Мөхлийн ирмэг дээрхи “Үнстийн хийд”
Говийн бор толгодыг сүлжин бэдрэх зам дунд овоолсон их шороо, онгойж харлах нүх, түүнээс холгүйхэн арсайж, сарсайсан цутгамал барилгын үлдэгдэл бүхий нэгэн хуучин уурхай, түүнийг дагалдсан "социализмийн үеийн” хотхонд тулж очно. Түүнийг тойрон бартаа гаргасаар хэдэн юм явахад эвдэрч сүйдсэн "феодализмийн үеийн” нэгэн сүмийн туурьд хүрэх бөгөөд ийнхүү хоёр нийгмийн "үлдэгдэл” хаяа дэрлэн орших нь эмгэнэлтэй ажээ.
Эхний тааралдсан Цагаан-Овоогийн нүүрсний уурхай, харин дараагийнх нь Үнстийн хийд хоёр бөгөөд социализмын үед байгалийн нөхөн сэргээлт гэж зүйл байхгүй байсныг, харин түүнийг байгуулахыг хичээгч нар түүх, соёлын дурсгалыг хэрхэн сүйтгэж, хэрхэн эзэнгүйтүүлж байсныг харуулах бодит баримт юм.
Хийдийн өмнө талд "ҮНСТИЙН ХИЙДИЙН ЦОГЧИН ДУГАН Засгийн газрын 1994 оны 233-р тогтоолоор улсын хамгаалалтанд авсан” хэмээн бичсэн нэгэн цэнхэр өнгөтэй төмөр самбар байна. Самбар тийм ч их хуучирч муудаагүй байхын үзвэл энэ нь 1994 онд биш, нилээд хожим босгосон бололтой. Эсвэл сэргээн будсан ч байж болох юм.Ингээд хамгаалалтын ажил дуусчээ.
Хийдийн эргэн тойронд элдэв хог, шороо, малын сэг, айлын өвөлжөө, хаваржаа байх бөгөөд дуган доторч малын өтөг бууц байх нь түүнийг улам бүр сүр жавхаагийн алдагдуулж, гансран гуниглахын үүд хаалга нь болжээ.
Энэхүү хийд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс урагш 40 км, Цагаан-Овоо багийн төвөөс 5 км зайтай хийд оршино. Урд нь орон сууц маягтай байж байгаад "Шар хуухай” гэгчийн үймээний үед сүйдсэн хуучин суурин дээр 1908 оны Шар луу жил хийдийн шавыг тавьж, 1918 онд гол цогчин дуган ашиглалтанд орсон байна.
Дуганы чимэглэлийг хуачин (хээ угалз тавигч) Баяндорж гэдэг хүн хийсэн бөгөөд дуганы гадна талыг хээтэй тоосгоор чимж, дотор талд нь өндөр голын багануудыг хээ хуар тавьж, сүрлэг сайхан болгосон байна.
Энэ хийдийн хамгийн сүүлчийн ловон, цорж лам Увшийн Жигжид гэж хүн байсан бөгөөд тэрээр 16 настайдаа Онгийн голын Баруун хийдэд шавилан сууж байгаад 1889 онд Их хүрээний Гандантэгчлэн хийдэд Домын дамжаа, 1891 оны цагаагчин туулай жилд Түвдийн Бэрээвэн хийдэд сууж дооромбо цолыг тус тус авсан байна. 1902 онд нутагтаа эргэн ирж Үнстийн хийдийг тэргүүлэн сууж байгаад 1937 онд баривчлагдан нас барсан байна.
Бусад хийдүүдтэй харьцуулахад дунд зэрэгт багтах энэ хийд Тантрын шүтлэгтэй, Дэмчиг, Дүйнхор дацантай, Цогчин, Ламиран, Майдарын сүм, Дарь эхийн сүм, Маналын сүм, Чойрын сүм, Дордовын сүм бүхий 320 гаруй лам хувраг шавилан суудаг байжээ.
Үнстийн хийд нь Монголын өмнө зүгийн тал нутгийн хийдийн зохион байгуулалттай. Төв сүмүүдийг зүүн, баруун тийш эгнүүлэн хаалгыг чанх өмнө зүг хандуулан барьж, араар нь лам нар сууцаа барьсан байна. Сүмүүдийн гол дунд цогчин сүмийг байрлуулсан бөгөөд түүнээс урагш ямар нэгэн барилга байсангүй ба ямба ёслолын хаалга, хашаа хэрэмгүй бие даасан сүмүүд байжээ.
Сүмийн гадуур гороо эргэх замтай байв. Гол цогчин дуган нь хийдийн төв хэсэгт байрлах бөгөөд дуганы бүтэц нь монголын "хэм дөрвөлжин” байгууламжийн онцлогийг хадгалж, уламжлалт аргаар баригджээ. Тоосгон дээвэртэй, модон шал, чулуун суурьтай ханыг түүхий тоосгоор дүүргэж, дотор гадна талаас нь шатаасан хөх тоосгоор өнгөлжээ. Дуганы дотор тал нилээд өндөр бөгөөд хоёр давхар гэрэлтүүлэгтэй, хоёр давхрын төвшинд эргэн тойрондоо тагттай, хоёрдугаар давхарт гарах байнгын шат байхгүй. Зүүн өмнөд хэсгийн баганууд дунд байнгын шат хөндлөн дам нурууны доод төвшин хүртэл хийгдсэн бөгөөд харин шалны төвшин хүртэл тавьдаг шаттай түүнийг ердийн үед зайлуулдаг байсан бололтой.
Хийдийн барилга байгууламжийн зохион байгуулалт нь суурин газрын орон сууцны хороолол цогцолбор байдлаар төлөвлөгдсөн байна. Сүм дуган болон гэр сууцнууд нь тус тусын онцлогтой, лам нарын зиндаанд тохирсон хийц хэлбэртэй байв. Энэ хийд нь Монголын хамгийн сүүлийн үеийн шүтээний барилгын тоонд хамаарах бөгөөд олон зуун жилээр үргэлжилсэн сүм хийд барьж байгуулж байсан бүхэл бүтэн үеийн төгсгөл болсон байна. Үнстийн хийд нь монголын үндэсний сүмийн барилгын төрх төлөвийг хадгалж үлдсэнээрээ үнэ цэнэтэйгээс гадна монголын суурин орон сууцны төлөвлөлтийг хадгалж чадснаараа хөдөө орон нутаг дахь бусад хийдүүдээс онцлог юм хэмээн "Түүх соёлын дурсгал” (Улаанбаатар 1999) хэмээн сэдэвчилсэн лавлах номонд дурдсан байна.
Үнстийн хийдийг яагаад онцлох болсон шалтгаан нь монгол оронд энд тэндгүй эвдэрч сүйтгэгдсэн хийдүүдийг бодвол дээвэр нь бүтэн барилгын дотоод дэр мод, баганы будаг нь ч арилаагүй, ер нь хамгаалаад тордоод авах юм бол босоод ирэх зүйл мэт….
Мөн нөгөө талаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын таатай бодлого баримтлана гэж ярьдаг. Бид түүх соёлын дурсгалаа хадгалан хамгаалж үзүүлэхгүй юм бол арсайж, сарсайсан, нурж унах барилгын үлдэгдлийг үзээд хэн баярлах билээ. Өнөөгийн нийгэм өндөр байшин, урт замаар хөгжлийг тодорхойлж болох ч Аялал жуулчлал бол өөр, өвөг дээдсийн үлдээж өгсөн ёс заншил, соёл, уламжлал, эртний гайхамшигт хэв маягийг дагаж хөгждөг зүйл юм. Мөн санаа бодлоо уралдуудлахад Үнстийн хийдийн гол цогчин дуганг аялал жуулчлалын хөлийг дагуулж Сайхан-Овоо сумын Онгийн хийд рүү нүүлгэх боломж ч байна. Ингэж зохион байгуулж чадвал Онгийн хийдэд жуулчдын нүдийг хужирлах нэг distination бий болоод явчих юм.
Ийм хүмүүс хамгаалах ёстой хэмээн шүүхээ түр орхье. Учир нь бид бүгдээрээ хамгаалах ёстой. Хамгаалъя гэсэн сэтгэл дутлаа. Үнэ цэнэ ач холбогдлоос илүүтэйгээр, соёлын дурсгалаа устган байж хөрөнгөжих гээд л дайраад байх шиг.
Түүхийг эргэн сөхвөл бид өөрсдөө л соёлын дурсгалаа устгасан байдаг. XVII зууны Халх – Ойрадын тулаан, XX зууны их хэлмэгдүүлэлтийн үед өнгөтэй, өөдтэй бүхнээ шатааж, устгаж энэ бидний үед үлдэж хоцорсон ганц нэгийг нь хамгаалж чадахгүй байсаар мөхлийн ирмэгт тулгаж орхилоо. Энэ их шуургыг тэсэж ядан зогсовч нар салхи, бороо, цас, шуурга гэсэн байгаль цаг уурын хүчин зүйлийг тэсэхэд бэрхтэй. Хүн гэдэг хамгаалж чаддаг, устгаж чаддаг энэ болой.
Засгийн газрын 1994 оны 233-р тогтоол, Мөн үүнийг Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолоор дахин сэргээж Улсын хамгаалалтанд авсан байдаг. 1994 оноос хойш арсайж, сарсайгаад 21 жил тэснэ гэдэг том амжилт шүү. 21 жил болоход хамгаалалтын дорвитой ажил хийгээгүй гэхээр "Улсын хамгаалалт”-нд авна гэдэг бол нэр төдий үлддэгийн жишээ юм.
Соёлын өвийн тухай хуулийн 14.1.10-т Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын дурсгалыг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улс, орон нутгийн төсөвт суулгана гэсэн байдаг.
Мөн хуулийн 15.1.1, 16.1.11-т зааснаар Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нь нутаг дэвсгэртээ соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг баталж, хяналт тавих, мөн орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийн үндсэн дээр зохион байгуулах: гэсэн байна. Энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй л байна.
Эрдэнэдалай суманд эвдэгдэж сүйтгэгдээгүй Сангийн далай хийд байдаг тул энэ нутгийнхан сэтгэл нь ханаж, хүч нь тарамдаж бусад хийдээ орхигдуулан хаяж байгаа юм болов уу хэмээн бодогдохоор байна. Гэтэл зэргэлдээ орших Дэлгэрцогт, Адаацаг сумын сүсэгтэн олон газрын хөрснөөс бараг арчигдаж үгүй болсон хийдээ өөрсдийн хөрөнгө хүчээр сэлбэн засаж хурал номоо эхлүүлээд байгаа нь дээрхи бодлыг төрүүлж байна.
Түүх, соёлын дурсгалаа хайрлан хамгаалж түүнийг сэргээн босгох талаар аймаг, сумын удирдлага санаачлага гарган ажиллаж, энэ асуудлыг хариуцсан төрийн төв байгууллагын харъяа газар, агентлагуудад санал тавьж сүм хийдийг сэргээн засварлах олон улсын төсөлд хамруулах зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэх хэрэгтэй байна. Үүнээс гадна энэ нутгаас төр түшилцсэн эрхэм гишүүд, ажил амжилт үйлсээрээ манлайлан яваа бизнесийн нөхдөөс тусламж дэмжлэг авах нь тэдэнд бурханы шашныг дэлгэрүүлж, хамаг амьтаны тусын тулд хийх буянтай ажлаас гадна ирээдүй хойчдоо эх түүхээ өвлүүлэх их үйлсийн нэгэн хэсэг хэмээн санаж байна. Тиймд бид санаа нэгдэж өнөө хүртэл өвлөн ирсэн түүх, соёлын арвин их баялагаа нийтэд түгээн дэлгэрүүлэх цаашлаад сүсэгтэн олон болон аялал жуулчлал буцалсан их хөлийн газар болхоос гадна ард түмний билэг оюун, сүсэг бишрэлийн нэгэн төв болгохын төлөө бүгдээрээ санаа нэгдэн их ажлыг өрнүүлэх шаардлагатай хэмээн бид үзэж байна.
Ийнхүү "Мөхлийн ирмэг дээр зогсож буй” Үнстйин хийдийг Аймаг, сум дүүрэг анхааралдаа авч 2016 оны төсөвтөө, хамгаалалтанд шаардлагатай төсөв хөрөнгийг суулгаж ажиллах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын саналд зайлшгүй оруулах шаардлагатай байна.
Эвт шаазгай буга барьдагийг мэднэ. Өнөөгийн нийгэм нэгдэж нягтарвал юуг ч босгоод ирэх хүч чадалтай. Дундговийн хүн ард багахан хандив өгөхөд цаана, наанаас нь татаад босгоод ирж болох зүйл мэт..