Киноныхон ухамсартай бай л даа

🕔 2017/02/03 10:28

Гадаад киног хуулбарлаж болно, гэхдээ зөв зүйлийг нь... Яагаад ч юм сүүлийн үед энэ үгийг эрхэм кино уран бүтээлчдэд хандан хэлмээр санагдах боллоо. Кино урлаг гэдэг зугаацан цэнгүүлэхээс гадна соён гэгээрүүлэх, кино урлагаар дамжуулан үзэгчдийг сайн сайханд уриалан, ухаарал өгөх үүрэгтэй.

 

Киноныхон ухамсартай бай л даа

 

Гэвч сүүлийн үеийн уран бүтээлчдийн хийж буй киноноос өсвөр насны хүүхдүүдийг буруу зүйлд уруу татсан зүйл ихээхэн ажиглагдах болж. Тодруулаад хэлбэл, кинондоо имиж бүрдүүлэх үүднээс элдэв янзын этгээд үг хэллэг, буруу зуршлыг харуулах нь ихэслээ. Хамгийн сүүлд л гэхэд "Милл” кино компанийн бүтээсэн "Приусын босс” киноны гол дүрийн эмэгтэй үзэгдэл болгон дээр тамхи татаж байх юм.

 

Гаргах гэж байгаа дүр нь танхай, этгээд, эршүүд эмэгтэйн дүр байлаа гээд үзэгдэл бүр дээр тамхи татах нь үзэж байгаа хүмүүст, ялангуяа өсвөр насны охидод тамхи татвал "гоё” харагддаг гэх мессэжийг өгч байв. Ядаж байхад үзэгчдийн дийлэнх нь арван жилийн сурагчид байх юм. Тэр бүү хэл дөрөв, таван настай хүүхдүүд ч ээж, аавтайгаа хамт үзэж байх жишээтэй. Элдэв хараал, буруу зуршлыг сурталчилсан кино үүгээр дуусахгүй. 2015 онд "Уужим” фильм, F Студио, MIM Филмийн залуус "Хар сувдны нууц” хэмээх уран бүтээлээр үзэгчиддээ бэлэг барьсан.

 

Харамсалтай нь киноны гол дүрийн жүжигчин Алтаншагай бас л алхам бүртээ "ш...сан” гээд л байх нь тэр. Ямар сайндаа л найзын минь дөрвөн настай хүү "Хар сувдны нууц” киног үзсэнийхээ дараа "ш...сан” гэж хэлээд зогсож байх вэ дээ. Жүжигчин Алтаншагайгийн энэ үг нэг хэсэгтээ л арван жилийн сурагчдын дунд трэнд болсон гэхэд болно. Өсвөр насны охид, хөвгүүд хоорондоо сайн, муу зүйл ярьсан ч өнөөх үгийг зүгээр л нэг үг шиг хэлж, нэг их гоё үг хэлсэн юм шиг инээлдэж байх. Энэ талаар цахим ертөнцөд нэг хэсэгтээ л хэлэлцүүлэг өрнөсөн.

 

Одоо тэгвэл энэ байдлыг үүсгэхэд хэн нөлөө үзүүлсэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Харин миний бие өсвөр насныхан болон залуучуудын сэтгэхүй, биеэ авч явах байдал, харилцааны соёлд кино урлаг шууд нөлөө үзүүлж байна гэж хэлнэ. Мөн онд "Ахан дүүсийн нэгдэл” /BrotherHood/-ийн залуус хамтран "Том Толгойтын Романс” хэмээх нэгэн дэлгэцийн уран бүтээл хийсэн. Тус кино үзэгчдийн зүгээс нэлээд сайшаал хүртсэн хэдий ч тус киноны туслах дүрийг бүтээсэн Ганбаа "п...”-г ч ёстой урсгадаг.

 

Энэ мэтчилэн элдэв хараалын үг урсгаж өгдөг киног сүүлийн үед их хийх болжээ. Сүүлдээ уран бүтээлчид кино хийгээд байна уу аль эсвэл дэлгэцийн урлагаар дамжуулан хараалын үг, хэллэгийг олон нийтэд сурталчлаад байна уу гэдэгт эргэлзэх болов. Ингээд хэлэхээр гадаадын кинон дээр ч гэсэн амаа хамхи, өлөгчин, чөтгөр аваг гэж хэлдэг биз дээ, юун сүртэй юм хэмээн өмөөрөх нэгэн байгаа байх.

 

Гэхдээ Холливудын кинонуудаас хуулбарлах өөр зүйл олон байна шүү дээ. Өнгө дүрс, дуу хөгжим, зохиолын шинэ санаа гээд хуулбарлах олон зүйлс байна. Яах вэ, хуулбарлаж болно, гэхдээ хараалын үгийг л биш шүү уран бүтээлчид ээ. Кино театрууд үзвэрээ насны ангилалгүй үзүүлж байгааг, кино танхимд дөрвөн настай балчираас эхлээд 60 настай буурал хүртэл хамт суугаад киног чинь үзэж байгааг анхаарах л хэрэгтэй.

 

Тэгээд ч манай ард түмэн туйлшрамтгай. Охид, залуучууд бие биеэ дуурайх дуртай байдаг. Тэр дундаа шүтэн биширдэг жүжигчин, дуучдынхаа алхам бүрийг харж, үлгэр дуурайл ч авах нь бий. Нийгмийн огт өөр хандлагатай  оронд уран бүтээл туурвиж байж харийн орны хараалын үгээр киноныхоо имижийг бүрдүүлдэг болхидуухан аргыг хуулбарлаад ч яах вэ дээ. Ямартай ч, уран бүтээлчид энэ тал дээр анхаарахгүй бол арван жилийн сурагчдын хэл ам гүйцэгдэхээ болилоо. Гадаадын киноноос хуулбарлаж болно, гэхдээ хараалын үгийг лав биш шүү кино уран бүтээлчид ээ.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Н.Батзаяа

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!