Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулав

🕔 2022/03/23 14:01

 

 

Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулав

 

Дундговь аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгууллаа.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй байгуулж буй гэрээнд дараах зүйлийг тусгасан байна. Үүнд:

- Олборлосон бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ чанар, санхүүгийн мэдээллийг Статистикийн байгууллагад үнэн зөв мэдээлэх,

- Ашигт малтмалын бүтээгдэхүүний тээврийг орон нутгийн тээвэрчид, аж ахуйн нэгжээр тээвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллах, олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх төмөр зам хүртэлх авто замыг засварлах, сайжруулах асуудлаар орон нутагтай хамтран ажиллах,

- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж, "НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024” ерөнхий үйл ажиллаганы хүрээнд биологийн нөхөн сэргээлттэй уялдуулан, 1тн баялаг = 1 модоор тооцож гурвалсан гэрээний дагуу хэрэгжүүлэх,

-Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр уурхайд ажиллах мэргэжил шаардахааргүй ажлын байранд сум, орон нутгаас ажилтан авч ажиллуулах бодлого баримтлах,

- Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах,

- Орон нутгийн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан тохиолдолд эхний ээлжинд худалдан авах бодлого барих.

 

Тус аймагт 3 дугаар сарын 21-нд "Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт– 2022” зөвлөгөөн зохион байгуулж, энэхүү зөвлөгөөний үеэр Өлзийт, Дэлгэрхангай, Баянжаргалан, Сайнцагаан, Говь-Угтаал, Өндөршил, Хулд, Луус суманд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 20 орчим аж ахуйн нэгж байгууллагатай дээрх заалтуудыг тусгасан гэрээг байгуулж, гэрээний үндсэн дээр ийнхүү хамтран ажиллахаар болсон юм.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!