сэтгэлийг чухам юутай ч зүйрлэх билээ дээ.