МОНГОЛ ЭХ, ҮРСИЙН АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС 35 БАЙРААР УХАРЧЭЭ

🕔 2016/06/01 14:04

МОНГОЛ ЭХ, ҮРСИЙН АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС 35 БАЙРААР УХАРЧЭЭ

Зургадугаар сарын 1 буюу эх үрсийн баяр өнөөдөр тохионо. Энэ өдрийг баяр гэдэг утгаар нь монголчууд хүлээж авахаас биш эх, хүүхдийг эрхийг хамгаалах талаас нь дуугарч байсан нь цөөн. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ эрээн алаг элдэв амттанаар хуурч энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

Энэ жилийн эх үрсийн баярыг олон таагүй мэдээтэй угтаж байгаа нь баярын чихэртээ бялуурсан монголчууд тоох шинжгүй. Монгол Улс эх үрсийн аз жаргалын индекс өмнөх онуудтай харьцуулахад 35 байраар ухарчээ. Иргэдийн амьдралын чанарын үзүүлэлтээр дөрвөн жилийн өмнө Монгол Улс 192 орноос 72-т явж байсан бол одоо 192-оос 107-д багтжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг эх, хүүхдэд ээлгүй орноор дэлхий нийт нэрлэжээ гэсэн үг. 

Арга ч үгүй биз. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд устаж үгүй болсон өвчний жагсаалтад багтсан Улаанбурхан дэгдэж 60 гаруй хүүхдийн халуун амыг авч одлоо. Ийм байхад яаж Монголыг алаг үрсдээ ачлалтай орноор тодруулах билээ.

Дээр нь хүүхдээ харж байгаа эхчүүдийн нийгмийн баталгааг төрөөс анхаардаггүй. Эмэгтэйчүүд хүүхэд гаргасан л бол ажилгүй, цалингүй, нөхрийнхөө хэтэвч харсан гэр бүлдээ ч эрх мэдэлгүй нэгэн болж хувирдаг нь нууц биш.

Эргээд ажилдаа орох гэхээр мэдлэг боловсрол, чадварын хувьд бусдаасаа хоцорсон, нийгмийн даатгал олон жилээр тасалдсан, сэтгэлзүй болоод эдийн засгийн хувьд сайн ээж байснаараа хохирдог. Монголын төр хэдий болтол хүүхдээ өсгөж бойжуулсан эмэгтэйчүүдээсээ гар татаж, халамжит хань, сайн ээж байсных нь төлөө шийтгэсээр байх вэ. Эмэгтэйчүүдийг хүүхдээ өсгөснийх нь хариуд нийгмийн халамжийн асуудлыг нь шийдээд өгчихдөг төр шиг төр хэрэгтэй байна.

Ц.ТУНГАА

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!