М.Намсрай: Монголчууд энэ жил нэгдүгээр сарын 28-нд шинэлэх нь зүйтэй
Сүүлийн жилүүдэд цагаан сараа хэдэнд тэмдэглэх нь иргэдийг багагүй төөрөгдөлд оруулдаг болоод байгаа билээ. Зурхайч бүр л шахам өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлж байгаа нь иргэдийг ийн төөрөгдөлдүүлдэг юм. Энэ жил хоёрдугаар сарын 28-нд шинэлэх нь зүйтэй хэмээн зурхайч Л.Тэрбиш үзсэн.
Харин энэ жил монголчууд цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэж эхлэх нь зүйтэй хэмээн Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрайтай үзэж байна.
Тэрээр энэ талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
М.Намсрай тус хурлын эхэнд "Монголчууд бид цагаан сараа 1807-2016 оны хооронд 2009 удаа тэмдэглэхдээ 134 удаа буруу, 75 удаа зөв өдөр шинэллээ. Түвдийн зурхайгаар цагаан сараа тэмдэглэвэл 2016-2046 хооронд дахиад 23 удаа буруу удаа шинэлж эхлэхээр байна.
Шинэлэх ёсоо буруу өдөр товлосноос болж тухайн зөрүүтэй өдрүүдэд мэндэлсэн хүүхдүүд амьдралынхаа туршид буруу жилтэй, буруу төөрөгтэй амьдарна. Жишээлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 27-ны хооронд мэндэлсэн хүүхдүүд Монгол шар зурхайгаар тахиа, Төгс буянт зурхайгаар мичин жилтэй болох нь.
Төгс буянт зурхайнхан энэ жилийн цагаан сарын сарын хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ гэж үзэж байгаа нь буруу. Монголчууд цагаан сараа нэгдүгээр сарын 28-нд тэмдэглэх нь зүйтэй" хэмээн онцоллоо.
Энэ үеэр зурхайч М.Намрайтай цөөн хором ярилцлаа.
-Та яг ямар үндэслэлээр цагаан сар нэгдүгээр сарын 28-нд эхлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-Хубилай хааны "Цагийг мэдээлэх зурхай" буюу Монгол шар зурхай бол байгаль хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, Монгол төрийн сонгодог зурхай. Гол нь байгаль дэлхийн аяг, араншинг үндэслэж, цагаан сар нэгдүгээр сарын 28-нд эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь нэгдүгээр сарын 20-оос цаг агаар уярчихна.
-Байгаль, дэлхийн аяг, араншинг үндэслэсэн гэлээ. Одоогоор ямар шинж, тэмдэг илэрч байна вэ?
-Би 2004 оны нэгдүгээр сарын 23-нд цагаа сараа тэмдэглэхэд яг өнөөдрийнх шиг дулаахан, цас хайлж байсан. Хэтэрхий шашны талыг баримталr байгаагийн улмаас монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэж байна.
-Хоёрдугаар сарын 28-нд цагаан сараа тэмдэглэх нь буруу гэдгийг яаж батлах вэ, та?
О.Жамъяан гуай нэгэнтээ "Төгс буянт зурхай байгаль, дэлхий, Монголын цагаан сартай таарахгүй байна. Орчин үеийн он тооллоор нэг нэгдүгээр сарн 21-ээс хоёрдугаар сарын 21-ны хооронд цагаан сараа тэмдэглэх нь зүйтэй" гэж хэлсэн удаатай. Сүүлийн жилүүдэд монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэх нь ихэслээ. Иргэд ч төөрөгдөлд орж, бухимдаж байна. Энэ жилийн тухайд гарцаагүй нэгдүгээр сарын 28-нд цагаан сараа тэмдэглэх нь зөв.
Эх сурвалж: Unuudur.mn
Эх сурвалжийн линк: http://unuudur.mn/article/91870