ЗАР »
ДУНДГОВЬ: Ц.Мөнхбат: "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд агропарк байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
Аймгийн БОАЖГ-аас гаргасан мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймаг өнгөрсөн оноос 122 884 мод, сөөг тарьж ургуулж, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Улсын төсвийн 90.0 сая, орон нутгийн төсвийн 122.0 сая, хувийн хэвшлийн 116.3 сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. БОАЖГ-аас энэ хугацаанд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2 удаа зохион байгуулж, 1053 өрх, 147 аж ахуйн нэгж, байгууллагын 5690 иргэнийг хамруулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн аж.
“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймаг цаашид ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ямар бодлого баримталж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат дараах тодруулгыг өгсөн юм. 2020 оны 12 дугаар сард үүрэгт ажлаа авснаас хойш нэлээд хүндхэн жилүүдийг үдсэн. Цар тахал гарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй байсны дээр сүүлийн 2-3 жил дараалан ган болж, цаг хүндэрсэн байдалтай байсан.
Отор нүүдлээр 1000 гаруй малчин өрхийн нэг сая гаруй мал бусад аймгийн нутагт өвөлжиж, хаваржлаа. Малчид маань нутагтаа өвөлжиж чадахгүй байна гэдэг маш их зардал, маш их хүч хөдөлмөр, цаг зав, зохицуулалт шаарддаг. Түүнээс гадна 2021 оны хавар байгалийн гамшигт үзэгдэл болж, 9 хүн амиа алдаж, маш их хохирол амссан. Ер нь амаргүй цаг үе байсан шүү. Энэ бүгдээс юуг ойлгосон бэ гэхээр бид өөрсдөө л цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй юм байна, гэхдээ энэ арга хэмжээ нь байгалийг нөхөн сэргээх, ногоон байгууламж байгуулах явдал юм гэдгийг ухаарсан. Манай аймаг 80 жилийн түүхтэй аймаг. энэ хугацаанд хэдэн мод тарьсныг судлаад үзэхээр үндсэндээ 250,000 мод тарьж ургуулсан байсан. Тэгвэл бүрэн эрхийнхээ хугацааг дуусахад өөрөөр хэлбэл 2024 он хүртэл дахиад 250,000 мод тарьж, ургуулья гэсэн шийдлээр “Дундговио ногооруулья” хөтөлбөр боловсруулж, түүхт 80 жилийн ойгоо угтаж 8 түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлсэн нь нэлээд ач холбогдлоо өгсөн юм.
Дараа нь Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарих хөдөлгөөн өрнүүлж, манай аймгийн хувьд 30,0 сая мод тарих гэрээ байгуулсан. Энэ нь ахадсан ажил боловч ард иргэдтэйгээ нийлээд тарих болохоор биелэхгүй ч зүйл бас биш юм. 2021 оны хавраас газраа шийдээд, мод тарихдаа орчны тохижилтыг хамт хийхээр зохион байгуулж, манай төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагууд манлайлж оролцсон. 2021 онд бид 60 гаруй мянган мод тарьсан. Зөвхөн тариад орхих биш, үхсэнийг нь нөхөж, ургуулсан модоо тоолж байгаа хэрэг. Харин 2022 онд ТББ, холбоодууд, иргэдээ маш сайн татаж оролцуулсан. Спортын олон холбоо, төгсөгчдийн болон эмэгтэйчүүдийн, ахмадын гээд ТББ-ууд идэвхтэй оролцсон. Саяын 2 жилд хийсэн ажлын маань үр дүн 3 жилийн дараа л гарна. “Тэрбум мод” хөтөлбөртэй холбоотой олон ажлыг төлөвлөөд хэрэгжүүлж байна.
Одоогоор Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрээс манайд мод, модны үрсэлгээ нийлүүлж байна. Ер нь мод тарих ажлыг бизнес болгож, үүнээс ганц нэг аж ахуйн нэгж ч гэсэн орлого олдог, үрсэлгээгээ аймагтаа хийдэг болно гэж зорьж байгаа, тэгэхийн тулд суурь дэд бүтэц буюу үрсэлгээний газруудыг шийдэх шаардлага байна. Тиймээс удахгүй хуралдах аймгийн ИТХ-ын хурлаар аймаг болон бүх суманд мод үрсэлгээний буюу агропарк байгуулах газруудыг шийдэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулахаар бэлтгэж байгаа.
Үе шаттайгаар үрсэлгээний ажлууд хийнэ. Аймгийн төв Сайнцагаанд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр 50 га газарт агропарк байгуулах ТЭЗҮ хийж байна. Урьдчилсан гэрээ байгуулсан. Албан ёсоор тооцоо, зураг төсөв хийчихвэл яаж зохион байгуулахаа ярилцана.Ер нь бол агропарк байгуулах зорилгоор хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллага газрын зөвшөөрөл хүсч байна. Манай хөрсөнд жимс, жимсгэний мод тарих нь илүү тохиромжтой, үр ашигтай байх судалгаа байгаа, тиймээс тэд нарт бас ийм чиглэл өгч байгаа. Газар олгох асуудал нь Газрын тухай хуулийн зарим заалттай холбоотой шууд өгчихөж болохгүй байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ байгаа.Нэмэлт мэдээлэл өгөхөд БНСУ-ын Гуяан хотоос манай аймагт 100 га газарт төгөл байгуулж өгсөн. 12 дугаар сард төглөө хүлээлгэж өгөхөөр ярилцаж байгаа. Бидний зүгээс дахиж 100 га газарт төгөл байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар санал тавилаа. Гуяан хотын тал нааштайгаар хүлээж авсан. Тэгэхээр бидэнд маш том дэмжлэг болно.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!