Дундговь аймгийн хөшөө дурсгалууд

🕔 2016/05/21 22:38

 

 

Дундговь аймгийн хөшөөдийн тухай танилцуулгыг бэлтгэн орууллаа. Хэдэн мянган жилийн өмнөөс Төв Азийн нүүдэлчин, өвөг дээдэс маань шүтэж бишрэх, хүндэтгэн дээдэлдэг зүйлээ чулуун дээр буулгах, чулууг засч янзлан дүрслэн үзүүлсэн байдаг. Монгол орны хөшөө дурсгалын хамгийн эрт үед холбогдох нь буган хөшөө бөгөөд хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн түрүү үед холбогдоно гэж үздэг. Хүн чулуу, гэрэлт хөшөө, амьтаны дүрст хөшөөд нь төмрийн үеэс бидний үе хүртэл ур хийц нь өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн байна. Эдгээр нь Бидний өвөг дээдсийн шүтээн учраас ийнхүү олон зуугаар урлагдан бүтээгдсэн буй за. Одоо үед ч гэсэн бид "хамгийн бахархалт, хамгийн хүндэтгэлт” зүйлээ хөшөө чулуунаа буулган үлдээсэн байдаг.  Энэ хөшөөнүүд бол бидний бахархал бас түүх юм. Хөшөө гэдэг бахархан дээдэлж хүндэтгэн мөргөдөг шүтээн учраас хүүхэд багачуудын зургийн дэвтэр бус хайрлан хүндэтгэх шүтээн нь юм гэдгийг ойлгуулахыг хүслээ.

11053301_883136838398815_8302546250366996039_nМорин хуур
Дуу хуурын өлгий Дундговь аймаг 2007 оны их бүтээн байгуулалтын жилийн хүрээнд "өөрийн нутгийн онцлогийг харуулах зорилгоор 2007 оны 7 сард нутгийн бренд болсон Морин хуурыг аймгийн соёл амралтын хүрээлэнд бүтээн залсан билээ. Тухайн бүтээл 7.5 м өндөртэй, 1.5 м өргөнтэй, 40 см зузаантай бөгөөд аймгийн ИТХурлын захиалгаар уран сийлбэрч Ө. Анхбаяр, дархан Л. Цогцол нар бүтээсэн. Уг хуурыг бүтээхдээ толгойг нь модоор сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг троссон төмрөөр, их биеийг нь лист төмрөөр хийж бор шаргал өнгийн бронзон будгаар будаж бүтээсэн.

DSC00014ХҮРЭЛ МОРЬ
Дуу хуурын өлгий Дундговь аймаг 2007 оны их бүтээн байгуулалтын жилийн хүрээнд "өөрийн нутгийн онцлогийг харуулах зорилгоор 2007 оны 7 сард нутгийн бренд болсон Хүрэл морийг аймгийн соёл амралтын хүрээлэнд бүтээн залсан билээ. Тухайн бүтээл нь 69 см өндөртэй, 191см урт, далавчны урт105см, өргөн 45см болно. Уг морийг аймгийн сүлдээр хийсэн. Морийг жигүүртэйгээр дүрсэлсэн нь Хөхөө Намжилийн домгоос сэдвэлсэн бөгөөд дуу хуурын өлгий нутаг болохыг харуулахын тулд ийн сэдэвлэсэн. Морьны далавч 15 үзүүртэй. Энэ нь 15 сумдыг төлөөлүүлсэн. Морьны дээр мөн чандмань гурван эрднийг дүрсэлж өгсөн. Мөн морь нь өдөө цойлж байгаагаар бүтээгджээ. /Дундговь аймгийн захиалгаар Түвдэд хийгдсэн./

2012-01-08 14.09.52ЧАГДАРЖАВЫН ХӨШӨӨ
1911 оны үндэсний эрх чөлөөний зүтгэлтэн, Монгол улс тусгаар тогтноход онцгой гавьяа байгуулсан, Монгол улсын анхны сайд Түшээт Чин ван Г. Чагдаржавын гавьяаг хүндэтгэн дурсаж, түүний хойч үеийнхээ төлөө зүтгэсэн үйлсийг таниулах зорилгоор 2011 онд Чагдаржавын хөшөөг Мандалговь хотын төв талбайд босгосон.

Zava damdinЗава Дамдины хөшөө
Монголын нэрт эрдэмтэн, гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн, гавж Зава хэмээх Шагдарын Дамдин 140 жилийн ойг угтан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Соёл амралтын хүрээлэнд түүнийг мөнхжүүлэх зорилгоор боржин чулуун хөшөөг 2007 онд байгуулсан. Уг боржин чулуун хөшөөний өндөр нь 4.50 м хэмжээтэй 8.5 тонн жинтэй дугуй суурин дээр боржин чулуугаар бүтээсэн бөгөөд номын хувцсыг агсаж зогсож буй байдлаар дүрслэгдсэн ба хоёр гарыг нь цээжин тус газарт нь алгаар нь нийлүүлэн залбирч буй байдалтайгаар дүрслэн түүний дээд талд хорчойнжун буюу алтан дэвтэр номыг байрлуулсан байдлаар дүрсэлсэн байна. Хөшөөний урд хэсэгт налуулан хийсэн боржин чулуун дээр түүний нэрийг мөнхлөн "Монголын гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн Заваа Дамдин” хэмээн сийлж боронзодсон байна.

Уг хөшөө нь ямар ч залгаасгүйгээр бүтээгдсэнээрээ онцлогтой бөгөөд өөрөөр хэлбэл нэг том боржин чулуун дээр Зава Дамдины төрхийг сийлбэрлэн бүтээсэн байна.

11068273_831084666965709_8606695985702583391_nЧҮЛТЭМ АВАРГЫН ХӨШӨӨ
1800- гаад оны эцэс 1900-гаад оны эхэнд ид барилдаж явсан Цэцэнхан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны бөх, 7 хошуу даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн хөшөө дурсгалыг Мандалговь хотын төвд 2012 онд сүндэрлүүлэн босгосон.
Даншигийн их аварга одоогийн Дундговь аймгийн нутагт 1874 онд төржээ. Луус, Дэлгэрхангай сумын нутгаар нутагладаг, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын нутагт амьдарч байсан байна.
Тэрээр 1902 оны халхын даншигт долоо давж, мөн тэр жилдээ тусгай даншигт найм даван түрүүлж Богдын лүндэнгээр арслан цол хүртэж явсан, 1903, 1904 оны наадамд найм, 1905 оны тайлгын наадамд долоо, 1906 оны даншигт 11 давж түрүүлэн аварга цол хүртсэн нь монгол бөхийн түүхнээ тэмдэглэгдэн үлджээ.
Уг Хөшөө таван метрийн өндөртэй, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлсэн гурван суурины дөрвөн талд дөрвөн хүчтнийг товойлгон боржин чулуугаар урласан.

10292453_1538413849707101_7133893248393754698_nШАРГЫН ХӨШӨӨ
Монгол наадмын түүхэнд улсад хамгийн олон удаа түрүүлсэн бөгөөд 2010 оны Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр "Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосон юм. Дундговь аймгийн 70 жилийн ойн баяраар УИХ-ын гишүүн Б.Наранхүү санаачлан ажнай шарга азаргын хөшөөг босгожээ. Мандалговь хотод сүндэрлэн боссон тус хөшөө нь наран ургах зүг янцгаан давхиж яваа шарга азаргыг дүрслэх аж.
IMG_9210БУЯННЭМЭХИЙН ХӨШӨӨ
Зураач Д.Цэрэннадмид зураг скизийг гаргасан. /Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач, барималч/ уг барималыг 2002.05 сард эхэлж 2002.10 сард дуусгасан. Галын дөлийг билэгдсэн хэлбэртэй чулуунд цээж барималыг суулгаж өгч зэсээр хөөлгөж эх загварыг бүтээн хятдад бүтээсэн бөгөөд чулуун дээр мөн бичигтэй самбар суулгаж өгсөн. Цээж барималын өндөр 140см, өргөн, 150см, зузаан 40см, чулууны өндөр 450см, өргөн 210см, зузаан 55 см хэмжээтэй бүтээжээ.

 

0ce4c2af23fb9818bigНАРАНЦАЦРАЛТЫН ХӨШӨӨ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жанлавын Наранцацралт агсны хөшөөг 2008 онд Дундговь аймгийн төвд цэцэрлэгт хүрээлэнд босгосон билээ. Дундговь аймгаас УИХ-д 2 удаа сонгогдож байсны дээр Монгол Улсын 19 дэхь Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Энэ Эрхэм хүнийг Дундговьчууд машид хүндэтгэн түүний хөрөг зургийг хоймортоо залж жил бүр хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг юм.

Дундговь аймгийн төвд томоохон 10 орчим хөшөө байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!