ДУНДГОВЬ: Сумдын наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулна

🕔 2022/06/21 10:59

Дундговь аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар болон газар, хэлтэс агентлагийн дарга нараас бүрдсэн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Хурлаар өмнөх шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргаас аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хийгдэх байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн гадна тохижилт, бүх нийтийн цэвэрлэгээ, хаврын болон нөхөн тарилт, аймгийн төвийн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, 80 жилийн ойн хүрээнд түүхийн агуулга бүхий 3 боть номд сум, байгууллагууд материалаа ирүүлэх зэрэг өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сум тус бүрээр сонсож, хэрэгжилт хангалтгүй, хугацаа хэтэрсэн үүрэг даалгаврыг яаралтай хийж гүйцэтгэх талаар чиглэл өгсөн юм.
Энэ оны хаврын тарилтаар нийт 74000 мод шинээр тарьсан бөгөөд усалгаа арчилгааг тогтмол хийх, ялангуяа хуурайшилтын улиралд 7 хоногт 2 удаа усалж байх нь модны амьдралын чанарт гол нөлөө үзүүлдэг талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв.
Сумдын баяр наадмыг аймгийн Засаг даргын захирамжаар нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд сумд саналаа ирүүлэх, төсвийн хэмнэлтийн жил, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх хандивын арга хэмжээг бүх шатанд зохион байгуулахаас гадна үүрэг даалгаврын хэрэжилтийг баримт, тоон мэдээтэй танилцуулах, ойн арга хэмжээнд сумдын оролцох зохион байгуулалт, чиглэлийг сумдын удирдлагуудад, хуучин стадионы барилгыг буулгаж баяр наадмын гэр барих, үйлчилгээ явуулах талбайг бий болгох, ашиглагдахгүй байгаа өндөр хүчдэлийн шугамыг буулгах, нөхөн тарилт хийгээгүй байгууллагуудын модны ургалтыг баримтжуулж, идэвхжүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.
Мөн 80 жилийн ой угтан энэ сарын 27-30 өдрүүдэд Мандалговь хотод үйл ажиллагаа явуулдаг 241 байгууллага, хувийн хэвшил, ААН-ийг хамруулан урлагийн үзлэг зохион байгуулах талаар аймгийн Соёл урлагийн газраас мэдээлсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!