Б.Дэлгэрсайхан: Би оффшор дансаа захиран зарцуулах эрхгүй болсон

🕔 2016/12/07 10:36
 

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаах шийдвэр гаргасан. Ингэснээр уг хуулийн төслийг Засгийн газарт буцаах байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулахаар болоод байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-ОФФШОРТ БАЙГАА МӨНГИЙГ ШУУД АВААД ИР, УЛСЫН ОРЛОГО 

БОЛГОНО ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ-


-Та хуулийн төслийг Засгийн газарт буцаах шийдвэрийг дэмжлээ. Яг ямар шалтгааны улмаас хуулийн төслийг илүү чамбайруулж, сайжруулах ёстой гэж үзэж байна вэ?

-Төрийн өндөр албан тушаалтан оффшорт данс эзэмшихийг хориглосон хууль орж ирээд,  байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газарт буцаах асуудлаар гишүүд санал нэгдлээ. Ерөнхий утгаараа хуулийн утга санаа нь зөв. Гэхдээ хуулийн төсөл дээр зайлшгүй засаж, сайжруулах ёстой хэд хэдэн асуудал байсан. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтан гадаадад данс эзэмшихийг хориглоно гээд оруулаад ирсэн. Ингээд шууд хавтгайруулчихаар төрийн өндөр албан тушаалтан эмчилгээнд явах, үр хүүхдээ гадаадад сургах зэргээр наад захын энгийн хэрэгцээгээ зохицуулахын тулд хууль зөрчих нөхцөл байдал үүсчих гээд байна. Төрийн өндөр албан тушаалтан чинь адилхан л хүн. Ар гэр, гэр бүлтэй улсууд. Ийм байдлаар хавтгайруулчихаар хувь хүний дансыг шууд хөдөлгөөнгүй болгочихно. Үүнийхээ оронд оффшор гэдэг тодорхойлолтоо хуулийн хүрээнд томъёолоод, тэр бүсүүдэд данс эзэмшихийг нь хориглох хэрэгтэй.

-Оффшорын бүс нутгуудын нэрийг хуулиндаа тухайлан заах санааг бусад гишүүд ч дэвшүүлж байсан?

-Хуульзүйн сайд өөрөө гаргаж ирж, танилцуулж байсан. Панам, Виржини муж ч юм уу, яг энэ нэрээр нь хуулийнхаа төсөлд оруулж болно. Тэгээд хуулийнхаа хүрээнд сонгуульд нэр дэвшихдээ үүнийгээ ил тод мэдээллэж, сонгогдсон бол тодорхой хугацаанд дансаа зарцаах зэргээр арга хэмжээгээ аваад явж болох зохицуулалт үүсгэх хэрэгтэй. Төрийн өндөр албан тушаалаасаа буух үедээ миний энэ зарцаасан данс яг хэвээрээ байна гэж эргүүлж мэдүүлэх зэргээр хуулиндаа тусгаж болно. Хууль батлагдуут оффшорт байгаа мөнгийг шууд аваад ир, улсын орлого болгоно гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь хууль батлагдсанаар мэдүүлэх асуудал нь чухал. Хууль ёсны дагуу мэдүүлээд, Монголд оруулж ирэх боломжтой бол оруулаад ирэх ч юм уу. Хуулиа энэ мэтээр тодорхой болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Гэтэл энэ хууль бүх зүйлийг болохгүй талаас нь харагдуулаад байна.

-Төрийн өндөр албан тушаалтны гэр бүл, ах дүү хамаатан садныг энэ хуулийн үйлчлэлд оруулах Т.Аюурсайхан гишүүний саналын тухайд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Төрийн өндөр албан тушаалтны эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан саданг гадаадад данс нээлгэж болохгүй гэж хэтэрхий хавтгайруулж болохгүй. Ингээд ирэхээр хууль өөрөө хэрэгжих боломжгүй байдал үүснэ. Нэг хүний эргэн тойрон дахь өөр олон хүний Үндсэн хуулинд заасан эрхийг зөрчинө. Өнөөдөр гадаадад данс нээж, хувьцаа худалдаж аваад, буцаагаад зарах замаар ашиг олж байгаа залуус өчнөөн байна. Гэтэл гэр бүл, хамаатан садных нь хэн нэгэн төрийн өндөр албан тушаалд орсноороо бусдынхаа бизнес хийх эрхэнд халдаж болохгүй биз дээ. Би ийм л зүйл ярьсан. Хуулийн агуулга нь өөрөө буруу байсан. Тэгэхээр хуулийн төслөө буцааж татаад, гадаад орнуудын сонгодог хуулиудыг судалж, хуулаад оруулаад ир гэж байгаа юм.

-Гэхдээ төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүдийг таны дээр дурдсанчлан оффшор бүсүүдэд данс эзэмшихийг хориглохыг хуулиндаа зайлшгүй тусгаж өгөх хэрэгтэй биш үү?

-Үүнийг хууль санаачлагчид л мэдэх байх. Ер нь төрийн өндөр албан тушаалтанг  оффшорт данс эзэмшихийг хориглож байгаа бол гэр бүл, үр хүүхдийг нь давхар хааж өгөх нь зөв. Ингэж хорьж өгөхгүй бол төрийн өндөр албан тушаалтан гэр бүл, үр хүүхдийнхээ нэр дээр мөнгөө байршуулах магадлал өндөр. Тэгэхээр гэр бүлийн хүрээнд бүгдийг нь хаах ёстой гэсэн гишүүдийн байр суурийг би дэмжиж байгаа. Цааш нь хэт хавтгайруулж, ах дүү хамаатан саданг нь бас чирж болохгүй. Хууль ингээд батлагдчихвал хэн нь бизнес хийж, гэр бүлээ тэжээх вэ гэдэг асуудал үүснэ. Төрийн өндөр албан тушаалтан нь тэжээх юм уу. Энэ ялгаа заагаа л тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Ингэж чадахгүй байгаа учраас асуудал үүсээд байна.

-БИ ОФФШОРТОЙ НЬ ҮНЭН- 

-Хууль батлагдсанаар өмнөх оффшорт данстай гэгддэг хүмүүсийн асуудал шийдэгдэхээргүй харагдаж байгаа?

-Өнөөдөр оффшорт данстай хүн манайд хэд байгаа юм. Хэн нь улсын мөнгөөр тоглочихсон юм. Одоогийн байдлаар Монголоос 44 хүн оффшорт данстай байна гээд байгаа. Тэдгээр дансуудад нь хэдэн төгрөг байгаа юм. Миний бодоход гадныхан шиг учир зүггүй их мөнгө тэнд лав байхгүй. Ний нуугүй хэлэхэд, аж ахуйн үйл ажиллагаа явуулах гээд гадны банкнаас зээл авах гэхээр нөгөөдөх нь "Та манай банкинд дансаа нээ” гэсэн шаардлагад орсон хүмүүс л байгаа. Гэтэл тэр нь оффшор бүсэд орчихоод байгаа, ийм л асуудал юм. Түүнээс биш хувь хүн өөрөө хүсэж очоод, оффшорт данс байгуулаад байгаа юм биш. Үүнийг хүмүүс ойлгохгүй. Харин бизнес хийдэг хүмүүс ойлгоно.

-Хуулийн төсөлд ААН-үүдийг оффшорт данс үүсгэх асуудлыг хянах санал оруулах тухай хөндөгдлөө?

-Энэ хуулийн хүрээнд бизнес хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүртгэж хянах тухай яриад байна. Хэрвээ ийм хууль баталвал манайд гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ийм нөхцөлд хэн бизнес хийж, хөрөнгө оруулах юм. Монголд орж ирж буй гадны хөрөнгө оруулалтын 80 хувьд оффшор бүсээс шилжүүлэг хийгдэж байгаа. Гэтэл бид ийм хууль батлах санал оруулж байж, яаж бизнес эрхлэгчдээ дэмжин, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж ярьж явах юм бэ. Тэгэхээр гол гаргалгаа нь хамаарал бүхий субъектүүддээ хамаарсан зөв хуулиа боловсруулж орж ирэх ёстой. Би ийм л саналтай байгаа.

-Таныг оффшорын асуудлаар байр сууриа илэрхийлэхээр эрх ашгийн зөрчилтэй юм шиг дүр зураг харагдаад байгаа?

-Юу гэж ярьж, хүлээж авна, надад хамаагүй. Би оффшортой нь үнэн. Би бизнес хийж байсан. Оффшороо би ил тод мэдүүлчихсэн.

-Сонгуульд өрсөлдөхдөө юү?

-Тийм. Сонгуульд өрсөлдөхдөө бүх зүйлээ ил тод мэдээллээд орсон. Энэ хууль батлагдануут "...Тэдний дотор оффшор дансаа хаах ёстой юм байна. Хаалаа” гээд  мэдээллэчихнэ. Ингээд л бол оо. Өөр юм байхгүй. Энэ хууль гэхдээ яаж батлагдахыг мэдэхгүй байна. Ямартай ч би төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа оффшор дахь дансаа царцаах хэрэгтэй гэвэл царцаана. Хаа гэвэл хаачихна. Тодорхой хугацаа өгөөд, энэ асуудлыг ил тод мэдээллэх хувилбар хуулийн төсөлд бий. Хэт их мөнгө оруулах зэргээр дансны хөдөлгөөн хийгдэхгүй нь тодорхой.

-МИНИЙ ОФФШОР ДАНСАНД МӨНГӨ БАЙХГҮЙ- 

-Таны оффшор данс бизнес эрхэлж байх хугацаандаа нээлгэсэн учраас асуудал үүсэхгүй гэж тооцоолж байна уу?

-Би 1994 оноос хойш 2016 оны сонгуульд нэр дэвших хүртлээ бизнес хийсэн. Нийт 22 жил бизнес хийх хугацаандаа Монголд 100 км төмөр зам тавьж, уул уурхайн салбарт өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Энэ бүхнийг гаднаас зээл авч байж л хийсэн. Угаасаа өөрөөр хийх боломж байхгүй. Яагаад гадныхан заавал биднийг өөрийнхөө банкинд данс нээлгэхийг шаарддаг нь ч их энгийн ойлголт. Тэд их хэмжээний зээл өгч байгаа учраас "Та Монголынхоо банкинд энэ мөнгийг байршуулахыг бид зөвшөөрөхгүй” гэдэг. Учир нь Монголын банк дампуурчих юм бол тэд мөнгөө олж авч чадахгүйд хүрнэ. Тиймээс зээлдэгч арга буюу тэнд дансаа нээгээд, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж худалдан авах зардлаа тэндээс татдаг ийм л харилцаа. Түүнээс биш манай улсад аваачаад нуучих мөнгөтэй хүн бараг байхгүй дээ. Гэтэл оффшор ярихаараа баахан мөнгө аваачаад нуучихсан юм шиг зүйлийг ард түмэнд яриад явдаг. Оффшор дансанд төдөн тэрбум доллар гэж мэдээллээд л байдаг. Тэр олон тэрбум ам.доллар чинь том гүрнүүдийн их мөнгөтэй хүмүүсийн л жагсаалт. Манайханд хөөрхий минь дээ, одоо хэдэн төгрөг ч байгаа юм мэдэхгүй.

-Тухайлбал, таны оффшор дансан дахь ам.долларын хэмжээ гэвэл?

-Миний оффшор дансанд мөнгө байхгүй.

-Тийм үү? Тэгээд хоосон данс байдаг хэрэг үү?

-Бизнесмен хүн тэгээд мөнгөө оффшорт хадгалаад байж байх уу. Чи бод доо, эрүүл ухаантай л бол шүү дээ. Би тэнэг хүн мөнгө хадгалдаг гэж ойлгодог. Ард түмэн бол өөр хэрэг. Олсон орлогоосоо тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, ирээдүйд үр хүүхдэдээ байр орон авч өгөх, сургалтынх нь төлбөрийг төлөх, өвдөж зовж сандарсан үед мөнгөн хуримтлал хамгийн хэрэгтэй. Бизнес хийж байгаа хүн мөнгөө хадгалж байгаа бол тэнэгийн л шинж. Харин хулгай хийсэн хүн хадгалдаг байх. Би бизнесмен хүн учраас надад оффшорт мөнгөө хадгалах ямар ч шаардлага байгаагүй. Мөнгө эргэж байж л мөнгө олдог.

-Тэгэхээр таны оффшор дахь данс одоо царцсан гэсэн үг үү?

-Үгүй. Тэр дансанд зээлийн төлөлтийн мөнгө орно. Түүнийг чинь компани л цаашдаа эзэмшээд явна. Би компанийнхаа ерөнхий захирлаас татгалзаж, ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо надад бүрэн хамааралгүй болсон. Оффшор дахь тэр данс компанид л хамааралтай данс. Б.Дэлгэрсайхан гэдэг хувь хүнд хамааралтай данс байвал өөр хэрэг. Тэр дансыг би захиран зарцуулж байх хугацаандаа мэдүүлэх үүргийнхээ дагуу мэдүүлсэн. Одоо би үүрэггүй болчихсон. Одоогийн хууль гарсан ч тэр, би оффшор дахь дансаа компанийн хамаарлаар шилжүүлчихсэн тул асуудал үүсэхгүй. Би оффшор дансаа захиран зарцуулах эрхгүй болсон гэдгээ холбогдох газраас нь лавлагаа аваад, хууль ёсоор нь өгчихнө. Ер нь бол хувь хүнийхээ хувьд данс хаасантай ижил болгосон. Данс компанийх. Би эрхээ шилжүүлсэн.

-МАНАЙ НАМД ОФФШОРТОЙ ХҮН ТУН ЦӨӨХӨН- 

-Гэхдээ та компанийнхаа хувьцаа эзэмшигч гэсэн утгаар цаашдаа явна гэж ойлгогдож байна?

-Мэдээж би компанийнхаа хувьцаа эзэмшигчээс татгалзаж болохгүй. Энд миний өчнөөн жилийн хөдөлмөр, залуу нас, зүтгэл яваа. Тийм болохоор гэнэт нэг өдөр "Би төрд орсон учраас компанийнхаа хувьцаа эзэмших эрхээс татгалзаж байна” гэж хэлэх үндэслэлгүй. Энэ бол миний Үндсэн хуулиар олгогдсон эрх юм. Хорь гаруй жил махаа зулгааж, сэтгэл санаагаа зовоож, таван цаас олчихоод түүгээрээ бизнес хийж хувь эзэмшихээр "Чи оффшор данстай” гэх орчин үүсчих гээд байна. Тэгэхээр энэ хуулийг маш болгоомжтой, ялгаа заагийг нь тодорхой болгож байж л гаргах хэрэгтэй. Түүнээс биш надад эсрэг санал байхгүй. Харин ч ийм хууль гарахыг дэмжиж байгаа.

-Намын бүлэг дээр энэ хуулийн төсөл тухайлан яригдсан уу?

-Үгүй. Хуульзүйн байнгын хороон дээр л энэ асуудал яригдаад, засгийн газарт буцаах горимын санал дэмжигдлээ. Намын бүлэг дээр энэ хууль огт яригдаагүй. Ер нь энэ хуулийг ойрын хугацаанд хурдан гаргахгүй бол хулгай хийгээд, мөнгө аваачаад байршуулчихсан улсуудын нэр мэр сэр дуулдаад байна. Тэгэхээр хуулиар хааж өгөх  эрхзүйн орчин үгүйлэгдэж байгаа.

-Эрх баригч нам хуулийг хэт ерөнхий байдлаар бүрхэгдүүлж оруулж ирэх замаар оффшорт данстай хүмүүсээ хаацайлж байгаа гэх шүүмжлэл бий?

-Тийм юм байхгүй дээ. Манай намд оффшортой хүн тун цөөхөн байх даа. Хуруу дарвал ганц хоёроос илүү байхгүй. Бизнес эрхэлж байсан болохоор ийм хардлагад өртөөд байгаа байх. Жишээ нь би л гэхэд хувь хүнийхээ нэр дээр оффшор данс нээлгэсэн хүн биш шүү дээ. Тэгээд одоо оффшортой нэр зүүчихээд л явж байна.


Ж.МЯДАГБАДАМ

http://medee.mn/main.php?eid=86535


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!