Монгол төрийн цагдаа нар Төрөөсөө хууль гуйж байна, УИХ-ын дарга аа!

🕔 2016/05/31 11:47

Шинэчлэлийн Засгийн газрын үед Хууль зүйн экс сайд Х.Тэмүүжин тэргүүтэн "Хууль зүйн салбарын эрх зүйн шинэтгэл” нэрээр Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэн 2013 оны долдугаар сард батлуулсан.

Шинээр батлагдсан энэхүү хуульд цагдаагийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг тусад нь өөр хуулиар зохицуулахаар тусгасан нь алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэвийн гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгоод удаж байна. Дээрх баталгаануудыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай гэх сүржин нэртэй хуулиар зохицуулна гэж ойлгуулж байсан нь одоог хүртэл батлагдаагүй байгаагаас үзэхэд цагдаагийн алба хаагч төрийн хамгаалалт, баталгаагүй ажиллаж байна гэж үзэж болно.

Шийдлийн Засгийн газар Цагдаагийн албаны тухай хууль нийгмийн шаардлага хангахгүй байгааг анзаарч дахин шинэчлэн эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг нь хуульчлахаар төсөл боловсруулан 2015 оны тавдугаар сарын 11-нд УИХ-д өргөн мэдүүлж, 2015 оны зургадугаар сарын 2-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны 12 дугаар тогтоолоор бүтэн нэг жилийн өмнө ажлын хэсэг байгуулан УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулж, хэлэлцүүлэхгүй байсаар байна.

Тэд яагаад энэ хуулийг гацаах болов. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг мэдрэхгүй байна гэж үү. Наад зах нь тэдний амиа тавин зүтгэж буй УИХ-ын сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. "Долдугаар сарын 1-ний” гэх үймээн гашуун сургамж дэргэд түгшүүр дэлдэж байна. Тэр хар үйл явдал Монгол төрийн цагдаагийн түүхэнд ямар гээчийн хар толбо үлдээснийг мэдэх үү. Тэр бол шоу биш. Монголын төр таван сайхан хүүгээ алдаж, тэдний гэр бүлийнхэн төрд гомдоод үлдсэн. "Хүн биш Цагдаа” гэдгийг тэгэхэд л мэдэж авсан цагдаагийн ар гэрийнхэн одоо тийм үймээн самууныг намжааж, ард иргэдийн амгалан тайван байдлыг бий болгох үйлст хүүгээ, ханиа, аавыгаа явуулах гэр бүл хэр үлдсэн бол. Төр төмөр нүүртэй ч гэсэн төр нь цагдаагаасаа, үнэнч албан хаагчаасаа нүүр буруулж зоригийг нь мохоох ёсгүй.

Яг ийм хуулийг баталчихаад засах уу, болих уу гээд гацаачихаад байна. Энэ хэний захиалга юм бэ, эрх баригчид аа! Та бүхэн өөрсдөдөө хэрэгтэй хууль, тогтоомж, томилгоог хэзээ дуртай цагтаа ээлжит бусаар, ажлын бус цагаар ч атугай хуралдаад шийдэж чаддаг шүү дээ. Төр нь төрийн албан хаагчаасаа, тэр тусмаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангадаг цагдаагийн албаныхнаасаа хууль харамлах цаг ирсэн гэж үү.

Хуульч нэртэй ч хулгайгаар хууль батлахдаа гаргууд Х.Тэмүүжин тэргүүтэй хуулийг анх санаачлан батлуулсан хэдэн гишүүд хүртэл шинэ хуулийг батлуулахад анхаарал хандуулахгүй байгааг төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын үйл ажиллагааг сулруулах, хүчийг нь сааруулж, мохоох хүсэл эрмэлзэлтэй байгаа юм болов уу гэж хардахад хүргэж байна.

Үнэн хэрэгтээ 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хар үйл явдалд ямар гээчийн "үл үзэгдэх гар” оролцсоныг одоо ч мартаагүй. Хэн ч хэргийн учир шалтгааныг чин сэтгэлээсээ олохсон гэж хичээдэггүй юм билээ. Хэн нэгэн иргэнийг учир битүүлгээр егүүтгэх бус олон түмний нүдэн дээр, иргэдээ хамгаалж яваад таван цагдаа амиа алдсан байхад учир шалтгаан нь олдохгүй тийм бүрхэг байна гэж үү. Энэ үйл явдлаас цагдаагийн Дарга нар нь буруутан хэлмэгдэж насан туршдаа эрүүл мэндээрээ хохирсон. Одоо хэрэв ийм аймшигт үйл явдал давтагдвал мөн л ийм байдлаар үхсэний хохь, амьдын зол болоод, хэдэн дарга нь хэлмэгдэж хоригдоод л болоо юу.

  Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин улам муудаж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байгаа нь гэмт хэргийн гаралт нэмэгдэх шууд шалтгаан болж өгч байна. Мөн одоо болох гэж байгаа сонгуулийн үр дүнг хэн нэгэн этгээд үл зөвшөөрөн жагсаал, цуглаан хийж эхэлбэл ядарсан иргэдийн сэтгэл, санаа хуурай өвсөнд гал авалцах адил асч юу болоод байгааг ч бүрэн ухамсарлахгүйгээр эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй байна. Энэ нөхцөл, байдалд цагдаагийн албан хаагчид олон цаг, хоногоор нойр, хоолгүй ажиллах шаардлага гардаг.

Манай улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал чухам сонгуультай холбоотойгоор өдөөгдөн гарч байсан гэдгийг мартаж болохгүй. Хэрэв иймэрхүү үйл явдал болвол хамгийн наад зах нь гав, бороохой зэрэг тусгай хэрэгсэл хэрэглэх эрх нь журмаар зохицуулагдаж байгаа бүрэн хамгаалалтгүй ажиллах урам зориг, сэтгэл санаа нь мохсон, хамгаалах хууль, эрх зүйн орчин нь сул байгаа цагдаагийн алба хаагчдыг хэн өмгөөлөн, хамгаалж, үүсэх сөрөг үр дагавруудыг хэн хариуцах вэ?. Төрийн алба хаагчид, ард иргэд хохирсоор л байх уу?

Эрх зүйн шинэчлэл нэртэй алдаатай бодлогын үрээр ажлаа хийж байгаад өөрөө хохирч үлдэнэ гэсэн айдас цагдаагийн алба хаагч, түүний ар гэрт бий болсон.

Улс орон, иргэдийн амар тайван амьдралын төлөө цаг, наргүй ажилладаг цагдаагийн алба хаагч, хууль сахиулагчдын үйл ажиллагааг саармагжуулах, тэднийг төрд итгэх итгэлгүй, сул дорой болгох нь хэнд ашигтай вэ, УИХ-ын дарга аа?

Энэ хуулийг 2015 оны тавдугаар сарын 11-нд өргөн барьснаас хойш баталж амжсан бол цагдаа нар "Намайг төр хамгаална. Би иргэдийн аюулгүй байдлын төлөө амиа өгсөн ч миний гэр бүл ядаж нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам авна” гэж өчүүхэн ч гэсэн амьдралын баталгаа талаас нь урам авах байсан. Харин одоо бол "Зугтсан ч яадаг юм”, "Амь байхад амьдрал болно” гэж бодох ёстой бололтой. Тийм л учраас энэ чухал хуулийг баталж өгөөгүй гэж харж болохоор байна.

Эцэст нь хэлэхэд дээр хэлсэнчлэн олныг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууныг тодорхой зорилго бүхий улстөрч, нам, эвсэл зохион байгуулж, ашиг хонжоо олдог жишиг олон улсад байна. Харин манай улсын хувьд энэ жишгийг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох, эсэргүүцэл үзүүлэх чадвартай, албан үүргээ гүйцэтгэх сэтгэл санааны болон бусад баталгаагаар хангагдсан цагдаатай болмоор байна,  Эрх баригчид аа!!! Та өнөөдөр сонгуульд нэр дэвшин "Эх орондоо хайртай, Улс орныхоо төлөө амиа өгсөн ч яахав” гэдэг үгийг хээвнэг шүлэг уншиж байгаа мэт урсган зогсож буй. Гэтэл энэ үгийг чин сэтгэлээсээ хэлж, хэрэгжүүлж чаддаг цагдаа нар танаас энэ хуулийг гуйж байна. Та эх орондоо хайртай бол Цагдаагийн албан хаагчдын эрхийг хамгаалах агуулга бүхий Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ядаж хэлэлцээд өгчих л дөө. Гуйж байна, УИХ-ын дарга аа, УИХ-ын гишүүд ээ!

 Г.Сүрэн

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!