Оксфордын их сургуулийн вакцин 70 хувийн үр дүн үзүүллээ

🕔 2020/11/23 19:48

Оксфордын их сургуулийн вакцин 70 хувийн үр дүн үзүүллээ

 

ЛОНДОН.
 /BBC/. Оксфордын их сургуулийн гарган авсан коронавирусний вакцин нь хүмүүст халдварын шинж тэмдэг илрэхээс 70 хувь хамгаалдаг болохыг өргөн хүрээг хамарсан туршилтын дүн харууллаа.
"Pfizer”, "Moderna” компанийн вакцинууд 95 хувийн үр дүн үзүүлсэнтэй харьцуулахад энэ нь сул үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Оксфордын вакцин нь нөгөө хоёроосоо хямд үнэтэйгээс гадна хадгалах, дэлхийн өнцөг булан бүрт хүргэхэд хялбар ажээ.
 
Иймээс холбогдох байгууллагын зөвшөөрлийг авсан тохиолдолд цар тахлыг зогсооход голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй хэвээр байна. Мөн өөр мэдээллээс үзэхэд, тунг тааруулснаар вакцины үр дүнг 90 хүртэлх хувьд хүргэх боломжтой гэнэ.
 
Оксфордын их сургуулийн судлаачид ихэвчлэн 10 жилийн турш үргэлжилдэг вакцин гарган авах үйл явцыг 10 орчим сарын хугацаанд гүйцэтгэсэн юм.
"Шинэ коронавирусээс үүдэлтэй хүнд нөхцөл байдлыг дуусгавар болгох вакциныг ашиглахад бид дахин нэг алхмаар ойртож байна” гэж профессор Сара Гилберт мэдэгджээ.
Их Британийн Засгийн газар Оксфордын вакцинаас 100 сая тунг урьдчилан захиалаад байгаа бөгөөд түүгээр 50 сая хүнийг дархлаажуулах боломжтой ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!