Сонголтгүй сонголт
Хуулиар олгогдсон эрхүүдийн нэг нь сонгох, сонгогдох. Насанд хүрсэн хүн бүхэнд нээлттэй энэ эрхийг сонгогдох хүсэлтэй хүмүүс нь чамгүй сайн эдэлж буй. Харин иргэдийн сонгох эрхэнд сонголт байхгүй нь зөрчил гэж томруулж болохгүй ч бодох л асуудал.
Товчхондоо бол сонголтондоо тууштай хандах боломж хомс. Өнгөрсөн жилүүдэд төрийг барьсан МЗХ-ны нэрлээд буйгаар хулгайч нарыг дахин сонгох уу. Эсвэл хэний ч танихгүй мэдэхгүй шинэковуудад саналаа өгч, азаа турших уу. Бүр эсвэл дуучин, бөх зэрэг урлаг, спортынхонд саналаа өгч шоудах уу. Ингээд бодохоор төрийг төлөөлөл сонголтод маань ямар ч сонголт байхгүй. Товчхондоо энэ удаагийн сонгуульд судар харахгүй нэрийг нь дугуйлах "Төрийн хар хүн” алга.
Энэ нь нэг талаар сонгогдох эрхээ эдэлж буйн сонгодог жишээ. Нөгөө талаар манай улсын парламент хэтэрхий намхан босготой байгаагийн илрэл. Эрхээ эдэлж байгаа нэрээр хүссэн, сонирхсон бүхэн нь парламентын танхимд суух гэж зүтгэх нь төр чадамжгүй болохын л цондон.
Энэ удаагийн сонгуульд нам, эвслүүдээс нэр дэвшиж буй хүмүүсийг өнгөцхөн сонжиж үзье. Эрх баригч АН-ын хувьд хоёрдугаар ээлжийнхэн гэж байхгүй бололтой. Өнгөрсөн хугацаанд бялуу идсэн нөхөд энэ удаа ч дахин амтлахаар шийджээ, ихэнх нь хууччуул. Цөөн хэдэн шинэков нь олимпийн аварга Н.Түвшинбаяр, дуучин Г.Эрдэнэтунгалаг нарын үл мэдэгчид. Улс төрд бол тэд "Үл мэдэх цэцэгхэн хотхонд” л гэсэн үг. Харин нэр дэвшүүлж буй намд нь пиардах шаардлагагүй олны танил хүмүүс. Н.Түвшинбаяр аваргаар гэхэд Х.Баттулга нүүрээ тахалж байна. Идэж уусан, эх орноо худалдах гэсэн, төмөр замыг гацаасан зэргээр сайнаас илүү мууд "идэгдсэн” түүнд олимпийн аваргыг дагуулаад явах нь үнэгүй дагалддаг урамшуулал л гэсэн үг.
Харин МАН-ын хувьд арай дөнгүүр. Ядаж л шинэ хүмүүсээ оруулж, халаагаа бэлдэж буй нь зөв алхам. Нийслэлийн хурлаас эхлээд УИХ-д МАН-ыг төлөөлөхөөр зүтгэж байгаа хүмүүсийн ихэнх нь шинэ залуус. Эерэг талаас нь харвал МАН боловсон хүчний нөөц сайтайгаа харуулж, дараагийн үеэ туршлагажуулж байна. Харин улс төрийн өнцгөөс нь харвал МАН-ын шинэковууд бүдрэх магадлалтай. Нийслэлд л гэхэд дахин дөрвөн жил цэнхэртэх магадлал өндөр харагдаж буй.
Өлсгөлөн зарлаж, төрийн эрхийг авахыг санаархсан гэх нэр зүүгээд буй МАХН-д бол ёстой сонголт үгүй. Зарим нэр дэвшигчийг нь харвал сонгох эрхийг маань гутаан доромжлоод ч байгаа юм шиг. Хаана, юугаа хийж яваад үсрээд орсон гэмээр л үл мэдэгчид. МАХН-ынхан З.Баянсэлэнгэдээ л найдах байх даа.
Энэ удаагийн сонгуульд цахиур хагална хэмээн битүүхэн мөрөөдөж яваа толгойлогч нарын нэг нь Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга. Монголын ногоон намтай хамтран Нэгдмэл Монгол эвслийг байгуулж, нийслэлийн парламентаас эхлээд УИХ-д төлөөллөө суулгахаар оройхон гарч, ширүүхэн дайрч буй. Өөрөөс өөр танигдсан хүн бараг байхгүй. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг олны танил нэр нүүрийг нь ашиглахаар Дархан-Уул аймагт сойгоод буй. Г.Уянгыг хэр сайн удирдагч гэдгийг энэ сонгууль түвэггүйхэн харуулна.
Нэр дэвшигчид тодордгоороо тодорч, бид ч дугуйлдгаараа дугуйлна. Нэг талаар сонгох эрхтэй ч нөгөө талаар иргэний үүргээ биелүүлж, сонголтоо хийнэ. Харин сонголт маань өмнөх хулгайчууд уу. Аргагүйн эрхэнд дугуйлсан азтай шинэков уу гэдэг л сонин болох нь. Дуучин, бөхчүүд тэргүүтэй үл мэдэгчдээр парламентын танхимыг дүүргэх нэг хэцүү. Бас өнгөрсөн хугацаанд төрийг барьж, улстөржиж, хувийн эрх ашгаа урьтал болгогчдыг дахин сонгох бүр ч хэцүү. Авах ч хэцүү, хаях ч түвэгтэй сонголтгүй сонголт бидний өмнө тулгараад байна. Эргэлзсэн энэ сонголт эрхээ эдэлсэн болж харагдах л байх.
В.Хэрлэн