ЗАР »
АЛТАЙЧУУД гэж нэрлэгдсэн АЛТАЙН УРИАНХАЙЧУУД
1858-1864 онуудад Манж Чин улс урд далайн хилдээ Англи-Францтай дайтсан Хар тамхины 2-р дайнд ялагдан, улмаар хойд ба баруун хилээс Оросын болзошгүй аюулыг тогтоох зорилгоор Хаант Оростой хилийн гэрээ хэлэлцээрээ эхлүүлжээ. Орос-Манжийн цуврал хэлэлцээрүүд нь 1727 оны Орос-Халхын хойд хилийг тогтоосон Буурын гэрээг хөндөлгүйгээр, Халхын хамгийн баруун болон зүүн хилийн цэгээс баруун зүүн тийш хилийн шугамыг шинэчлэн тогтоохоор болов. Удаа дараа үргэлжилсэн хэлэлцээр гэрээний дүнд Халхын хамгийн зүүн цэг Авгайт уулаас Номхон далай хүртэл хил буюу 1689 оны Халх-Ойрадын дайны үед байгуулсан Нерчингийн гэрээг эргэн засварлаж, Ар Манжуурын өргөн уудам нутгийг таслан өгсөн. Энэ хил тогтоолтоор Буриадын Хориуд 2 хуваагдан, Оросын эзэмшлийн хориудыг Буриад, Манжийн эзэмшлийн хориудыг Барга гэж өнөөдөр дуудаж хэвшжээ.
Мөн энэ гэрээнийхээ нэмэлт болгож 1864 оны Тарвагатайн гэрээгээр Манж Чин улс 1758 онд Зүүнгарыг хүйс тэмтрэн мөхөөж эрхшээлдээ оруулан авсан нутгаас буюу Халхын хамгийн баруун хилийн цэг Тагна Урианхайн (Тува) хойно Шавийн даваагаас, Тарвагатайн Зайсан нуур хүртэлх газар нутгийг Хаант Орост өгөхдөө, Урианхай хязгаарыг бүтэн таллан өгсөн байна. Тувагийн хойно Шавинай даваа (Шавийн даваа)-гаас Зүүнгарын Хотгорын Зайсан нуур хүртэл 900-аад км урт хилийн шугам татахад Урианхайн хязгаараас Алтайн урианхай, Цорос, Тэлэнгүд, Төөлсүүд, цөөн Дөрвөдүүд хилийн цаана үлдэн хоцорч, Хаант Оросын харьяат болжээ.
Алтайн Урианхайчуудыг хожим нь Алтайчууд гэж ерөнхийд нь ялгаж дуудаж, төвлөрөн суурьшсан хязгаар нутгийг Ойрод (Ойрад) өөрчлөн нэрлэх гэж болсон түүхтэй. Өнөө үед таслаж авсан Урианхайн хязгаарын багахан хэсэг нь ОХУ-ын субъект Алтайн БН Улс болно.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!