Монголчууд Цагаан сараа хэзээ тэмдэглэх нь зүйтэй вэ

🕔 2017/01/04 13:43

Сүүлийн жилүүдэд зурхайчид цагаан сараа хэзээ тэмдэглэх талаар маргаан дэгдээж, иргэдийн төөрөгдүүлэх болсон. Энэ жил ч мөн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шинийн баяраа хэзээ тэмдэглэх талаар зөрүүтэй мэдээлэл цацагдаж, олон нийтийн эргэлзээг төрүүлээд байгаа. Учир нь Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооноос Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нэгдүгээр сарын 28-ны өдөр тохиож байгаа гэдгийг тайлбарласан. Харин Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинийн баярыг хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа гэдгийг мэдээлж байгаа юм. Тэгвэл тэдний баяр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.

 

 

М.Намсрай: Монголчууд Цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэх нь зүйтэй

 

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай  энэ жил Монголчууд Цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа мэдээлсэн. Тэрбээр "Монголчууд бид Цагаан сараа 1807-2016 оны хооронд 2009 удаа тэмдэглэхдээ 134 удаа буруу, 75 удаа зөв өдөр шинэллээТүвдийн зурхайгаар Цагаан сараа тэмдэглэвэл 2016-2046 хооронд дахиад 23 удаа буруу удаа шинэлж эхлэхээр байна. Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй өдрүүдэд мэндэлсэн хүүхдүүд амьдралынхаа туршид буруу жилтэй, буруу төөрөгтэй амьдарна. Жишээлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд мэндэлсэн хүүхдүүд Монгол шар зурхайгаар тахиа, Төгс буянт зурхайгаар мичин жилтэй болох нь.

 

Төгс буянт зурхайгаар энэ жилийн Цагаан сарыг хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ гэж үзэж байгаа нь буруу. Монголчууд Цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэх нь зүйтэй.

 

Хубилай хааны "Цагийг мэдээлэх зурхай" буюу Монгол шар зурхай бол байгаль хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, Монгол төрийн сонгодог зурхай. Гол нь байгаль дэлхийн аяг, араншинг үндэслэж Цагаан сар нэгдүгээр сарын 28-нд эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь нэгдүгээр сарын 20-оос цаг агаар уярчихна.

 

Би 2004 оны нэгдүгээр сарын 23-нд Цагаан сараа тэмдэглэхэд яг өнөөдрийнх шиг дулаахан, цас хайлж байсан. Хэтэрхий шашны талыг баримталж байгаагийн улмаас Монголчууд Цагаан сараа буруу өдөр тэмдэглэж байна. О.Жамъяан гуай нэгэнтээ "Төгс буянт зурхай байгаль, дэлхий, Монголын Цагаан сартай таарахгүй байна. Орчин үеийн он тооллоор нэгдүгээр сарын 21-ээс хоёрдугаар сарын 21-ны хооронд Цагаан сараа тэмдэглэх нь зүйтэй" гэж хэлсэн удаатай. Сүүлийн жилүүдэд Монголчууд Цагаан сараа буруу өдөр тэмдэглэх нь ихэслээ. Иргэд ч төөрөгдөлд орж, бухимдаж байна. Энэ жилийн тухайд гарцаагүй нэгдүгээр сарын 28-нд Цагаан сараа тэмдэглэх нь зөв.

 

Ж.Одгарьд: Хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохионо

 

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу цагаан сарыг хэзээ тэмдэглэх талаар ийнхүү өгүүлж байна. Тэрбээр "Гандантэгчэнлин хийд, Бурханы шашны зонхилох байгууллагууд, төр засгийн зүгээс ч  нийтлэг мөрдөж буй он тооллын зурхайгаа алдаа мадаггүй гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ дагуу ирэх жилийн сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27-нд тохиох хэвээрээ.

 

Хоёрдугаар сарын 26-нд бичин жилийн өвлийн адаг сарын битүүн тохионо. Хувь хүний хийж байгаа мэдээлэл дээр бид байр сууриа илэрхийлэх шаардлагагүй. Ард иргэд олон хүний өөр өөр мэдээлэлд автахгүйгээр төрийн барьж байгаа баримтлал, шашны зонхилох байгууллагуудаас барьж байгаа зурхайн ёсоор голчилж явах нь зүйтэй.

 

Төгсбуянтын зурхайн ёсоор сар ургах, шингэх, гариг эрхэсийн нөлөөлөөс шалтгаалаад давхцах, тоо нь зөрөх байдаг. Төгсбуянтын зурхай түүнийг нь тааруулж, нилээд төгөлдөржүүлсэн байдаг. Түүнээс биш шууд нарны тоолол шиг тоо дарааллуулаад, сар ургах, шингэхийг тооцоолохгүй байж болохгүй.

 

Үүнийг дагаж буй Төгсбуянтын зурхай бол гарцаагүй Монгол нутагт, Монгол газарт зохицсон гэж хэлж болно. Мөн зурхайн ёсонд хойд уул, эсвэл Богд уулын орой дээр гарахад зурхай зурах ёс нь зөрүүтэй гарна гэх мэтээр газрын байрлал тодорхойлох, од эрхэсийн ургах шингэхийг тооцоолоход зөрүүтэй гарна гэж үздэг. Сарны үзэгдэх хугацаа газар газар ондоо байдаг тул нэгдүгээрт, орон нутгаар нь салгаж, хоёрдугаарт тухайн газар орны онцлогийг харуулж зурдаг.

 

Тиймээс Монгол нутагт баримтлаж байгаа Төгсбуянтын зурхай бол энэ бүгдийг судлаж, олон талын тооцооллуудыг үндэслэж байж гаргадаг.

 

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!