ГАЗАР ШОРОО ба ТЭД

🕔 2016/05/21 22:36
-Урт хугацааны түрээс ба тусгаар тогтнолын асуудал-

ГАЗАР ШОРОО ба ТЭД

 



Б.БАДРАЛ

Нэгэн домог: "Хүннүгийн хөрш улс нь элч илгээн өдөж "Сайн морио өг” гэвэл Модун "Ганц мориноос болж хөрштэйгээ муудах хэрэг юун” гээд хамгийн сайн морио өгчээ. Удалгүй нөгөө улсаас шинэ элч ирж "Сайхан эхнэрээ өг” гэхэд "Ганц хатнаас болж хөрштэйгээ муудаж юу хийнэ” гээд хайртай эхнэрээ өгч. Харин гурав дахь удаад ирсэн харийн элч "Хамгийн үржил шимгүй газраа өг” гэхэд нэг түшмэл нь "Үржил шимгүй газрыг өгвөл зохилтой " гэхийн хариуд Модун хаан "Газар бол төр улсын үндэс. Хэрхэвч өгч үл болно” гэж хилэгнэн газраа өгөхийг зөвлөсөн түшмэлийг хүндээр шийтгээд нутгаа хамгаалахаар цэрэг хөдөлгөсөн”. 
Газар гэдэг ямар ч төр улсын үндэс байдаг тул газар нутгийн төлөөх маргаан хамгийн хатуу ширүүн байхаас өөр аргагүй. Модун Шаньюгаас хойш олон мянган жил өнгөрсөн ч энэ асуудал хурц хэвээр. Сүүлийн үед "Газраа ТЭДЭНД бүр өгөх гээгүй, ЕРДӨӨ 30 ЖИЛ түрээслэчихээд дараа нь буцааж авах гээд байна. Ганц гарын үсэг зурсан төдий хуруугаа хөдөлгөөд ТЭДНЭЭС МӨНГӨ АВЧ  ажлаа хийлгэж баяжих гээд байхад та нар ойлгодоггүй тэнэгүүд үү?” гэх яриа дуулдах болов. 

Манай улсын "үржил шимгүй” газрын урт хугацааны түрээсийн тухай

Дэлхийн гэлтгүй жижиг бүс нутгийн улс төр ба цэрэг дайны байдал таван жилийн дараа яаж өөрчлөгдөхийг хэн ч хэлж чадахгүй байгаа орчин үед 30, тэр тусам 100 жилийн дараа юу болохыг мэдэх хүн байна уу? 100 жилийн дараа буцааж авах, өгөх дээрээ тулахад байдал яаж эргэхийг хэн мэдэж байна вэ? "100 жилийн дотор бүх юмыг нь ухаж зөөгөөд нэгэнт хамгийн үржил шимгүй газар болсон тул ТЭДЭНД бүр өгвөл зохилтой”  гэх бас нэг түшмэл гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. 

"Хамгийн үржил шимгүй газар ”-ын тухайд зарим "суут ухаантан”:  "Дэлхийн хамгийн супер банкууд нүүрс олборлолтын салбарт хөрөнгө оруулалт хийхгүй гэж мэдэгдсэн. Иймд 40-50 жилийн дараа гэхэд тэр нүүрс хэнд ч хэрэггүй хог болно. Түүнээс өмнө амжиж ТИЙШ нь зөөх хэрэгтэй. Тэгээд ч нүүрсний тоосонцор, том машинд талхилагдаад газар нь мал бэлчих нь бүү хэл өвс ургах боломжгүй шахуу болсон хамгийн үржил шимгүй газар” гэсэн утгатай тайлбар өгөх. 

Гэтэл 50 - 70 жилийн дараа газрын тосны нөөц шавхагдан шатахууны үнэ тэнгэрт хадах тухай нөгөө супер банкууд нь анхааруулаад байдаг. Тэр цагт ад үзэгдээд, "хог шаар” гэж дуудагдаад байгаа тэр олон тэрбум тонн нүүрс нь түлш гаргаж авдаг гол түүхий эд,  хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ болно. Ийм ч учраас аюулгүй, хямдаар нүүрснээс бензин, дизель түлш гаргах шинэ арга боловсруулах дээр Герман, Япон, ОХУ ба ТЭД ч бас ажиллаж байна. Удалгүй "хамгийн үржил шимгүй, хогноос өөр юмгүй” ГАЗАР нь  НАНДИН ЭРДЭНЭ болж хувирна. 
ТЭД үүнийг мэдэхгүй байх аргагүй, ТЭД НАРИЙН БОДЛОГОТОЙ, хамгийн гол нь ИРЭЭДҮЙГЭЭ ХАРДАГ, ХҮЛЭЭЖ ЧАДДАГ, шаардлагатай гэж үзвэл 100, 200 жил хүлээж чаддаг гэдгийг түүх гэрчилнэ.


Бусад улсын үржил шимтэй газрын 
урт хугацааны түрээсийн тухай


Ер нь ТЭДЭНТЭЙ  холбоотой газрын түрээсийн маргаан зөвхөн манай улсаар хязгаарлагдахгүй. Саяхан Казахстанд гэхэд л хөдөө аж ахуйн зориулалтай газрыг гадаадын иргэдэд 25 жил хүртэл хугацаагаар түрээслэхийг зөвшөөрсөн хууль баталсантай холбоотойгоор олныг хамарсан жагсаал цуглаан болсон нь үүний нэг жишээ. Европчууд, оросуудад Казахстанд ногоо тарих шаардлагагүй тул хэн орж ирэх нь ойлгомжтой. Иймд ТЭДЭНД ногоо тарь гээд газар түрээслэе гэж бодоход ажиллах хүчээ оруулж ирнэ, дагаад ар гэр нь ирнэ, орон сууц барина, НУТАГ дээр нь бэхжээд, түшмэдүүдийг авилгадаад буцаж явахааргүй болно гэж айж байгаа тухайгаа интернэтэд олон казах хүн бичсэн байх юм. Казахстаны сөрөг хүчний зарим төлөөлөгч нь эрх баригчид ТЭДНЭЭС авсан асар их зээлийн төлбөр болгож ГАЗАР өгч байгаагаа түрээс нэрээр далдлаж байна гэж шууд бичсэн байсан. Энэ мэт олон нийтийн дургүйцлийн улмаас Казахстаны эрх баригчид тус хуулийн үйлчлэх үйлчилж эхлэх хугацаанд түр хориг тавьсан.

Манай танай газрын маргааныг 
шийддэг бодлого


Нутаг буцаж явахааргүй болдог тухайтай холбоотой үйл явцыг бид ч биеэрээ мэдэрч байсныг одоо санах хүн цөөн болж. 1949 онд ТЭД хоорондоо хоёр талцаж байлдаад онигоон дээр гардаг "Карл, Маркс, Фридрих, Энгельс гэдэг дөрвөн хүн”-ий сургаалийг дагагчид нь ялж, дагаагүй нь ялагдаад арал руу зугатсан гэдгийг уншигч та мэдэж байгаа. Ердөө жилийн дараа бид ялагчидтай нь Элчин төлөөлөгчийн газраа солилцон хоёр улсын хооронд хилийн шугам тогтоохдоо маш ихийг алдсан. Оспаны дээрэмчдээс баатарлагаар хамгаалж байсан Байтаг –Богд одоо ТЭДНИЙ ГАЗАР. Яагаад? ТЭД аль дөчөөд оны үеэс энэ газар нутагт санаархаж олон айл Байтаг-Богдыг давж ирээд тариа ногооны газартай, байшин барилгатай гээд бүх л зүйлтэй болчихсон байсан. Ингээд хилийн шугам тогтоох болоход "нутгийн ард түмний” санал асуулга, хоёр талын комиссын удаан хугацааны уулзалт ярилцлагын үр дүнд яаж ч чадалгүй Байтаг-Богд хилийн цаана гарсан. Халх голын дайнаар япончуудад алдсан Мана уулыг ТЭД МАНАЙ ГАЗАР гээд эргүүлж өгөөгүй. Нөмрөг гол, Нөмрөгийн халуун рашаан гэх мэт үзэсгэлэнт газар нутаг бол яалт ч үгүй аргагүй монголчуудын олон жил нутагласан газар нутаг байсан ч одоо ТЭДНИЙ ГАЗАР. 

ТҮҮХЭН НУТАГ 
гэгдсэн бусад маргааны тухай


ТЭД энэ мэтээр маш олон улстай МАНАЙ ТҮҮХЭН НУТАГ гэсэн маргаан явуулж, аргадаж дийлэхгүй бол алгадаж чаддаг гэдгийг дэлхий даяар л ярьж байна. Тэртээ 1965 онд ТЭДНИЙ агуу удирдагч нь "Бид Вьетнам, Тайланд, Бирм, Малайз, Сингапурыг оруулаад Зүүн Өмнөд Азийг заавал өөрийн болгох ёстой. Зүүн Өмнөд Азийн бүс нутаг нь маш баян, хэрэгтэй ашигт малтмал их тул авахын тулд ямар ч зардал гаргаж болно. Ирээдүйд энэ бүс нутаг манай аж үйлдвэрийг хөгжүүлэхэд тун ч хэрэгтэй” гэж хэлсэн гэдэг. 

1.
Энэтхэгийн Аруначал Прадеш гэдэг мужийг нь МАНАЙ ТҮҮХЭН НУТАГ гэж булаацалдаад 50 гаруй жил болж байна. Үүнээс болж 1961-1962 онд зэвсэгт мөргөлдөөн болж дараа нь хэд хэдэн удаа хээрийн сургууль явуулан байлдах дээрээ тулаад буцаж байсан. Маргаантай газар нутгийн хэмжээ 80 мянга гаруй км.кв.

2.
Зөвлөлт задран унасны дараагаар Хятадтай хил залгадаг Азийн Бүгд найрамдах улсууд тун хүнд байдалд орсон. Жишээлбэл, Зөвлөлтөөс уламжлагдан ирсэн хилийн маргааны асуудлыг яаралтай шийдэх шаардлага. ТЭД ид хүчээ авч, харин нөгөөдүүл нь эдийн засгийн хямрал, ард иргэдийн бухимдал гээд далаараа тавиулахын наахнуур байсан тул МАНАЙ ТҮҮХЭН ГАЗАР гэсэн маргаан ТЭДНИЙ ялалтаар төгссөн нь ойлгомжтой. Казахстан гэхэд л маргаантай газар нутгийн талаар тохиролцоонд хүрснээр ТЭДЭНД 407 км.кв нутгаа өгч маргааныг тасалсан. Киргиз 12 км.кв нутгаа өгсөн бол  ТЭД Тажикистанаас 28 мянган км.кв ГАЗАР нэхээд эцэст нь "өрөвдөөд” 1358 кв. км –ийг нь аваад тохирсон. Гэвч сүүлийн үед Уулын Бадахшан нэртэй Памирын нуруу түшсэн уулархаг мужийг нь өрийн төлөөс гэж бүхэлд нь авсан сураг гараад л байгаа. Тажикистаны эрх баригчид сонгуульд ялах, ард иргэдээ аргадах гэх мэт зорилгоор асар их хэмжээний зээл авчихаад эргүүлж өгөх чадваргүй болсон тул энэ нутгийг төлөөс болгон өгсөн гэсэн яриа ч явж байна.

3.
Бутан нэртэй жижигхэн улс Гималайн нуруунд байдгийг та мэддэг үү? Газар нутаг нь ердөө 38,3 мянган км.кв. Харьцуулахад манай Баянхонгор аймаг гэхэд л ГАЗАР НУТАГ нь 116 мянган км.кв. Энэ улсын 270 км.кв  нь МАНАЙ ТҮҮХЭН НУТАГ  гарцаагүй мөн тул буцааж өг гэж ТЭД шаардсан байдаг. Жижигхэн газар нутагтай улс ийм газраа өгчихвөл бүр балрах тул Бутан мэдээж зөвшөөрөөгүй. Сүүлдээ ТЭДНИЙ нөлөөнөөс хамгаалахын тулд залгадаг хилээ хааж, өмгөөлөл хайн Энэтхэгийг бараадаж, түших болсон аж.

4.
Филиппинчүүдтэй Наньша гэж нэрлэгддэг олтригийг бүрдүүлдэг жижиг арлуудын талаар маргаантай. 1970 онд Филиппин хэдэн арлыг өөрийн мэдлийн гэж үзэн цэргээ байршуулсныг булаан эзлэлт гэж шүүмжилдэг. Энэ оны дөрөвдүгээр сард гэхэд л Чунье нэртэй арал дээрээ Филиппинчууд цэргийн нисэх буудал барих төлөвлөгөөтэй байгааг эрс шүүмжлэн МАНАЙ  ГАЗАР НУТАГ тул дээрээ нь юу ч барьж болохгүй, манай бүрэн бүтэн байдлыг хүндлэн, маргаантай асуудлыг зөв замаар шийдэхийг уриалсан. 

5.
Японоор Сенкаку ТЭДНИЙ хэлээр Дяоюй гэж нэрлэгддэг олтригийн маргааныг дэлхий даяар онцгойлж байсан тул та лав дуулж байсан байх. Эдгээр бүлэг арал буюу олтригийг Япон 1895 онд хэний ч биш нутаг, хүн амьдардаггүй гэдгээр шалтаглан өөрийн болгосон. Гэвч ТЭД эдгээр арлыг бүр XV зуунаас мэддэг байсан гээд МАНАЙХ гэсэн. Хүн амьтангүй, өчүүхэн жижиг бүлэг арлыг булаацалдах ямар шаардлага байна вэ?  Захаас нь харвал байхгүй ч залгуулаад харвал эдгээр арлыг тойрсон далайн ёроолд асар их хэмжээний газрын тос, шатдаг хий байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр арлын эзэн нь ойролцоох эд баялагийн эзэн гэсэн үг. Сонирхолтой нь "дөрвөн хүний” сургаалийг дагалгүй арал руу хөөгдсөн ТЭДНИЙ зарим нь эдгээр арлыг мөн өөрийнх гэж үзэн булаацалддаг гэдгийг хэлэх хэрэгтэй.

6.
Оростой бүр Манж Чин гүрний үеэс л газар нутгийн маргаантай байсан. Нерчугийн гэрээ гэдгээр 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Орос хоёр хилээ тогтоосон байдаг. Энэ гэрээ ёсоор одоо Оросын Алс Дорнод гэгдэж байгаа бүх нутаг, Байгаль нуур, Буряд Манжийн мэдлийнх болсон. Гэвч дараа нь, Манж гүрэн доройтох цагт 1858 Айгуны, 1860 онд Бээжингийн гэж нэрлэгдсэн шинэ гэрээ байгуулж бүх газрыг эргүүлж авсан. Чин гүрэн үгүй болж ТЭД өөрийн гэсэн улсыг байгуулсан ч Зөвлөлт Оростой тогтоох шинэ хилийг Нерчугийн гэрээний дагуу хийхийг оролдож байсан үе ч бий. Зөвлөлттэй газар булаалдаж Дамань арлын төлөө ширүүн байлдаж олон хүнээ алдаж байсан түүх бий. Зөвлөлт задарсны дараа Оросын тал маш хүнд байдалд орсон тул элдэв маргаанаас төвөгшөөж хилийн шугамаа шинээр татахдаа маргаантай гэгдэж байсан ихэнх газрыг үг дуугүй ТЭДЭНД өгч найрамдалтай болсон. Одоо МАНАЙ УУГУУЛ НУТАГ гэсэн маргааныг Оростой хийх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Харин арал руу зугатсан хэд нь Чин гүрний үеийн хилийг МАНАЙ ТҮҮХЭН ХИЛ  гээд  сэргээнэ гэдгээ нэг их нуугаад байдаггүй. Үүний тулд хүлээх л хэрэгтэй гэсэн бодолтой. 100 эсвэл 200 жил хүлээгээд их газраа өөрийн болгоод авбал МАНАЙ ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ гэсэн маргаанаа эхэлнэ. Тэр цагт Оросын нутаг гэгдэж байгаа Тувагаас эхлээд Алс Дорнод, Өвөр байгаль гэх мэт газрыг өөрийн болгохоор аргадаж, алгадаж эхлэх байх. Арал дээрх хэдийн УУГУУЛ НУТАГ гэсэн ашиг сонирхолд манай улс "үржил шимгүй” бүх газар "хэдэн жилийн дараа хэнд ч хэрэггүй болох бүх хог”-ийн хамт багтдаг гэдгийг нэмж хэлье.

7.
Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлуудыг тойрсон ТЭДНИЙ хүслийн талаар хэлэлгүй өнгөрч болохгүй. Спартли, Параселийн гэгддэг олон жижиг арлуудыг тойрсон маргаан юм. Тэд эдгээр арлыг өөрийн УУГУУЛ НУТАГ гэж Вьетнам, Малайз, Бруней зэрэг улсуудтай бүгдтэй нь маргадаг гэж болно. Вьетнамтай бол 1979 онд бүр байлдаж амжсан. 
Эдгээр арал нь арилжааны усан онгоцны замд байрласан стратегийн чухал ач холбогдолтойгоос гадна ойр орчмоос нь газрын тос, шатдаг хийн асар их нөөцтэйгээс,загас агнуурыг маш том нөөцтэй тул ингэж маргахаас өөр аргагүй. 

8.
Арал руу зугтаж гарсан хэдийн тухайд гэвэл ТЭД удалгүй эргүүлж авна гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэгээд ч ТЭД ХҮЛЭЭЖ ЧАДДАГ. Арлын хэд үргэлж АНУ-аар бамбай хийгээд байж чадахгүй. Тэр болтол 100 жил шаардлагатай байсан ч ТЭД ХҮЛЭЭЖ ЧАДНА.
ТЭД  газар нутгийг төрийн үндэс гэдгийг ингэж л сайн ойлгодог, үнэхээр НАРИЙН БОДЛОГОТОЙ , хамгийн гол нь ИРЭЭДҮЙГЭЭ ХАРДАГ, ХҮЛЭЭЖ ЧАДДАГ, шаардлагатай гэж үзвэл 100, 200 жил хүлээсэн ч чаддаг. Харин бид уг нь толгойтой бол толгойтой, хөлтэй бол хөлтэй, гартай бол гартай адилхан л хүн. ХҮЛЭЭХ, АЛСЫГ ХАРАХ, НАРИЙН БОДЛОГО боловсруулахын оронд "Үржил шимгүй газрыг өгвөл зохилтой” гээд хамгийн хялбар аргаар, хамгийн богино хугацаанд, хамгийн их ашиг олно гээд л улайрах юм.  
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!