М. Сийлэгмаа: Арван жилийн өмнөх “Сэлэнгэ” талхны амт одоо ч хэвээрээ

🕔 2016/05/23 18:50

 

Мандалговь хотынхонд "Сэлэнгэ” хэмээх нэрээр танил болсон талхны цехийн эзэн М. Сийлэгмаатай ярилцсан юм. Жижиг үйлдвэрлэлийн талбарт 4 хүнийг ажлын байртай болгож, үйлдвэрлэлээ тогтвортойгоор эрхэлж яваа амжилтынхаа талаар энгийн яриаг тэрээр ийнхүү өрнүүлэв.

-"Талын амт” талхны үүх түүхийг ярианыхаа эхлэл болгоё. Талхны үйлдвэрлэлээ эхлэх болсон нь санаандгүй тохиолдол байв уу, аль эсвэл таны зорилго байв уу?

 - Санаандгүй байсан гэж хэлж болохоор. Миний хувьд талх, нарийн боовчны мэргэжил эзэмшээгүй. Гэхдээ 2006 онд "Сэлэнгэ” талхны цех нээгдэхэд би тэнд ажиллаж эхэлсэн юм. Тэр үед "Сэлэнгэ” талх богино хугацаанд хэрэглэгчдэд танигдаж, борлуулалт сайтай ажиллаж байсан. Цехийг манай аймагт гэр бүлээрээ ирж ажиллаж амьдарч байсан бүсгүй анх нээсэн бөгөөд нутаг буцах үедээ талхны цехээ зарсан юм. Эхлээд манай хамаатны эгч худалдан авч ажиллуулсан. Тэгэхэд би бас л цехээ дагаад ажилласан. Эгч маань удалгүй цехийг зарна гэхэд нь би худалдан авч, одоогийн энэ үйлдвэрлэлээ эхэлсэн юм.

Тэр үед талхны цехээ зарсан бүсгүй талх барих технологио ч харамгүй зааж өгсөн болохоор "Сэлэнгэ” талх "Талын амт” болсон ч амт чанар нь хэвээр хадгалагдаж яваа. Гэхдээ хэрэглэгчид маань хэлж дадсанаараа "Сэлэнгэ” талх л гэдэг юм.

-Мандалговьд талхны хэд хэдэн цех байна. "Талын амт” талх юугаар давуу гэж та хэлэх вэ?

-Сайн анзаарвал манай талх бага зэрэг арзгардуу байдаг юм. Зөвхөн давс, исгэгч л гурилдаа хольдог уу гэхээс хөөлт буулгагч ч гэдэг юм уу, сийрэгжүүлэгч ч гэдэг юмуу, ямар нэг нэмэлт бодис хэрэглэдэггүй. Манай талхыг хэрэглэгчид идэнгэтэй гэдэг. Худалдан авах үнийн хувьд ч манайх тогтвортой байж чаддаг. Гурилын үнэ нэмэгдсэн үед ч гэсэн аль болох үнээ нэмэхгүйг хичээдэг дээ. "Талын амт” талх 750 болон 1500 граммын жинтэйгээр гарна. Үнэ нь 900, 1600 төгрөг байдаг. Дэлгүүрүүд 100 төгрөгөөр өсгөж худалдаалдаг юм билээ.

-"Талын амт” нэртэй боорцог, мушгиа талх дэлгүүрт худалдаалагдаж байсан. Хар талх ч бас... Бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэнэ гэдэг үйлдвэрлэл тогтвортой хөгжиж байгаагийн илрэл биз?

-Хэдэн сарын өмнөөс бүтээгдэхүүний нэр төрлийг нэмье гэж шийдсэн юм аа. Талхны цехээ өөртөө аваад багагүй цаг хугацаа өнгөрсөн ч зөвхөн ганц талхаа л бариад явсан уу гэхээс өөр бүтээгдэхүүн хийе гэж хичээгээгүй ирсэндээ дүгнэлт хийгээд хар талх, чихэртэй мушгиа талх, гэрийн боорцог нэмж хийдэг боллоо.

-Боорцог бол үнэхээр амттай юм билээ шүү.

-Тийм үү. Баярлалаа. Борлуулалт овоо байгаа л даа. Хүмүүс ажлын чөлөө заваасаа шалтгаалаад гэртээ боорцог төдий л хайрдаггүй, ялангуяа орон сууцны айл өрхүүд боорцог хайрах боломжгүй. Гэтэл хүүхдүүд гэрийн боорцогт их дуртай, тэрийгээ үгүйлдэг шиг санагддаг юм. Тиймээс боорцогийг нь хайраад өгье, энэ бол эрэлттэй бүтээгдэхүүн болно гэж бодсон.

-Өдөрт хэдий хэмжээний боорцог хайрдаг вэ?

-40- 50 кг.

-Талхны хувьд...?

-140 гаруй талх барина.

-Багагүй ачаалалтай ажилладаг шиг байна. Хэдэн цэгт борлуулдаг вэ?

-Аймгийн төв, гэр хорооллын хүнсний 30- 40 дэлгүүрт хүргэж өгдөг. Үүнээс гадна Хулд, Луус, Дэлгэрхангай, Өлзийт сумын хүнсний дэлгүүрүүд 3 хоног тутамд захиалгаар авдаг юм. Цаашид хөдөөгийн сумд ру зах зээлээ тэлэх зорилготой байна.

-Дэлгүүрийн лангуунаас буцаж ирэх тохиолдол гарах уу?

-Худалдаалагдаж амжилгүй хадгалалтын хугацаа дууссан талх буцаж ирнэ. Гэхдээ цөөн.Тэгж ирсэн талхыг бид хаяна гэж байхгүй. Хөдөө малаа тэжээчихдэг юм. Малд их аятайхан тэжээл болдог.

-Бүтээгдэхүүний нэр төрлөө дахин нэмэгдүүлэх үү?

-Напелон торт хийхийг хүсч байгаа. Технологийг нь судалж байна.



-Одоо та хэдэн хүнийг ажлын байраар хангаад байна вэ?

-Зөвхөн талх барьдаг байх үеийнхээс одоо ачаалал ихэссэн тул 4 хүн ажиллуулж байна. Талх баригчдаас гадна боорцог хайрагч ажилд авсан. Үүнээс гадна борлуулагч ажиллуулдаг. Борлуулагч бол гол ажил нугална.

-Өдөр бүр шинэ талхны үнэр шинэ эрч хүч нэмдэг байлгүй. Танай цехийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг юм бол?

-Бид чинь өглөө бүр 6 цагт ажлаа эхэлдэг юм шүү дээ. Түүнээс арай өмнөхөн ажилчид маань ирж, яг 6 цагт ажлаа эхэлнэ. Ингэхдээ урьд өдөр жигнээд хөргөж хоносон талхаа хэрчиж уутлана. Өглөө 9 цагт дэлгүүрүүд нээхтэй зэрэгцэн борлуулагч маань тарааж өгнө. Талхаа борлуулагчид хүлээлгэн өгч явуулсаны дараа бид тэр өдрийнхөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхэлдэг юм. Үдээс хойш 15 цаг гэхэд ажлаа дуусна. Энэ бол бидний нэг өдрийн ажлын хэмнэл. Манайхан ч ажилдаа дуртай байдагт би баярладаг юм.

-Та ямар нэг хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгтэй юу?

-Зээл авч байгаагүй. Саяхан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөл өгсөн нь дэмжигдэж 1.5 сая төгрөгийн дэмжлэг ирэхээр болсон. Үүгээр талхныхаа уутыг захиалан авахаар төлөвлөж байна.

-Уутаа хаана захиалдаг юм бэ?

-Хямд төсөр үнэтэй байдаг тул Эрээн хотод хийлгэж авдаг юм. Нэг удаад 50 гаруй мянган уут авна. Уутан дээрээ "Талын амт” гэж бичүүлж хийлгэдэг болохоор гоёмсог болно оо. 50 гаруй мянган уут гэдэг бол манай 7- 8 сарын хэрэгцээ.

-Гурилаа бас их хэмжээгээр татаад авчихна биз?

-Тэгэлгүй яахав. Нэг сарын хэрэгцээгээр "Материал- Импекс”- ээс авдаг. Сардаа 4 тонн гурил авна. Уут савалгаа, гурил түүхий эд тасалдалгүй байвал бүтээгдэхүүний гарц тогтмол, сааталгүй, орлого ашиг ч тодорхой, цэгцтэй байдаг юм.

-Цехийнхээ барилгыг өөрийн орлого ашгаараа барив уу?

-Манайх аймгийн төвд дугуй засварын газар ажиллуулдаг байгаад түүнийгээ зарж, мөнгөөр нь талхны цехээ барьсан юм. Урьд нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо өөрийн гэсэн үйлдвэрлэлийн байртай болсон тул зардал ч багасч, ажлын гарц сайжирсан.

-Яалтгүй тулгараад ирэх бэрхшээл гардаг уу?

-Гурилын чанараас шалтгаалан талхны чанарт өөрчлөлт орж, эрсдэл үүрч байсан үе бий. Гэхдээ энэ бол бизнест тулгардаг л эрсдэл гэж боддог. Жишээ нь өчигдөр өнөөдөр хоёр бүтэн өдөржин цахилгаан хязгаарлагдлаа. Хоёр өдрийн үйлдвэрлэл таг зогслоо гэсэн үг. Энэ мэт асуудлыг эс тооцвол бидэнд бэрхшээл гээд тоочоод байх зүйл байдаггүй. Хамгийн гол нь борлуулалт л жигд байвал болдог.

Харин энд нэг зүйлийг хэлэхэд орон нутагт талх, нарийн боовны үйлдвэрлэлүүд нэг үеэ бодоход бий болчихлоо. Тус тусын бүтээгдэхүүнтэй, орлого ашигтай явж чадаж байна. Гэхдээ зах зээлийн 60 илүү хувийг Улаанбаатараас зөөвөрлөсөн талх, нарийн боов эзэлсэн хэвээр байгаа юм. Үүнд орон нутаг бодлого чиглүүлээсэй гэж хүсдэг.

-Яриа өрнүүлсэн танд баярлалаа. Улам өсөн дэвжихийн ерөөл талбия.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!