АН-ыг бүр муухай харагдуулдаг Б.Наранхүү гишүүн!

🕔 2017/04/06 12:20

 

Хууль тогтоох дээд байгууллагыг бусдаас арай өөрөөр хардаг нэг гишүүн бий. Түүнийг Б.Наранхүү гэдэг. Намрын чуулганыг таслалтаараа тэргүүлсэн тэрбээр өчигдөр нээлтээ хийсэн хаврын чуулганыг ч таслалтаараа тэргүүлэх магадлал тун өндөр. Ер нь  заавал чуулганд бүтэн цагаар суух албагүй ухааны юмыг телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлж суусан хүн шүү дээ. Өмнөх засгийн үед олуулаа байсан АН-ынхан өнөө цагт чуулганд цөөхүүлээ байгаа. Ядаж тэрийгээ бодоод ч уг нь хуралдаандаа суух цагаа нэммээр юм. Гол нь Б.Наранхүү гэж хүн сонгогчдод яг юу амлаж гарч ирдэг болоод хоёронтоо УИХ-д гарсан хэрнээ, хуралдаанд суухгүй том толгойлдог байна. Түмний өмнөөс төрийг ийм үлгэн салган барьдаг хүмүүсийг сонгоод байдаг иргэдэд ч буруу байна л даа. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувиар санаачлан батлуулсан хууль хийгээд иргэдэд тустай юу хийснээ ярь гэвэл Б.Наранхүү гишүүн тийм ч хол явахгүй л байх. Ер нь бол АН-ыг бүр муухай харагдуулдаг гишүүн бол тэр.

Уг нь тэрбээр цагтаа МАН-ыг даган намирч явсан түүхтэй. Гэхдээ нэг л өдөр АН-ыг бараадаж, тал зассан. Үр дүнд нь Дундговь аймгийн АН-ын удирдлагуудынхаа ч арга эвийг мөнгөөр олж байгаад экс  гишүүн Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Дундговь газар хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор нарын урд гишгэн, тойрогтой болсон байдаг. Түүнийг зөвхөн тойрогтой болохын тулд 20 тэрбумыг цацсан гэх мэдээллүүд байдаг. Үнэн худал эсэхийг нь тэр өөрөө тодруулан хэлж байгаагүй л дээ.Ямартай ч түүнийг хотын дарга асантай халаас нэгтэн, түүний нөмрөөр газрын бизнесийг цэцэглүүлсэн нэгэн гэх тодотгол бас дагаж ирсэн. Түүний мэдэлд  Хүүхдийн парк, Бөмбөгөр худалдааны төвийн газар, РЦНК-гийн ойр орчимын газар гээд л Улаанбаатар хотын хамгийн өндөр үнэд хүрэх газрууд бий гэдэг. Түүнчлэн газартай холбоотой хууль зөрчсөн асуудлууд ч бий. Тухайлбал, Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)- гийн 1.2 га газрын хэрэг ч түүнд хамаатай. Учир нь 2002 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 32.5 га газрын 1.2 га-д түүний  "Мон-Уран” ХХК дур мэдэн барилга барьж, тухайн үеийн удирдлагуудтай  нь  гэрээ хийсэн байдаг.  Харин хоёр жилийн дараа ҮСАХ-ийн удирдлага солигдсоноор, Б.Наранхүүгийн компаниас газраа авахаар зарга хийж, Улсын дээд шүүхээс хууль бусаар барилга байшин барьж, газар ашигласныг тогтоосон байдаг. Шүүхийн тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ч ҮСАХ-ийн газрыг чөлөөлүүлэх захирамжийг 2010 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан байдаг.

Гэсэн ч  "Мон-Уран” ХХК захирамжийг үл тоож ирсэн байдаг. Уг нь тус захирамжид "ҮСАХ” ХХК-ийн эзэмшлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлаж байгаа "Мон-Уран” ХХК-ийн эд хөрөнгийг тав хоногийн дотор албадан нүүлгэх, үүнийг СБД- ийн газрын алба, НЦГ, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэст даалгасугай хэмээн тодорхой заасан байдаг ч,  "Мон- Уран”-аас захирамжийг үл зөвшөөрөн шүүхэд дахин хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргачихсан байдаг юм. Улмаар асуудал сунжирсаар өдийг хүрсэн. Б.Наранхүү УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ талаар ам нээхдээ "бусад нь буцаагаад өгвөл би ч бас өгнө” гэх агуулгатай үгсийг хэлж, өөрийгөө түмний төлөө гэсэн сэтгэлтэй төрийн түшээ бус хувь эрх ашгаа бодсон  нэгэн юмдаа гэж ойлгогдох мессежийг өөрөө л өгсөн удаатай.

За тэгээд яадаг ч байсан тэрээр УИХ-ын гишүүн гэсэн халдашгүй дархан эрхтэй субьектээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна. Өнгөрсөн хугацаанд түүний нэр холбогдсон саар мэдээллүүд хэвлэлээр цөөнгүй л гарсан байдаг. Ямартаа л гишүүн болохоосоо өмнө Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад газар дамладаг байсан гэх мэдээлэл анхаарал татдаг. Тухайлбал,  "Мон-Уран” компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ "Шилмэл шилтгээн”, "Монгол гранд”, "Дунд мандал”, "Сүрэг агт”, "Визамар”, "БНЧ” зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгсөн гэх мэдээлэл бий. Тэрээр компанийнхаа нэрийг сольж "Инвекс” нэрээр 2007 онд Баянзүрх дүүрэгт 127.05 га газрыг авсан баримтаар нотлогдож байсан байдаг. Энэмэтчилэн өгүүлбэл Б.Наранхүүгийн бизнесийн замналтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй.

Харин тэрбээр  АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахдаа  2 байртай, Land Rover,Range  Rover- 1,Landcruiser, Standart- 1, Rollsroyce,Phantom-1 машинтай, хурдан удмын 204 адуутай гэж мэдүүлжээ. За  мөн  Дүнжингарав ХХК, Инвэкс ХХК, Монголын Уул уурхайн корпораци ХХК, Мон-Уран ХХК, Дүнжингарав Констракшн ХХК, Инвэкс жювелри ХХК, Инвэкс мэншоп ХХК, Инвэкс Хоум ХХК, Инвэкс Коммодитис ХХК, Инвэкс спортс ХХК, Инвэкс Кантийн ХХК, Инвэкс Шүүз ХХК, Инвэкс Сервис ХХК, Инвэкс Лэдишоп ХХК, Инвэкс Бэйбишоп ХХК, Хүлэрхэрд ХХК, Дүнжингарав тээвэр ХХК, Дүнжингарав роуд  ХХК, Дүнжингарав секьюрити ХХК, Монголмедиа консорциум ХХК, Оргил энд Капитал партнерс ХХК, Дүнжингарав трейд ХХК,  Шинэ зуун айл зах ХХК, Шинэ зуун айл трейд ХХК-уудыг эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байдаг. 1999 онд анх "Мон-Уран” компаниа байгуулж байсан түүний бизнес нэлээд цэцэглэж байгааг мэдүүлгээс нь харж болох бөгөөд бизнесийнх нь үндсийг газартай холбоотой гэж хэвлэлүүд бичиж ирсэн нь хий хоосон зүйл биш биз ээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!