Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, зарцуулалтад аудит хийж байна
Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар тус аймагт хэрэгжиж байгаа Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хандив тусламж, түүний зарцуулалтын байдалд аудит хийж эхэллээ.
"Олон улсын байгууллагаас орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг дөрөвдүгээр сарын 30-нд цахимаар хийсэн бөгөөд зургадугаар сарын 25-нд аудит хийж дуусах ажээ.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт Олон улсын найман төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.
Тодруулбал, засаглалын хүрээнд Канадын Засгийн газрын "Мерит”(Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь)төсөл ашигт малтмал, уул уурхайн бодлогыг тодорхойлох, төрийн албан хаагчдыг чадваржуулах чиглэлээр ажилладаг бол Тогтвортой амьжиргаа -3 төсөл ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.
Япон улсын "Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр 2021 онд Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн барилгын их засвар хийх ажлыг гүйцэтгэхээр гуравдугаар сарын 24-нд аймгийн Засаг дарга Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшитай гэрээ байгуулсан.
Харин бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн UNIDO төсөл хэрэгжиж байгаа бол Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” төсөл аймгийн хэмжээнд Инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн шинэ санал, санаачилгад дэмжлэг үзүүлдэг байна. Мөн Турк улсын "ТИКА” төсөл аймгийн ХХААГ мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгждэг.
НҮБ-ын хөдөө аж ахуйг дэмжих олон улсын сангийн санхүүжилтээрГурвансайхан, Говь-Угтаал, Өндөршил, Сайнцагаан, Өлзийт суманд инженерийн хийцтэй худаг гаргах, өвс тэжээлийн агуулах, саравч, борлуулалтын цэг, хүнсний ногооны зоорь барихад дэмжлэг үзүүлэх "Зэх зээл бэлчээрийн удирдлага” төсөл, Дэлхийн зөн ОУБ-ын "Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Сайнцагаан, Гурвансайхан, Дэрэн суманд Орон нутгийн гамшгийг даван туулах чадварыг сайжруулах төсөл тус тус хэрэгжиж байгаа ажээ.