Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэг-Онгийн хийд
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн урагшаа 18 км-т орших Онгийн хийд байрлалын хувьд тун өвөрмөц, сонин тогтоцтой нутагт байрладаг, түүхийн чухал дурсгалт газар гэдгээрээ онцлогтой. Онгийн хийдийн цогцолбор дурсгал болох Онгийн гол, Хошуу хурлын хийд, Шаазан хотын туурь, Сэнжит хад нь Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн байдаг. Онгийн хийд байрлах энэ л нутгийг говийн "хангай” гэлтэй, нутгийн жолооч нарын ярьдгаар тал газраар давхиж байгаад гэнэт уул устай, модтой, хангай газар давхиад ирэх шиг болдог тийм л сайхан нутаг. Говийн нутгаар урсдаг ганцхан голын эрэг дээр байрладаг энэ хийдийн туурь 1760-1810-аад оны үеийн түүхийг бидэнд өгүүлдэг.
Онгийн хийдийг Түвдээр "Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь "Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулж байжээ. Тухайн үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байж. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу "Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт баригдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт баригдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад "Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ.
Онгийн хийдэд сургалтын дөрвөн дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байсан гэдэг. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937 онд хэлмэгдэж, баригдсан түүхтэй.
Энгэрийн хадан хавцлыг маш нямбайлан шатлан ухаж тэгшлээд үелсэн өндөр довжоонууд байгуулан дээр нь өөр хоорондоо ижилгүй уран барилгуудыг цогцлуулсан нь асар их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсныг илтгэнэ. Өдгөө тэр бүхэн туурь болон үлдсэн бөгөөд бүхэл бүтэн хотын үлдэгдэл мэт сэтгэгдэл төрүүлдэг. Онгийн хийдийг барьсан барилгын тоосго их өвөрмөц, тоосго бүр дээр бурхны болон бадамлянхуа цэцэг гэх дүрс товойлгон хийсэн байдаг. 1970, 1980-аад оны үед сумын иргэд, байгууллагууд энд зугаалгаар ирэх үед тийм тоосго элбэг олддог байж.
Тус хийдийн гол цогчин дуганы баруун талд Хутагт ламын хийд оршдог байсан бөгөөд том хөх тоосгон хашаатай, тэр нь дээгүүрээ ланз хээтэй байжээ. Дотроо есөн сүмтэй, сүмийн оройг паалантай тоосгоор хийсэн байв. Баруун зүүн талдаа хүрд бүхий суваргатай байжээ. Хашааны гадна талд хоёр том дуган, баруун талд нь том цагаан суварга байжээ. Онгийн хийдийн гол цогчин дуганы зүүн талд 220 жилийн түүхтэй Хамба Дамцагдоржийн хийд гэж байжээ. Уул өөд өгсүүлэн барьсан 13 гоёмсог сүмтэй байсан. Хийдийн дээд овоон дээрх хавтгай чулуун дээр Цагаан шүхэрт бурхан сийлж тавьсан байдаг. Тухайн цаг үед Онги голын дээгүүр тавьсан модон гүүрэн дээгүүр үертэй үед голын ус хальж ирдэг байжээ. Онгийн хийдийг тойроод эргэн тойрон ууланд 5 тахилгатай овоо өдгөө үлдсэн байх бөгөөд тэдгээрийг Дөрвөлжин шашир, Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээн нэрийддэг. Мөн хийдийн туурины зүүн захад "ходоодны рашаан” байх бөгөөд түүнийг хамгаалж сүүдрэвч бүхий хашаа тойруулан барьж, ховоогоор татаж хэрэглэхээр болгон худаг байгуулжээ.
Туурины урд хэсэгт лам нарыг хуралдаа ирэхийг урин залж лавай үлээдэг зориулалт бүхий "буяны шат” бий. Туурины гол хэсэгт "Зүүн гүдэнгийн дуган” хэмээх сүмийг сэргээн байгуулжээ. Зуны цагт лам хөвгүүд шавилан сууж хол ойрын зочин гийчинд ном хурж өгдөг байж. Сүмд Бурхан багшаас эхлэн Арван хангал бурхад, сүмийн эзэн Барь лам Дамцагдоржийн хөрөг, Насны гурван шүтээн, Говийн Лха бурхан, Майдар бурхан, Богд Зонхов, Ловон Бадамжунай нарын хөрөг болон баримал дүрүүдийг залсан байдаг. 2001 онд Онгийн хийдийн туурины дэргэд гэр музей байгуулжээ. Гэр музей шавь Барь лам Дамцагдоржийн зохиосон 21 боть "Сүмбум” хэмээх судар байхаас гадна өөрийнх нь хэрэглэж байсан гавлын ясан аяга, дунд чөмөгний ясаар хийсэн чөмгөн бүрээ, хийдийн лам нарын хэрэглэж байсан зэс домбо, сав суулга, лагай намжир хэмээх хувцас хэрэглэл, балин зуурдаг модон тэвш, цай нүддэг уур нүдүүр, хүрэл тогоо тулга, мод цоолдог өрөм дрилл, монгол жинлүүр, туухайнууд, тэмээнд тэгнэдэг өөжин авдар, Онгийн хийдийг эвдэж устгах үед үлдсэн барилгын чимэглэлүүд гэх мэт зүйлүүдийг дэлгэн үзүүлжээ. Онгийн хийдийн баруун өмнө байрлах хадат уулнаа Лусын хаан Луваанжалбуу бурханы дүрийг баримлаар бүтээлгэн залжээ. 1.3 тн жинтэй, 2м өндөр суугаа дүртэй бурханы баримал бөгөөд нутгийн иргэд Онги гол эргэн урсахыг хүсэж энэхүү дүрийг бүтээлгэн залсан байна. Одоо энэ нутагт аялал жуулчлал хөгжиж, "Онгийн нууц”, "Онги-Энерги”, "Сайханговь”, "Онгийн хийд” баазууд ажиллан, жилдээ дотоод, гадаадын 3000 гаруй жуулчин цугладаг бүс болоод байна.
Энд ирсэн жуулчид тэмээ, морин аялал хийх, малчин айлд зочлох, малчдын аж амьдрал, монгол ёс уламжлал, өв соёлтой танилцах боломжтой аж. Жил бүрийн 09 дүгээр сард Онгийн хийдийн задгай театрт "Монгол айрагны баяр” болдог бөгөөд ардын урлагийн эвент арга хэмжээ зохион байгуулдаг.
Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 8-9-нд Онгийн хийд байгалийн үзэсгэлэнт газарт "Малчны баяр - ардын урлагийн наадам” зохион байгуулж, нүүдэлчин соёл уламжлалаа харуулсан "Сайхан хувцас хэрэглэл бүхий морьтой хос шалгаруулах”, "Морин дээрээс шагай буулгах”, "Дэмбээ наадгай”, "Хуруу наадгай”, "Морин бөмбөг”, "Сайхан хувцастай жуулчин шалгаруулах” тэмцээн уралдааныг зохион байгуулж, жуулчдад зориулсан монгол уламжлалыг харуулсан хөтөлбөрүүд, сумын брэнд бүтээгдэхүүн шалгаруулах үйл ажиллагаа болсон. Аймгийн ЗДТГ, БОАЖГ, сумын ЗДТГ-аас жил бүр "Малчны баяр” үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, жуулчдыг татах зорилт тавин ажиллаж байгаа аж.