Хятад ажилчдын хүүхэд байсныг эмч, сувилагчид тогтоож байжээ

🕔 2016/05/24 21:30

Хятад хүний хүүхэд төрүүлсэн, тээж яваа хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргажээ

ХЯТАД ХҮНИЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН, ТЭЭЖ ЯВАА ХҮМҮҮСИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ ГАРГАЖЭЭ.

Нийслэлийн Налайх дүүрэг тэр тусмаа III, IV хороо нь хятад иргэдийн буурь зассан хороолол болж, олон арван монгол эмэгтэй тэдний хүүхдийг төрүүлж байна гэх олны үг ортой эсэхийг шалгалаа. Тус дүүрэгт нийтдээ 33 тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулдагаас 30 нь хятад эзэнтэй, үлдсэн нь Казакстан улсын иргэдийн үйлдвэр аж. Тоосгоны үйлдвэр дагасан 700 гаруй хятад иргэн дулааны улиралд тус дүүрэгт ажиллаж, амьдардаг бөгөөд өвөл болохоор 300 орчим нь үлддэг гэнэ.

Налайх дүүрэгт хятад иргэд улирлын чанартай "нутагладаг” ч үр хүүхэд нь цөөнгүй болсныг нутгийн иргэд ярьж байна. Өнгөрсөн онд л гэхэд тус дүүргийн III, IV, V хорооноос нийт 22 эмэгтэй эмнэлгийн хяналтад оролгүй байсаар амаржихдаа эмнэлэгт очсон нь эцэг нь тодорхойгүй болон тоосгоны үйлдвэрийн хятад ажилчдын хүүхэд байсныг эмч, сувилагчид ярьж байна. Энэ жил ч мөн дээрх шалтгаанаар цөөнгүй эх амаржаад байгааг дуулгав. Түүнчлэн эмэгтэйчүүд хятад хүний хүүхэд тээснээсээ болж, ичиж эмээгээд жирэмсний үеийн эмчийн хяналтад оролгүй явсаар хүүхдээ төрүүлж байгаа нь амь нас болоод эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байгааг сануулж байсан юм.

Бүр Налайх дүүргийн ИТХ-аас хятад иргэнтэй ил болон далд амьдарч, хүүхдийг нь төрүүлсэн, тээж буй монгол эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтыг хоёр жилийн өмнө гаргасан аж. Уг жагсаалтад III хорооны 16-30 насны эмэгтэйчүүд нэлээд жин дарж байжээ. Гэвч ИТХ-ын зарим гишүүн солигдсоноор уг жагсаалт хөтлөгдөхөө больж, өдгөө жагсаалтад орох эмэгтэйчүүдийн тоо ч нэлээд нэмэгдсэн гэнэ.

Өвөл болж жавар тачигнаж эхэлсэн тул тоосгоны үйлдвэрт ажилладаг хятад иргэдийн дийлэнх нь нутаг буцжээ. "Шо-Фа”, "Күн лүн” зэрэг цөөхөн тооны тоосгоны үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд ихэвчлэн дарга, даамал гэх дээгүүр зэрэг дэвтэй хятад эрс энд өвөлжих аж. Өөрөөр хэлбэл, хятад эрийн хүүхэд төрүүлсэн олонх монгол эмэгтэй энэ өвөл магадгүй насаараа "өрх толгойлон”, дагавар хүүхдээ тэжээн үлдсэн гэсэн үг. Биднийг Налайх дүүргийн хятад хороолол гэгдэх тоосгоны үйлдвэрүүдээр явж байхад том гэгчийн тоосгон хашаан дотор нэгэн вант улс байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр аж. Монгол охидыг орогнуулдаг газар хүртэл бий болсон байна лээ. Цувраа нэг ижил хэмжээний жижигхэн тоосгон амбаарт олон эмэгтэй хүүхдүүдтэйгээ аж төрж байна лээ. Гадны хүмүүс ирэхээр "Манай ажилчид хүүхдүүдтэйгээ ирж байрлаж ажиллаж байгаа” гэх боловч үнэндээ тэнд далд биеэ үнэлэлт хийгээд хятадууд монгол охидтой айл гэр болон аж төрж буй дүр зургийг бэлхнээ олж харах.

Ингээд бид нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэйтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр монгол охидыг харийн ялангуяа хятад эрсийн бохир мөнгөнд хууртаж залуу нас, нэр хүндээ бүү алдаасай гэх үүднээс бидэндтэй цөөн хором ярилцахыг зөвшөөрсөн юм.

-Таныг "Шо-Фа” тоосгоны үйлдвэрт нэлээд гайгүй албан тушаал хашдаг хятад эртэй гэр бүл болж, хоёр ч хүүхдийг нь төрүүлсэн гэж дууллаа. Нөхөр чинь та нартай хамт амьдарч байгаа юу?

-Нөхөр ч гэж дээ, үнэнийг хэлэхэд бид нэр холбогдоод зургаан жил гаруй болж байна. Бидэнд хамт авахуулсан зураг ч байдаггүй. Миний таних хэд хэдэн эмэгтэй миний адил амьдралаа үрж байна. Хүү, охин хоёрыг нь төрүүлсэн нь үнэн. Гэхдээ хамт гадуур явж, хоол унд идэж, гэр бүл шиг байж үзээгүй гэхэд болно. Бид хоёрыг хамт явж байхад хэд хэдэн удаа монгол хүүхдүүд болон залуус харааж, зүхэж, нөгөөхийг мөрлөж, хоёр ч удаа чулуу шидэж байсан. Нэг удаа бүр нохойгоор дайруулж, намайг элдвээр доромжилсон. Түүнээс хойш бид гадуур бараг хамт яваагүй. Ер нь хамт амьдраагүй. Тэгээд ч намар нутаг буцчихдаг юм. Тэндээ гэр бүлтэй. Гэхдээ эзгүй үедээ хэрэглээний мөнгө байнга явуулдаг.

-Та түүнтэй насан туршдаа амьдрах нь бүү хэл гудамжаар тайван алхаж ч чадахгүй гэдгээ мэдэж байсан байж яагаад хоёр хүүхдийг нь төрүүлчихэв ээ. Тантай гэрлэж, жаргал зовлонг тань тэнцүү хуваалцах эр хүн Монголоос олдохгүй байна гэж үү?

-Хүүхдэд буруу байхгүй. Би дөрвөн хүүхэдтэй. Эхний нөхөр маань 2005 онд уурхайд ажиллаж байгаад нурангид дарагдаж амиа алдсан. Хоёр охиноо хүний дайтай явуулахын тулд тоосгоны үйлдвэрт ажилд орсноор энэ хүнтэй танилцаж, өнөөдрийг хүргээд байна. Бид хот руу эсвэл аль нэг тийшээ нүүе гэхээр боломж алга. Тийм болохоор энэ хүний явуулах цөөн хэдэн төгрөгөөр л амьдралаа болгож байна. Таньж, мэддэг ганц нэг хүн маань хятад хүний хүүхэд төрүүлсэн гээд бүр үзэхээ байсан биз.

-Ийм хандлага мэдрэгддэг үү?

-Хүн зовлон даадаг юм. Хятад нөхрөөсөө мөнгө хүлээгээд, хүүхдээ өсгөж байгаа хэсэг эмэгтэй бий. Бид баяр ёслолоор хааяа уулздаг юм. Зовлон нэгтэй л байдаг. Гэхдээ жаахан боломжийн албан тушаал хашдаг нөхөртэй эмэгтэйчүүдэд бол бэрхшээл нь бага шиг байна лээ. Гадуур машинаар явж, хооллохдоо соёлтой, үнэтэй газраар үйлчлүүлэхэд хэн ч тэднийг харааж, нохойгоор туулгахгүй шүү дээ.

-Гэхдээ энэ таны бодлоор буруу үйлдэл үү. 16-20 насны олон охин хятад эрсийн өврийг дулаацуулан байж гутлынхаа мөнгийг олж байна шүү дээ. Танай энэ хавь бүр "Хятад хүүхдийн хороолол” нэртэй болсон гэж дуулдсан?

-Чулуу шидэж, нохойгоор туулган байж монгол эмэгтэйг харамлаж байгаа хүүхдүүдийн буруу биш. Энэ миний буруу. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа нялх охид хятадуудын бохир мөнгөнд хууртаж, тэдний эрхшээлд орж байгааг би цөөнгүй харсан. Тэдний нэг нь ч би. Цусаа бохирдуулан байж, хамаатан садан, найз нөхөд, тэр бүү хэл цус нэгт монголчуудынхаа өмнө гэм хийсэн мэт гэлбэлзэж явах шиг гутамшигтай юм байхгүйг биеэрээ мэдэрч явна. Хүн эцсийн эцэст сэтгэлээрээ л үхдэг юм байна. Мөнгө бол үрээд л дуусна. Харин ах, дүүс, найз нөхөд олдохгүй.

Эх сурвалж: tulaan.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!