Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

🕔 2016/07/26 14:13

 

Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдсэн улс орны нэг бол нүүдлийн соёл иргэншлээ харьцангуй хадгалан үлдсэн, олон зууны тэртээгээс байгалийн ивээл,эрхшээлд цаг ямагт амьдарч ирсэн төдийгүй өдөр тутам унаган байгальтайгаа харьцаж ирсэн Монголын ард түмэн билээ.

Эрт үед /ХТӨ III-р зуун/ хүмүүс байгаль эхийг /од эрхэс, уул, ус, амьтан, ургамал гэх мэт/ шүтэн юмс үзэгдэл өөрсдийн гарал угсаа, хувь заяа, зовлон жаргал гээд амьдралын чухал зүйлээ байгаль эхээс асуун мэдэж алив зүйлийн шалтгааныг эрэн хайсаар ирсэн юм. Онгон шүтэх ёсны дараа гарч ирсэн нэг шүтлэг нь бөөгийн шашин бөгөөд тэнгэр эцэг, газар эх хэмээн өргөмжилж тэнгэрийг нар, сар, од гаригийн эрхшээлтэй нь хамт, газрыг хөрс шороо ургамал, уул, ус, амьтантай нь хамтран ухааран ойлгож тэр бүхний цогц байдлаар хүндлэн биширч, хүн ардаа төлөвшүүлэн ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Бурхны шашин бөө мөргөлийг шахан гарахдаа Монголчуудын байгаль хамгаалах уламжлалыг уламжлан хадгалж авч ирсэн, өөрийн сургаалномлолдхамаатайгаар уялдуулан зохицуулсан шүтэн барилдах, орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны экологи хэмээх ухагдахууныг бүрэн гаргаж ирсэн гэж үзэж болох юм.

sonnenuntergang_mgl

Мод, усандаа хандаж харьцах зан үйл нь байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын нэг хэсэг юм. Тухайлбал, Монголын говь цөлийн хэсэгт нутагладаг ардууд заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэтгэдэг байсан бол хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэн хайрладаг байжээ. Байгал аа энэрэн хүндэтгэх ёс заншлын дотор уул, усаа өргөн хүндэтгэсэн, зүйрлэн дүйцүүлсэн нэрээр нэрлэх уламжлал ч бас ердийн хэрэг байсангүй. Монголчууд Богд хан, Хустай хан, Онон хатан эжий, Хатан Туул, Хатан, Сэрвээ, Алтан овоо, Хан-Хөхий хэмээн зарим нутгаа өргөмжлөлийн нэрээр нэрлэх заншил түгээмэл байжээ. Түүнчлэн, уул, усны оноосон нэрийг дэргэд нь буюу ойр орчимд нь хэлдэггүй "өндөр хайрхан”, "алтай хангай”, "далай ээж” гэх мэтээр төлөөлүүлэн ярилцдаг байсан нь мөн л байгальд элэг сэтгэлтэй хандаж ирсэн бас нэг ухааны илрэл юм.
Нүүдэлчин монголчууд байгаль орчиндоо дасан зохицож, хайрлан хамгаалж амьдрах арвин баялаг өв уламжлал, үнэт сайхан зан үйл хуримтлуулсан ард түмний тоонд зүй ёсоор ордог билээ. Монголчуудын эдгээр өв уламжлал, зан үйлийг доктор, профессор О. Амархүү 5 үндсэн ангилалд хуваасан байдаг, үүнд: энэрэл хүндэтгэлийн, хорио цээрлэлийн, сургаал номлолын, сүсэг бишрэлийн, ажиглалт танин мэдэхүйн гэсэн ба эдгээр нь өөр хоорондоо харилцан нягт холбоотой. Байгаль хамгаалах зан заншлын уламжлал бол нүүдэлчдийн оюун ухаан, дадал заншил, ёс суртахууны үнэт бүтээл юм.Эдгээрээс дурдахад, амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийлчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандны эхийн модыг огтлох, үр жимс, ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэдэг. Байгалийг энэрэн хүндэтгэх ёс заншлыг бүхэлд нь авч үзвэл байгалийг эрт дээр үеэс амьд биет гэдгийг танин мэдэж, ухааран ойлгож байсан. Мөн сургаал номлолын уламжлалаас "байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин даг аваас сайн үйлд, харин гажуудуулан тэрс элдвээс муу үйлд өртөнө”гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан юм. Жишээлбэл: хэтээ цахиж, галаа асааж, харин явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлуулж ирсэн юм. Харин ажиглалт танин мэдэхүйн уламжлалын гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино. Байгаль хамгаалах уламжлалт цээрлэх ёс заншилд: гал түлштэй, мод ургамалтай, ус голтой, мал амьтантай, биеэ авч явах, ахуй байдалтай холбоотой цээр үүд багтдаг байна.

Монгол орны нийт нутагт 1200 гаруй уулыг нэн эрт цагаас тахиж ирсэн. Эдгээрийн ихэнх нь гол, мөрөн, нуур, цөөрмийн эх болж байсан аж. Өөрөөр хэлбэл ус үйлдвэрлэх эх болсон уул овоог тайж тахих зан үйл нь хүн-байгалийн хүйн холбоог бататгасан эрхэм соёлын өв мөн.
Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь бидний өвөг дээдэс болох Хүннүгээс эхтэй гэж үзэх болох талтай бөгөөд МЭӨ-209 онд МаодуньШаньюй "Газар бол улсын үндэс” хэмээн үзэж байсан бол дараа дараагийн гарч ирсэн улсууд нь байгаль хамгаалах тал дээр анхаарч тахилга тайлга үйлдэж байсан мэдээ байна .
1206 он гэхэд Монголын тулгар төр тогтнож, Их Монгол улс байгуулагдсанаар байгаль хамгаалах хууль цаазын нэгдмэл тогтолцоо бий болж энэ үеийн гол хууль нь ”Их засаг хууль” юм. Эл хууль нь нийгмийн олон талын харилцааг зохицуулсан нэгдмэл хууль болж чадсан төдийгүй одоогийн энэ унаган төрхөөр хадгалан хамгаалах үйлд маш их хэрэг болсон байна. Их Засаг хуульд байгаль хамгаалалтуудын нарийн заалтууд бий.Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь Их Юан гүрний үед улам гүнзгийрүүлэн хөгжиж улмаар байгаль хамгаалалтай холбоотой олон хууль тогтоомжууд гарч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн байна. Эдгээрийг бүхэлд нь базаж хэлбэл , Монгол улсын байгаль орчныг хамгаалах талаар нэн эртнээс зан заншил, шашин шүтлэг, хууль цаазын маш нарийн, онцгой өвөрмөц тогтолцоо бүрдүүлсэн цөөн тооны орнуудын нэг юм. Энэ бүхэн нь Монгол хүний унаган байгальтайгаа өдөр тутам харьцаж байдаг ахуй амьдралын сэтгэлгээ арга ухаантай шууд холбоотой.
"Байгаль орчныг хамгаалах" гэдэг ухагдахуун нь монголчуудын хувьд, түүнийг гаднын ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх; байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах; газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх; түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах; экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.

Нүүдэлчдийн ёс заншил нь шашны зан үйлтэй холилдожирсэн энэ уламжлал 1930-аад оны үед шашин, шүтлэгийгхязгаарласантай холбоотойгоор тасарч, үндсэндээ байгальхамгаалах уламжлалт зан заншил үгүй болсон гэж судлаачид дүгнэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!