Равжаа хутагтыг хэр баргийн найруулагчид барьж авч зүрхлэхгүй

🕔 2017/01/16 17:15
 

Равжаа хутагтыг хэр баргийн найруулагчид барьж авч зүрхлэхгүй

 

Балжирын ДОГМИД

Ардын уран зохиолч

Говийн догшин ноён хутагт Равжаагийн амьдрал, ура н бүтээлийн тухай миний бие нэгэн мянга есөн зуун ерээд оны дунд үед нэгэн бэсрэг кино зохиол бичээд тэр үед мөнгө хөрөнгөтэйд тооцогддог нутгийхаа нэгэн том даргатай уулзаж энэ бүтээлийг кино болгоход эдийн засгийн талаар дэм тус хүргэхийг хүссэн боловч нааштай хариу сонссонгүй. Тэр үед үнэндээ кино хийх мөнгө байтугай кино үзэх мөнгө ховор байсан ч Улаанбаатарт хувь хүмүүс том том зочид буудал орон сууцны барилга энэ тэндгүй барьж эхэлж байсан цаг. Хамгийн гол нь нутгийн маань тэр бизнесмэн мөнгө төгрөгөөр туслах боломж алга гэж хэлэхийн оронд эдүгээ үед Равжаагийн тухай кино хийдэг цаг мөн үү.

Ер нь тэгээд Равжаа гэж хэн болох тухай сайн болгоож бодож байж хөдөлбөл яасан юм бэ. Равжаагаас дутахгүй том хүмүүс Дорноговьд олон "мэндэлсэн” шүү дээ гэх маягын хайхрамжгүй хариу хэлж миний романтик халуун сэтгэл рүү ус цацсансан. Тэгээд кино зохиолоо зүгээр нэг тууж болгоод Цог сэтгүүлд хэвлүүлчихдэг юмуу гэсэн шүү юм бодоод явж байсан чинь Хүүхэд залуучуудын театрын ерөнхий найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа кино зохиолыг чинь уншиж үзье гэж хүнээр надад хэлүүлэх нь тэр. Нямгавааг урьд нь би төдийлөн сайн танихгүй хэд хэдэн кино бас цөөнгүй жүжиг хот хөдөөгийн театруудад тавьж сүрхий нэрд гарч"Бой”, "Газар шороо мину” зэрэг кино нь олны анхаарал татаж шуугиан дэгдээсэн нөхөр гэдгийг нь сураг сонссоноос цаашгүй.

Нямгаваа авьяастай боловч ааш гэдэг нь адсага, нэг суудал дээр гурав, дөрвөн янзын юм ярьдаг, усны эргүүлэг шиг барьцгүй гайхал гэж нэг бус удаа дуулсан. "Бой” кинон дээр өөрийхөө эхнэрийг орос цэргүүдэд бараг л хүчиндүүлсэн гэж хэлж болно.

"Газар шороо мину” кино нь эхлэхээсээ дуусталаа үүлэн борооны явдлаар дүүрэн, тэр чигээрээ садар самуун үйл явдлыг ичгүүр сонжуургүй үзүүлж загас наадуулсаар дууссан.

Чи Нямгаваатай нийлж Равжаа хутагтын тухай тиймэрхүү кино хийх юм бол нас буянд чинь цөвтэй. Ахас ихэсээ доромжилсон алдаа нүгэлд унаж удахгүй үхнэ гэж мэдээрэй гэж хэлэх хүн ч таарав аа. Би ч гэж би .... Нямгаваагаас дээрдэх юм надад байсангүй ээ насаараа айраг архитай нөхөрлөн айлын найр наадам тараахаас наахнуур нохой шуугуулж явсан би бээр Равжаагийн кино хийхийн тулд Нямгаваа шиг хүнтэй байтугай алмас шулмастай ч нөхцөхөд бэлэн байсан тул айх эмээх юм даан чиг байсангүй ээ. Ийм байтал Нямгаваа намайг дуудаж зохиолоо дахин эргэн нягталж кино хийх бэлтгэл ажилдаа орлоо. Тэгээд киноны урьдчилсан төсвөө хийгээтэхсэн чинь жараас далан сая төгрөг гараад ирэх нь тэр. 1994 оны нэг сая төгрөг гэдэг толгойд багтахгүй том мөнгө байлаа. Энэ мөнгийг хаанаас яаж олох вэ бидэнд хэн гар сунгах вэ.

Ард олноос, Дорноговийхноос хандив тусламж гуйх уу, яах вэ гэвэл Нямгаваа маань;

-        Энэ мөнгө чи бид хоёрт огт хамаагүй. Равжаа үнэхээр хутагт хувилгаан нь үнэн юм бол өөрөө киноныхоо мөнгийг чи бид хоёрт олж өгнө биз. Харин юуны өмнө киноныхоо уран бүтээлчид, багаа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна гэж барьж тавих юмгүй хачин юм хэлэв. Аль тэртээ 1938 онд 7-р дүр нь Хэнтийд буудуулж жанч халснаас хойш эдүгээ 50, 60-н жил өнгөрч, сүнс сүүдэргүй болсон Равжаа яаж киноны мөнгө олох болж байна вэ. Энэ Нямгаваа ерөөсөө ном, архи хоёрын цагаан солио туссан галзуу хүн юм байна. Одоо яадаг билээ гэсэн шүү юм бодоод ерөөсөө лам, зурхайч нараас дэмий ч гэсэн киноныхоо хувь заяаг асуудаг юм билүү гэж бодов. Тэгээд шашны дээд сургуулийн захирал эдүгээгийн номч мэргэн гавьж орчуулагч судлаач Сонинбаяр гуай дээр очиж учир явдлаа хэлэн бидний эхлүүлж буй энэ түүхэн бүтээл алсдаа кино болох учир жанцан байна уу гэж асуувал. Тэрбээр шоо хаяж үзээд:

-        Кино ч болох нь болно оо. Тэгэхдээ бүр хол, ойрын олон түмний таашаал талархалыг хүлээсэн сүрхий кино болох янзтай.

Улааны шашин, шарын шашин хоёр чинь бурханы шашны ижилхэн хоёр том урсгал. Зүйрлэж хэлэх юм бол ардын нам, ардчилсан нам хоёр шиг эх орон хүн ардынхаа сайн сайхны төлөө зүтгэж залбирч суудаг шашингууд. Тийм учраас энэ хоёр сургаалыг хооронд нь зөрчилдүүлэх хэрэггүй юм шүү гэж зөвлөж билээ. Хүүхэд залуучуудын театрын жүжигчдийг түшиглэн киноныхоо арын алба бэлтгэл ажлыг эхлүүлэн уран бүтээлчдийхээ багийг эцэслэн бүрдүүлж эхлэв. Киноны төсөв, мөнгө төгрөгнөөс өмнө гол дүр болох Равжаа хутагтын рольд ямар хүнийг тоглуулах вэ гэдэг асуудал хүн бүхний сонирхлыг татаж зохиолч, найруулагч, зөвлөхүүд өөр өөрийн Равжаагийнхаа нэрийг дэвшүүлж эхлэв.


Гүрбазар, Сосорбурам, Дашпэлжээ тэр байтугай хөнгөн шингэн хөөрүү романтик зантай юм гэж бүжиг дэглэгч Сүхбаатарын нэр хүртэл сонсогдож байлаа. Ардын зураач Доржпалам, Ардын жүжигчин Очирбат, зөвлөхөөр төрийн шагналт кино найруулагч Балжинням, хөгжмийн зохиолчоор төрийн хошой шагналт Жанцанноров гээд олон томчуул толгой дээр сууж байхад зохиолоо бичээд Нямгаваагийн гарт атгуулчихсан надад мөнгө төгрөг хөөцөлдөхөөс өөр ажил үлдсэнгүй ээ. Гэтэл нэг нартай, жаргалтай өдөр Хүүхэд залуучуудын театрын дансанд Равжаа хутагтын адислаж равнайлсан далан сая төгрөг гэнэт ороод ирэх нь тэр. Тэр үеийн 70 сая төгрөг гэдэг барагтайхан байгууллагын сейфэнд байтугай мань мэтийн амьтны толгойд багтахгүй их мөнгө байлаа. Равжаа хутагтын тухай хальсны том кино хийх зар дуулиан хот хөдөөгүй цууриатаж, өөрийгөө сайхан, хөөрхөнд тооцдог авьяастай алдартай монголын сор сүлд болсон охид хүүхнүүд даллага авсан мэт хүүхэд залуучуудын театр дээр цугларч найруулагч Нямгаваа бүсгүйчүүлийн хөлд дарагдан өдөр хоногууд их л хөгжилтэй зугаатай өнгөрдөг боллоо.

Загвар өмсөгч Байгаль, дуучин Эрдэнэцэцэг, жүжигчин Долгор тэргүүтэй эрвээхэй алаг нүдэн хонгорууд нүүр хувиргагч, зураач, зураглаач нарын өрөө тасалгааны гэрэл гэгээ, ширээ сандалын чимэг болж найруулагч маань Жа богдоос дутуугүй амьтан хүүхнүүдэд эрхлэн тосоор гулгилж торгон дээр хөлбөрч байлаа. Их хурлын гишүүд сайд дарга нар ч манай киноны натур дээгүүр эргэлдэн мөнөөхөн бүсгүйчүүлийг сонирхон зарим нэгд нь төрийн хүний байр суурьнаас хувьсгалт хийгээд хувийн зөвлөгөө өгдөг болов. Төв аймгийн наахна Өндөр довд арван ханатай гэр кранаар босгож дотор нь усан оргилуур барьж түүнийг тойруулан арван хэдэн хаан, хатан тулга тулж дээр нь дөрвөн чихтэй том гарын ширмэн тогоонд ус дүүргэн дороос нь гал түлэн үндэсний маягын павилонд зураг авах юм боллоо. Мөнөөхөн дөрөв таван тонны багтаамжтай усан санг дөнгөж сая цистернээр авчирсан гүний худгын шүд хага ташим хүйтэн усаар дүүргэж дотор нь Сосорбурам, Байгаль хоёрыг  элдэв өмсгөлгүй, ээмэг бөгжийг нь хүртэл авч эхээс гарсан чигээр нь нүцгэлэн оруулж Сосорбурам хүүхний мөөмийг нялх хүүхэд адил амтархан хөхөж байгаагаар зураг авах төлөвлөгөөтэй байлаа.


Гэтэл үзэл сурталын өндөрлөгт он удаан жил ажилласан нэгэн ахмад уран бүтээлч "Төр нийгмийн зүтгэлтэн хүний, хар үсийг нь хагалаж, ёс төртэй авсан эхнэрийг ингэж хаа хамаагүй нэг хүнтэй хамт усанд оруулж мөөмийг нь ичгүүр сонжуургүй ил тод хөхүүлнэ гэдэг байж болшгүй завхай зайдан хэрэг. Сосорбурам тэгээд Байгалийн мөөмийг хөхөж сэрэл, сэтгэлийг нь хөдөлгөн биедээ дасгаж байгаад иймээ тиймээ юм болчихвол түүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Ийм завхарсан юмыг ер нь хэн бодож олсон юм бэ, хэний толгойд ийм заваан юм ордог байна аа. Ёс суртахуун, гоо зүйн хувьд өрөөсгөл энэ кадрыг миний хувьд хасах саналтай байна гэж билээ. Энэ яриа намдаж амжаагүй байтал бас хэн зохиосон нь үл мэдэгдэх нэгэн явган онигоо олны ам дамжин яригдах боллоо. Говийн догшин хутагт Равжаа хэмээх нэгэн "галзуу” хүний тухай өөрсдийгөө уран бүтээлч хэмээн өргөмжилсөн зургаан "солиотой” хүн кино хийхээр болж гэнэ. Үүнийг хүн тус бүрээр нь өвчнийх нь онош согогоор тодорхойлбоос ийм буюу.

1.       Кино зохиолыг бичсэн Балжирын Догмид гэдэг энэ хүн бол дөнгөж ой хүрээд аяга даадаг болсон тэр цагаасаа л архи уусан архаг архичин бөгөөд бага балчир насандаа ор, морь хоёроос өдөртөө хэд унадаг байсан учраас тархи толгойд нь бүтэн бүрэн юм бараг байхгүй болсон. Ийм хүн зохиол байтугай захиа бичих ч чадваргүй болох нь эмч нарын үзлэгээр актаар тогтоогдсон болно. Тэр байгтугай шар хадны сэтгэл мэдрэлийн эмнэлэгт архичдыг саатуулах аравдугаар тасгийг нээхэд баригдаж очсон анхны долоон архичны нэг.

2.       Ерөнхий найруулагч Ичинхорлоогийн Нямгаваа бол өндөр уулын бүсэд төрж өссөн, төрлөхийн голын хийтэй. Багадаа тархины даралттай унтаж амарч чаддаггүй үргэлж уйлж уцаарлаж байдаг хүүхэд байсан. Нэг үгээр хэлэхэд удамшлын шизо өвчинтэй. Түүнд хэзээ ч алтан дундаж гэж байгаагүй. Ертөнцийн үргэлж хойт, урд хоёр туйлын аль нэгэн дээр туйлширч байдаг. Бодит хийгээд хийсвэр, зүүд хийгээд бодол нь хоорондоо ялгагдахаа байсан сэтгэцийн маш их хүнд өвчтэй хүн. Тэр заримдаа өөрийгөө алдарт найруулагч Сергей Бондарчуктай андуурдаг тохиолдол ч бий.

3.       Киноны гол шигтгээ болох Равжаа хутагтын туурвисан уран бүтээлүүд ордны  дотоод дэг жаяг төв эрхэмсэг бүжиг, жүжгийг найруулдаг Сэвжидийн Сүхбаатар бол толгой доторх бүх юм нь хөл рүүгээ орсон, хоол хийх гурилаа ч хөлөөрөө зуурахаас буцахгүй болсон хүн. Улсын их баяр наадмын нээлтийг найруулахдаа зүүн барууны магнайд гарах аварга арслангуудыг дэвж дэлж гарахын оронд баруун зүүн монголын үелзүүр, элхэндэг бүжиг болон бие биелгээ хийлгэх гэж оролдсон тухай ам дамжсан яриа ч байдаг.

4.       Киноны гол дүрд тоглосон жүжигчин Сосорбурам бол яг үнэн нүүр царай нь нөгөө "Илүү сартай зун” кинонд тоглодог тэр хөнгөн хийсвэр, гэнэн томоогүй онгироо хөөрүү залуу яг биеээрээ.  Өөрийгөө хэн нэгэн том хүн Чингис ч юмуу хутагт хувилгаадын ойрын удам гэж боддог. Гэтэл Равжаагийн дүрд тоглох завшаан олдсоноо энэ хүн мөнх тэнгэрийн зарлиг хэмээн биширч тэр цагаас хойш өөрийгөө догшин ноён хутагтын хойт дүр мөнөөсөө мөн хэмээн бат нот итгэсэн. 1990 онд ардчилсан намын анхдугаар хурлын илтгэлийг уншиж Равжаа мэт нийгмийн сэтгэл зүй, үзэл санааг шинэчлэгч, ардчилагч болохоо харуулсан. Энэ бүхнийг төрсөн өдрийн төөрөгт нь бичигдсэн бурхад, догшидын зарлиг гэж ойлгодог нэгэн. Айл гэрийн найр тараахаас буцахгүй аархуу хийрхүү араншинтай алдаж асгахад бэлэн цагаан цайлган энэ эрийг цоо эрүүл хүн гэхэд хэцүү.

5.       Догшин хутагтын сахиус хэмээх энэ киноны хөгжмийг бичсэн зохиолч Жанцанноров бол нөгөө тавыгаа бодвол хамгийн хөнгөн өвчтэй илааршиж эдгэх найдвартай хүн. Шашин бурхан гэж нэг их сүйд болохгүй ч өөрөө өөрийгөө номхотгож нүгэл хилэнцээ цайруулахыг хичээдэг. Тогосын цагаан овоогоо хаяахан бодохдоо дотроо залбирдаг. Ялангуяа хавар намрын цагт сэтгэцийн өвчин нь үе үе сэдэрч "Арвайн тал” мэтийн сэтгэл зүйн драм ч гэж хэлж болмоор ари романс бичих нь цөөнгүй. Түүнийг хуур ятга хөгжимтэй зүйрлэх юм бол намрын хонгор өдөр гэр дээр тавьж гэмээ нь хүний гар хүрээгүй бөгөөтөл хээрийн салхинд хэл орон хөглөгдөж сэтгэл шилрэн, гэрт гадаа тогтож суухын аргагүй нэгэн сайхан аялгуу эгшиглүүлэх бизээ гэж бодогдоно.

6.       Энэ киноны ерөнхий зураглаач Гэсэржавын Маш болбоос намуун дөлгөөн ааштай, инээхээс өөр өвчингүй боловч эмч нар түүнийг юуны учир гал түймэр гарсан ч инээмсэглэж явдгийн оношийг тогтож чадаагүй ээ. Маш болбоос уурлахдаа ч, унтахдаа ч үргэлж инээмсэглэж байдаг ааш занг нь мэдэхгүй хүн харвал аймаар гайхал аа.

Ийм хүмүүс яаж тэр Равжаагийн тухай хүн үзэхээр бүтээл хийхсэн билээ. Олон хүнийг хөлдөө чирч баахан хөрөнгө мөнгө сүйтгээд хээрийн зурганд явсан хэдэн охид хүүхнүүд нь хөл хүндтэй болоод л кино конец болно. Дан нөхөргүй хүүхнүүдийг цуглуулсан сураг дуулдсан. Жилийн дараа баахан эцэггүй бутач хүүхдүүд гарч мөнөөх киноны дараачийн анги цаашаа жинхэнэ ёсоороо амьдрал дээр үргэлжилэх биз гэсэн тоглоом шоглоом нь мэдэгдэхгүй явган яриа гарчээ.

Равжаа бол нэг талаар бидэнтэй адилхан усан нүдтэй, цусан зүрхтэй эгэл хүмүүн, нөгөө талаар ертөнцийн тоосноос тасарсан эгэл бус тэнгэрийн харьяат амьд бурхан гэсэн гол санаа энэ киноны улаан шугам билээ. Тийм ч учраас гол дүрд Сосорбурам шиг халгиж цалгисан, гулгаж тэшсэн цадиггүй их авьяастай ихийг их, багийг бага гэж ялгахгүй барс ирвэстэй ч барьцалдан авахаас буцахгүй хэрнээ төв эрхэмсэг, төгс төгөлдрийг хичээгч монгол хүн л энэ бүтээлийг амьдруулах ёстой. Загвар өмсөгч жүжигчин Байгал нүд хөмсөг уран гоё, нуруу бэлхүүс тэгш дүүрэн сайхан бүсгүй мөнөөсөө мөн боловч моринд мордуулахад байтугай орон дээр хэвтүүлсэн ч уртадмаар хүүхэн билээ. Ямар дунд чөмгөөр нь гандан хийх гэж байгаа биш, хол ойрын эр сүвтэй болгоны сүрийг дарсан энэ анааш шиг өндөр хүүхний оронд бүжиг дэглээч Сүхбаатарын эхнэр Оюунжаргал шиг эрх алаг нүдтэй, нас намба тэгширсэн, хөөгөөд явуулсан ч буцаад ирэхээр хөдөөгийн төрхтэй хүүхнийг тоглуулах хэрэгтэй гэж шүүмжлэх мэргэн бөөдийнүүд ч цөөнгүй байлаа.


Гэвч хүний үгийг тэр бүр сонсох дургүй манай найруулагч өөрийхөөрөө зүтгүүлсээр энэ дэлгэцийн том бүтээлийн ар дээр амжилттай гарсан юм аа. Английн урлагийн академиас эрт эдүгээгийн 8500 гаруй киноноос шалгаруулсан дэлхийн шилдэг зуун киноны 31-д "Догшин хутагтын сахиус” кино алтан жолоо өргүүлж найруулагч маань Холливудад ажиллах урилга авч сүүлийн арав гаруй жил Америкт амьдарч байна.

Говийн догшин хутагт Равжаа хэмээх "галзуу” хүний тухай зургаан "солиотой” хүний хийсэн киноны товч түүх ийн буюу. Хол ойр баруун зүүн аймгуудаар явж киноны зураг авах явцад Равжаа хутагт олон сонин ид шид, эш эрдмийг үзүүлсний нэг нь ардын зураач Доржпалам тэргүүтэй хэдэн зураачид хааш хаашаагаа арваад алд том дэлгэмэл бурхан бүтээх үед тэнгэрт гэнэт өдрийн од толгой дээр нь цацран гэрэлтэхийг тайз дэлгэцийн нэрт зураач Төмөрхуяг нарын цөөнгүй хүмүүс олж харсан байдаг. Мөн Равжаа хутагтын эрдэм ухаан, ил далдыг мэддэг үгүйг нь сорихоор хээр хөдөө худал үхээд хэвтэж байсан гавьяат жүжигчин Магсаржав дээр яг зураг авах үеэр нэгэн хар эрээн могой гулган ирж өвөр түрийгээр нь орох гэж сандаргах сацуу үүлгүй тэнгэрээс гэнэт хэдэн ширхэг бороо шад пад хийн орж үүдэн хоймроос холгүй газар аянга буусан түүх бий. 

Равжааг хэр баргийн найруулагчид барьж авч зүрхлэхгүй ээ. Равжааг, Нямгаваа шиг буюу Равжаа шиг найруулагч л барьж авна. Агуу их Равжаагийн дотоод ертөнцийн гэрэл гэгээ, хөг аялгууг үзэгч олон түмэнд толилуулсан жүжигчин Сосорбурамын бүтээсэн элдэв хэтрүүлэггүй гал цогтой энгийн бөгөөд ааг омог, авьяас эрдэм нь нэгэн биед багтаж ядсан үнэн дүр дүрслэл дэлхийн тайз дэлгэцийн урлагт нэгэн шинэ үзэгдэл болж мөнхөрсөн юм.

Сарны гэрэлд шүлэг тэрлэхэд

Сакура-гийн цагаан цэцэг дэлгэрдэг

Равжаа хутагтын оюуны гэгээ нь хө

Арван тавны саран ч юмуу даа

"Үлэмжийн чанар”-ыг аяланхан сууваас

Үүл нь гарч бороо шивэрдэг

Равжаа хутагтын нутаг нь хө

Ар халхын Утай, Гүмбэн ч юмуу даа.

Эх сурвалж: www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!