Хүүхдүүдэд өвчний ховор шинж тэмдгүүд илэрчээ

🕔 2020/04/28 16:33

Хүүхдүүдэд ховор бөгөөд аюултай өвчний шинж тэмдгүүд илэрч байгаа нь шинэ коронавирусний халдвартай холбоотой байж магадгүй байгааг судлах хэрэгтэй гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын эмч нарт анхааруулжээ.

Ерөнхий эмч нарт илгээсэн яаралтай анхааруулгад дурдсанаар, Их Британийн нийслэл Лондон хот болон бусад бүс нутаг дахь эрчимт эмчилгээний тасгуудад ердийн бус шинж тэмдгүүд илэрсэн хүүхдүүдийг эмчилж байгаа ажээ.

Тэдгээр шинж тэмдэгт томуутай төстэй олон системийн үрэвсэл багтаж байгаа бөгөөд хүүхдүүдийн заримаас коронавирус илэрчээ. Хэчнээн хүүхдэд ийм реакц илэрсэн нь тодорхойгүй байгаа хэдий ч тоо нь харьцангуй цөөн байгаа гэнэ.

"Бид хүүхдүүд ховор, ноцтой өвчин тусаж буй талаар мэдсэн. Ийм тохиолдлууд сүүлийн хэдэн хоногт бүртгэгдэж эхэлсэн. Бид энэ асуудлыг яаралтай судлахыг мэргэжилтнүүдээсээ хүсээд байна” гэж Үндэсний эрүүл мэндийн газрын Англи дахь салбарын дарга Стивен Повис мэдэгджээ.

Янз бүрийн насны хүүхдүүд ийнхүү өвдсөн бөгөөд тэд өндөр халуурч, цусны даралт нь буурч, тууралт үүсэж, амьсгалахад хүнд болжээ. Мөн заримынх нь гэдэс өвдөж, бөөлжих юм уу гүйлгэсэн байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, хүний бие халдварын эсрэг хэт их эсэргүүцэл үзүүлэх үед эдгээр шинж тэмдэг илэрдэг байна. Ийм тохиолдлуудыг нэн даруй эмчлэх шаардлагатай гэж яаралтай анхааруулгад тэмдэглэсэн байна.   

Э.Хулан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!