Дундговь аймагт хууль бус засаглал тогтсон гэв
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь, Төв аймгуудад ажиллалаа. УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 19-нд болсон билээ. Сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа. Тэгвэл МАН төрийн эрх барьсан өдрөөс эхлэн амласан амлалт болгон нь хууралт болж, төрийн алба төрлийнх болж эхэлсэнд ард түмэн бухимдалтай байна.
УИХ-ын сонгуулиас хойш гаргаж буй тэдний амласнаасаа ухарсан шийдвэрүүд орон нутагт ч мөн газар авчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Дундговь аймагт ажиллах үеэр албаны хүмүүс болон орон нутгийн иргэд хэлж байсан юм. Тухайлбал, Дундговь аймгийн ИТХ нийт 35 гишүүнээс бүрддэг аж. Үүнээс МАН 19, Ардчилсан нам 14 суудал авч, үлдсэнийг нь бие даагчид авчээ. Гэтэл сонгуулийн дараа МАН-аас сонгогдсон гишүүд долдугаар сарын 22-нд хуралдах ИТХ-ын товоо нууцаар урагшлуулж, 19-нд хуралджээ. Улмаар энэ хуралдаанаар хурлын дарга болон Засаг даргынхаа нэрийг тодруулж, Ерөнхий сайдад бичиг явуулсан хууль бус явдал болсон байна.
Ажлаа өг, үгүй бол дэлгүүрийн чинь тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ
Үүнээс гадна өнгөрсөн 2014-2016 онд төрийн албанд шинээр ажилд орсон хүмүүсийг удаа дараа халж байгаа аж. Бүр газар, хэлтэс, албадыг нэг тушаалаар бүгдийг нь халж байгаа тухай иргэд хэлж байна.
Ажлаас халагдах өргөдлөө өг, өөрөө өргөдлөө өгөхүй бол найман нэрийн дэлгүүрийн чинь тусгай зөвшөөрлийг цуцална, танай аав Ардчилсан намынх байсан болохоор чамтай хамтарч ажиллахгүй гэсэн үзэл суртлыг гааруулж байгаа тухай тэд ярьсан юм. Харин өнгөрсөн дөрвөн жилд Дундговь аймагт хийсэн ажил, их бүтээн байгуулалтыг өрнүүлж, Улаанбаатараас Мандалговь чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг дуусгасан.
Малын тэжээлийн үйлдвэртэй болсон, орон сууцжуулах хөтөлбөр гээд олон ажил хийсэнд орон нутгийн иргэд ам сайтай байна. Энэхүү ажлыг үргэлжлүүлэхийн төлөө удахгүй болох орон нутгийн сонгуульдаа ч гэсэн бодолтой хандана гэдгийг хэлж байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Төв аймагт ажиллах үеэр мөн л төрийн албаны дээрх дарамтууд гаарч байгаа талаар уулзалтын эхэнд иргэд ярьсан. Өнгөрсөн дөрвөн жил аймаг орон нутгийнхаа төлөө хөгжил дэвшилд нэмэр болох олон бүтээн байгуулалтыг Ардчилсан намаас сонгодсон Баярбат тэргүүтэй удирдлагууд хийж байсан, харин одоо бүх ажил зогссон. Одоо зөвхөн ах дүү, хамаатан саднаа ажилд авах, ширээ сандлаа хуваарилах ажил эрчимтэй явагдаж байгаад сэтгэл дундаар байгаагаа хэлж байв.
http://mminfo.mn/news/view/3860