Монголын далбаатай хөлгүүд Крымыг бараагаар хангаж байна

🕔 2016/12/20 14:18

 

Украины Ерөнхий прокурор асан Святослав Пискун гэгч мэдэгдэл хийх үеэрээ манай улсын талаар дурьдсан нь анхаарал татав. Крымд нэвтэрч байгаа гадаадын хөлөг онгоцыг шалгадаг "Майдан Гадаад харилцаа” сангийн судлаач А.Клименкогийн хэлснээр, одоо Монгол Улсын далбаатай 10 гаруй хөлөг онгоц Крымын боомтуудад тогтмол нэвтэрч байгаа аж.  

ОХУ Крымыг нэгтгэсний дараа буюу 2014 оны зургадугаар сарын 16-наас хойш Украин улс Крымын хагас арал руу олон улсын хөлөг онгоц оруулахыг хоригложээ. Улмаар Европын холбоо, АНУ ч энэ шийдвэрийг дагаж, хөлөг онгоцуудаа Крымын боомтуудад оруулахаа больсон аж. Ингэснээр Крымд усан замаар хэрэгцээт бараа бүтээгдэхүүн очиж чадахаа больж, нэг ёсондоо шахалт үзүүлэх ёстой байв. Гэтэл Киевийн энэ санаа нь бүтэлгүйтжээ. Крымд ачааны хөлөг онгоцууд урьдын адил орж, гарч, наймаа худалдаа урьдын адил явагдаж байгаа болохоор тэд сэтгэл маш дундуур байх нь аргагүй. Крымд санал асуулга явагдсаны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей хуралдаж, Крымын санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулахад 100 улс "Хууль бус”, 11 улс "Хуулийн дагуу” гэсэн санал өгч, 58 улс татгалзсан. Энэ санал асуулгын цаад зорилго нь Крымд явагдсан санал асуулгыг хууль бус болсон гэдгийг дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, Крымд цэрэг оруулсан ОХУ-ын үйлдлийг буруутгаж, хориг тавих болон бусад шийтгэлийн арга механизмыг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэгийг авах явдал байсан юм. Өөрөөр хэлбэл, "Хууль бус” хэмээн зөвшөөрч саналаа өгсөн 100 улс цаашид Крымыг дэмжих эрхгүй болсон. Гэтэл одоо Крымыг бараа таваараар хангаж байгаа хөлөг онгоцуудын дунд тэдгээр 100 орны хөлгүүд байгаа нь украинчуудыг онцгой ихээр бухимдуулж байгаа аж. Украиныг хамгийн ихээр дэмждэг Европын холбоо, Туркийн онгоцууд бүртгэлээ өөрчлөх замаар Крымын боомт руу нэвтэрч байгаа юм байна. Ингэхдээ НҮБ-ын санал асуулгад татгалзсан буюу түдгэлзсэн санал өгсөн улсуудыг ашиглаж байгаа ажээ.

Манай улсын хувьд, НҮБ-ын санал асуулгад түдгэлзсэн санал өгсөн учир аль нэг талынх нь эрх ашгийг хамгаалах албагүй, хөлөг онгоцонд нэвтэрч байгаа хөлөг онгоцонд далбаагаа ашиглуулснаар олон улсын гэрээ конвенцийг зөрчөөгүй. Гэхдээ А.Клименкогийн ярианы байдлаас "Далбааны” асуудал өөр салбарт ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй” гэж санагдахаар байгаа юм. Тэрээр "Туркийн онгоцууд хоёр аргаар Крымд нэвтэрч байна. нэгдүгээрт, тэд бүртгэлээ НҮБ-ын санал асуулгад түдгэлзсэн болон татгалзсан орнуудын оффшор арлууд руу шилжүүлж байна. Хоёрдугаарт, тэдгээр орнуудын төрийн далбааг ашиглах болсон. Тэд одоо бүгд Монголын далбаанд орсон. Бидний өмнө Монгол гэсэн далайн том эрх ашиг гарч ирлээ. Гэхдээ зүгээр орхихгүй, арга хэмжээ авах болно” гэсэн байсан юм.

Монгол Улсын далайн захиргаа энэ талаар "Монгол Улс ОХУ-тай хэвийн харилцаатай. НҮБ-ын санал асуулгад төвийг сахисан хариулт өгсөн. Тийм болохоор Монголын далбааг тавьчихвал Крымд нэвтэрч болох юм байна гэсэн бололцоог олж харсан байх. Гэхдээ А.Клименкогийн мэдэгдэлд хөлөг онгоцных нь нэр байхгүй байгаа учраас шалгах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

 http://news.zindaa.mn/1wp5

Б.Цогт-Ирээдүй

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!