Г.ЧУЛУУНБААТАР САЙД АА ГАДАГШАА “ЗАРАГДАЖ” БАЙГАА БАГШ НАРАА АНХААРНА УУ

🕔 2017/06/13 09:33

Г.ЧУЛУУНБААТАР САЙД АА ГАДАГШАА “ЗАРАГДАЖ” БАЙГАА БАГШ НАРАА АНХААРНА УУ

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат саяхан твиттер хуудсандаа "Манай сайн багш нар Өвөрмонголд ажиллахаар явах нь олширчээ. Саяхан л хамт ажиллаж байсан зөвлөх багш маань явчихсан байна” хэмээн жиргэжээ. Түүний жиргээний дор энэ асуудал анхаарал татаж буйг олон ч хүмүүс онцолсон байх аж. Тэр ч байтугай тэтгэвэрт гарсан багш нар Эрээний дунд сургуульд багшилж байгааг хүмүүс бичжээ. Өвөрмонголд ажиллаж, амьдрахаар явж байгаа багш нарын дийлэнх нь мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг гэнэ лээ.

Өвөр­монголыг зорьж ажиллаж байгаа хүмүүс дан ганц багш нар ч биш

Тэр дундаа монгол судлал, Хөгжим бүжиг, СУИС-ийн багш нар хамгийн их гадагшаа очиж ажилладаг бөгөөд сарын 500.000 төгрөгийн цалингаас өөр орлогогүй сууж байснаас байр нь бэлэн, сардаа 500.000 юанийн тэтгэлэгээс гадна үндсэн цалингаа авч, сайхан орчинд ажиллахыг илүүд үздэг болсон нь энэ юм. Өвөрмонголд одоо Монголын түүхтэй холбоотой маш том музей баригдаж байгаа бөгөөд тэнд ажиллах монгол суд­лаачдыг ч манайхаас эрж хайх болсон гэнэ лээ. Асуудал ингээд дуусахгүй. Өвөр­монголыг зорьж ажиллаж байгаа хүмүүс дан ганц багш нар ч биш.

Амралтын хугацаандаа СУИС-ийн оюутнууд ч тус улсыг зорьж ажил хийдэг бол, хаврын цагт туслах малчнаар өмнөд хөршийг зорих иргэд ч нэмэгджээ. Сардаа нэг сая төгрөгийн цалинтай, бас буцахдаа хувцас авах мөнгөтэй ирдэг ч үнэн хэрэгтээ тэд "боолын хөдөлмөр” эрхэлж байгаад ирдгийг нэгэн танил маань ярьж байсан юм. Ажилгүй гэртээ хэвтэж байснаас амьдралаа залгуулахын тулд хилийн дээс алхаж буй тэднийг буруутгах гэсэнгүй.

Гэвч боловсролын салбараас давалгайлсан энэ хандлага эрүүл мэндийн салбар, цаашлаад бусад салбарт нөлөөлвөл хэрхэх билээ. Дотооддоо ур чадвараа 500 мянган төгрөгөөр үнэлүүлж, амьдрах гэж арга ядаж сууснаас гадагшаа мэргэжлээрээ ажиллахаар чадвартай эмч нар маань хилийн дээс алхчихвал бид хэрхэх вэ. Судас олж чадахгүй эмч нар, үгээ зөв бичиж чадахгүй багш нар л Монголд минь үлдэж хоцрох вий гэсэн эмзэглэл байгааг нуух юун.

Монгол Улсын ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэх учиртай чадалтай багш нараа үнэлж чадахгүй байгаа учраас ийм асуудал үүсч байгаа хэрэг. Хийснийг нь үнэлж чаддаг газарт ажил хийхэд ч урамтай байдаг хойно судалгаа шинжилгээг чинь үнэлье гээд урьж байхад зугтах тэнэг хүн байхгүй болов уу. Тиймээс эдгээр багш нарыг буруутгах гэсэнгүй.

Бид цөөхөн монголчууд. Гэвч монгол хүний оюуны ухааны цараа, сэтгэх чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг, бүр дээгүүрт бичигдэж эхэлсэн. Дэлхий дахин чадалтай эрдэмтэн, чадварлаг уран бүтээлч, спорт, урлагийн гоц авьяастануудаар "цангаж” байгаа. Тэр ч утгаараа аль үндэстэн байхаас үл шалтгаалж өндөр үнээр худалдаж авдаг, өөрийн улсын иргэншлийг асар их мөнгөөр санал болгодог болчихож.

Түүний тархийг өөрийн улсын хөгжил дэвшлийн төлөө ашиглахын тулд тэд хөрөнгө мөнгө харамлахгүй байгаа нь энэ. Гэтэл монголчууд бид дотооддоо өнөөх л эх оронч гэсэн тамын тогооны үлгэрээ ярьсаар суутал хамаг чадалтай залуус маань гадагшаа хар ажилчнаар гарч, мэдлэг боловсролтой нь сарын цалингийн төлөө эх орноосоо нүүр буруулахад хүрч байх жишээтэй. Үүний жишээ ч Монголд цөөнгүй бий. Монголын нэг эрдэмтэн шинэ нээлт хийхэд түүнийг нь төр засаг дэмжээгүй байхад гадныхан олж харчихаад худалдаж авах санал тавьж байсан тохиолдол маш олон бий.

Спортын томоохон амжилт гаргасан тамирчид маань эхнээсээ гадны улсын нэр дээрээс барилдаж, иргэншлээ сольдог боллоо. Анхлан Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Мөнхбаярыг Герман улсын иргэн болоход олон хүн гайхширан хүлээж авч байлаа. Муулах хүн ч бишгүй олон байсан. Тэгвэл энэ асуудал одоо байдаг л үзэгдэл мэт болжээ. Казахстан, Япон зэрэг улс орнуудын нэр дээрээс манай тамирчид барилдаж, бас уралдаж байна.

Тэр ч байтугай хүндийн өргөлтийн залуухан тамирчин М.Анхцэцэгт тэрбум ам.доллар санал болгож, өөрийн улсын нэр дээрээс тэмцээнд оролцохыг санал болгосон тухай мэдээлэл хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байх аж. Гэтэл энэ мэт мэдээг байх ёстой зүйл мэт хардаг, бараг л баярлах шахуу хүлээж авч хэрхэвч боломгүй байлтай. Улс нь анхаарахгүй байхад амьдралаа бодоод явсан нь дээр хэмээн өмгөөлж болох ч үндэсний аюулгүй байдал үүний цаана яригдаж байгааг анхаарахгүй өнгөрч боломгүй юм. Дахин хэлэхэд бид цөөхөн монголчууд. Долоон тэрбум хүнтэй бөмбөрцөг дэлхийн маш жижигхэн эд эс.

Хэзээ ч мөхөж мэдэх цөөхөн хүн амтай "жижигхэн” улс. Тиймээс төр харж үзсэнгүй хэмээн гадагшаа явдаг, сайхан амьдралын төлөө иргэншлээ солих байдлаар нэг иргэнээ алдсаар байвал юу болох вэ. Үндэстэн мөхөх эхлэлийг л тавьж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Монгол хүний оюун ухааныг Монголдоо бид зөвөөр ашиглах хэрэгтэй байна. Энэ улсын хэтийн хөгжил, ирээдүйн төлөө салбар бүртээ анхаарахаас өөр аргагүй.

Тэр тусмаа боловсролын салбарыг үл тоож боломгүй байлтай. Багшийн үнэлэмжийг дээшлүүлж, судалгаа шинжилгээг нь бодитоор дэмждэг болохсон. Их дээд сургуулийн багш нар лекцээ ном болгож хэвлүүлснээрээ биш улсын хөгжлийн төлөө хийсэн бүтээсэн том ажил, эрдэм шинжилгээний гайхалтай бүтээлээрээ өрсөлддөг, түүнийгээ үнэлүүлдэг болсон цагт сая л монгол хүнээ дэмжиж байна гэж хэлэх биз. Үүнийг улстөржүүлэх шалтгаан байхгүй ч засаглалын тогтолцоо тэр хэрээр буруутай.

Төр хэрвээ салбар салбарын бодлогоо зөв тодорхойлдог бол, улс төрийн намуудын нөлөө салбар бүрт ордоггүй бол тэд бүгд жамаараа явсаар хөгжих учиртай юм. Даанч тийм боломж алга. Их дээд сургууль байтугай сургуулийн цэвэрлэгчийг хүртэл намаар ялгаж ажилд авдаг цаг үед мөнгө өгсөнд нь тархин дахь мэдлэгээ худалдахаас өөр яалтай.

Шинэчлэл, өөрчлөлт ярихаар ганц сайдыг халаад л цэгцрэх асуудал биш. Боловсролын салбарт яг одоо эрс өөрчлөлт хэрэгтэй байна.

Чадалтайг нь гадныхан шүүрдэж авсаар байгаа учраас чадалгүй нь тунаж үлдэнэ. Чадваргүй багшийн гараас арван үг ч зөв бичиж чадахгүй боловсон хүчин бэлтгэгдэж гарна. Тэд хувь, хувьсгалын ажил хийж, тэр ч байтугай төрд орж суучихаад төрийн бодлого, хуулийг самарч буй учраас энэ улсын хөгжил урагшаа биш хойшоо яваад байгаа юм. Эмнэлгийн салбарын хөгжил, хүнд суртлын тухай бид хангалттай бичсэн.

Одоо харин Боловсролын салбарын талаар тууштай дуугарах цаг нь болжээ. Шинэчлэл, өөрчлөлт ярихаар ганц сайдыг халаад л цэгцрэх асуудал биш. Боловсролын салбарт яг одоо эрс өөрчлөлт хэрэгтэй байна. Багшийн үнэлэмжийг дээшлүүлэх нь юу юунаас илүүтэй анхаарал татах сэдэв болоод байна. Шалгалтын ганц материал задрахаас ч ноцтой асуудал яригдаж байгааг сануулах нь илүүц биз.

Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр эзэнгүй байсан боловсролын салбар өнгөрөгч долоо хоногт арайхийн эзэнтэй болов. Тэр ч байтугай мундаг академичийг сайдаар томилж "гийгүүлсэн” дуулдана. Тэгвэл Г.Чулуунбаатар таны ажил багшийг үнэлэхээс эхлэх учиртай шүү. Хэдхэн халтар төгрөгийн төлөө харьд ажиллах сонголт хийж байгаа чадалтай боловсон хүчнээ буцааж авчрахаас эхлэх ёстойг сануулчихъя.

ЕБС цаашлаад Их дээд сургуулийн ажиллах хүчинг чадваржуулах, тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж гэмээнэ бодит ажил, шинэчлэлт болох учиртай юм. Түүнээс биш нэг хүнийг халж солилоо гээд өөрчлөлт хийгдэхгүй гэдгийг эрхэм сайдтан таньд хэрэг болгон дуулгая. Шинэхэн дээрээ сонихон гэгчээр энэ салбарт өөрчлөлт хийнэ гэх итгэл, хүлээлт байгааг бүү мартаарай. Эс тэгвээс эзний суудал ээлжтэй, хааны суудал халаатай гэдгийг мартуузай.

Эх сурвалж: Монголын мэдээ
Б.Өнөртогтох



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!