Худалдаа хөгжлийн банк ГОК-ийн луйварт оролцжээ

🕔 2017/01/25 11:30

Худалдаа хөгжлийн банк ГОК-ийн луйварт оролцжээ

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол зэс” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх явцад АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Хуралдааны эхэнд байнгын хороон дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд шалгалтын дүнг танилцуулав. Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг Засгийн газраас "Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, Үндсэн хуульд "УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуулийн "Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэж заажээ. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзжээ.

Түүнчлэн дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа Засгийн газраас эхлээд ОХУ-тай зөвшицөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол болон ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт "Хэлэлцэн тохирогч талуудын аль нэг тал нь өөрийн өмчийн хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй байна” хэмээн заасныг зөрчсөн хэмээн Ш.Раднаасэд гишүүн танилцуулгадаа дурьдав.

Тэрбээр "Дээрх үйлдвэрүүдийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт шалгалт хийсэн. "Монгол зэс” корпораци "Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг босгохдоо нэр бүхий дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, "Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, "Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. Мөн Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. "Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгийнх нь 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурьдсан зээлүүдийг нийлүүлэн тооцвол "Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна. Тиймээс ажлын хэсгээс "Эрдэнэт үйлдвэр” болон "Монголросцветмет” компаний 49 хувийг төрийн өмчид эгүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна” гэлээ.

Танилцуулгын дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж, хойшлуулав.
Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!