Б.Энхтүвшин:ОНХС-гийн төлөвлөлтөд иргэдийн оролцоо чухал

🕔 2020/05/05 14:50

ОНХС-гийн санал авах үйл ажиллагаа болон "Тогтвортой амьжиргаа-3” төслийн үр дүнгийн тухай төслийн ажилтан Б.Энхтүвшинтэй ярилцлаа.   

-ОНХС-д иргэд санал өгөх үйл ажиллагаа хэзээ эхэлсэн бэ, ямар хэлбэрээр авч байна, санал өгөх үйл явцад иргэдийн оролцоо ямар байгаа талаар танилцуулна уу?

-Хоёрдугаар сарын дунд үеэс иргэдээс санал авч эхэлсэн. Баянжаргалан сумын нэг баг, Сайнцагаан сумын төвийн багуудад саналыг цахимаар авч байгаа. Бусад бүх сум, багт цаасаар саналыг нь авч байна.

Санал авах үйл явц нэлээд өндөр хувьтай явж байгааг сумдаас мэдээлж байна. Тавдугаар сарын 31 гэхэд баг бүр БИНХ-аа хийж, иргэдийнхээ саналыг эрэмбэлэх ёстой. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад энэ ажлыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байж магадгүй.  Багууд ямар нэг байдлаар энэ ажлыг зохион байгуулах байх. 

Иргэдийн оролцоо жил ирэх тутам нэмэгдэж байна, Өөрөөр хэлбэл, иргэдийн хувьд ОНХС-гийн төлөвлөлтөд саналаа илэрхийлж, оролцох байдал сайжирсан. Тэдний хувьд орон нутагтаа тулгамдаад байгаа худаг ус гаргах, сургууль цэцэрлэгийн засвар, хүүхдийн дотуур байрны тохижилт гэх мэт олон асуудалд саналаа түлхүү өгдөг.  

-Танай төслийн хувьд ОНХС-д иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу, ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрсэн бэ?

-"Тогтвортой амьжиргаа-3” төсөл 2017 оноос орон нутагт хэрэгжиж байна. Энэ төслийн онцлог нь төсвийн тухай хуульд заасны дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилготой.

2019 онд Дундговь аймгийн ОНХС-нд улсын төсвөөс 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, 15 сум 296,0 сая төгрөгийн "ерөнхий дэмжлэг", жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд 12 сум 158 сая төгрөгийн "урамшуулал" авах болзол хангасан.

Жилийн гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлохын тулд хөндлөнгийн судалгааны байгуулалгаар үнэлгээ хийлгэдэг. 2019 онд 34 шалгуур үзүүлэлтээр дүгнэж гаргасан. Жилийн гүйцэтгэлийн дундаж үнэлгээ манай аймагт  2016 онд 37,4 хувь байсан бол жил бүр нэмэгдэж, өнгөрсөн оны байдлаар 62,0 хувьд хүрсэн.

Өнгөрсөн онд манай төслийн зүгээс 15 суманд чадавхжуулах сургалтыг олон удаа, зөвлөгөө болон бусад үйл ажиллагааг зохион байгуулсан. Таван суманд сайн туршлагыг нэвтрүүлсэн. Таван сумын 25 багт дэд төслийг хэрэгжүүлсэн.

-Ямар ямар дэд төслүүд хэрэгжүүлсэн бэ, гарсан үр дүнгийнх нь тухай дэлгэрүүлж танилцуулна уу?

-2018 онд Эрдэнэдалай суманд "ОНХС-гийн төлөвлөлтийн шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх",  Өндөршил суманд "ОНХС-гийн хяналтын шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төсөл"-ийг хэрэгжүүлсэн.

Дээрх дэд төслүүдийн хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд сургалт, нэг цэгийн үйлчилгээ, явуулын аяны богц, эрүүл мэнд, урлаг, соёлын үйлчилгээ, иргэдийг уриалсан шторк, тараах материал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.

Мэдээж олон эерэг үр дүн гарсан ОНХС-гийн төлөвлөлт болон хяналтын шатанд иргэдийнхээ оролцоог тодорхой хэмжээнд нэмэгдүүлж чадсан байна. 2018 онд туршсан төслүүдээс дурдвал, хөдөөгийн малчдад нэг цэгийн үйлчилгээг хүргэн ОНХС-гийн мэдээллээ хүргэн 2020 оны саналыг Хулд Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан суманд нэвтрүүлэн ажилласан. Нийт 1301 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Тухайлбал, Хулд сум өмнөх оныхоо үнэлгээгээр урамшуулалд хамрагдаагүй байсан бол энэ жил улсын хэмжээнд 47 оноогоор жагсаж, аймгийн хамгийн өндөр үнэлгээ авсан сум болсон юм. Энэ бол хэрэгжүүлсэн төслийн үр дүн гэж үзэж байгаа.

Манай аймгийн энэ туршлагуудыг зарим аймагт ч туршиж хэрэгжүүлж байгаа.

-Монгол Улсын хувьд ОНХС бий болгосон нь шийдвэр гаргах түвшний төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих бүхий л шатанд иргэдийг оролцуулах эхлэлийг бий болгосон. Өнөөдөр энэ сангийн талаар бүх иргэн хангалттай сайн мэдлэггүй байсаар байна. Тиймээс ОНХС-гийн тухай жаахан тодруулж яриач!

"Орон нутгийн хөгжлийн сан” гэдэг маань иргэд амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа өөрсдийн саналаар шийдвэрлүүлэх "иргэний мэдлийн” төсөв юм.

Энэ сан бол орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах, тэдний тогтвор суурьшилтай сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.

Иргэд эхлээд багийн Засаг даргаар дамжуулан бичгээр, цахимаар болон бүлгийн ярилцлагад оролцох замаар саналаа өгнө. Дараа нь саналуудыг иргэд БИНХ-д оролцож, хэрэгцээ, шаардлагых нь дагуу эрэмбэлэн баталдаг.

БИНХ дээр эрэмбэлэгдсэн саналуудыг сумын ИТХ-аар хэлэлцэж батлах бөгөөд энд батлагдсан саналууд дараа жил нь хэрэгжих дарааллаар явдаг юм.

-Иргэдэд хандаж юу хэлэх вэ?  

-ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэн бүр оролцох боломжтой, мэдээж заавал өөрийн биеэр очиж саналаа өгөх боломжгүй хүн байгаа. Тэгвэл бичгээр, итгэмжлэгдсэн хүнээр гээд олон хэлбэрээр саналаа тусгуулах боломжтой. Энэ бол өөрийн амьдарч байгаа нутаг орныхоо төлөө хийж буй чухал үйл ажиллагаа.

Мөн гаргасан санал минь дэмжигдсэн үү? Үгүй юу? Хэрвээ дэмжигдээгүй бол яагаад дэмжигдээгүй шалтгааныг тодруулах эрхтэй, хэрвээ дэмжигдсэн бол хэрэгжилт нь ямар шатанд явааг та өөрөө хянах бүрэн боломжтой.

Та бүхэн "Орон нутгийн хөгжлийн сан”-даа тавдугаар сарын 31-ний дотор саналаа өгч, ИНХ-даа заавал оролцоорой. Орон нутгийнхаа хөгжилд таны санал, оролцоо чухал юм шүү. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!