Дональд Трамп амны хаалтны үйлдвэрт зочлохдоо амны хаалт зүүхээс татгалзжээ

🕔 2020/05/06 14:08

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр эмнэлгийн хамгаалах хэрэгслийн үйлдвэрт зочлохоор Аризона мужид очжээ. Ингэхдээ тэр амны хаалт зүүхээс татгалзаж, нүдэндээ хамгаалах шил зүүсэн байна.

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төв олон нийтийн газарт амны хаалт зүүхийг иргэдэд зөвлөж эхэлсэн юм. Харин Дональд Трамп энэхүү зөвлөмжийг дагалгүй эсэргүүцсээр байгаа. Тэрээр амны хаалт зүүх нь ач холбогдолгүй, дэлхийн хамгийн том гүрний удирдагчийн хувьд зохимжгүй гэх зэргээр тайлбарласаар байна.

Трамп саяхан Цагаан ордонд жижиг бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа амны хаалтаа авч байж ярихыг нэг захирлаас шаардаж байв.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс саяхнаас хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч, амны хаалт зүүдэг болоод байгаа. Тэр өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн өвтчөнүүдийг эмчилж байгаа эмнэлэгт зочлохдоо ганцаараа амны хаалт зүүгээгүй юм.

Өнгөрсөн Ням гарагт Fox News сувагт ярихдаа Пэнс эмнэлэгт зочлох үеэрээ амны хаалт зүүх ёстой байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Трамп, Пэнс нарыг тогтмол хугацааны давтамжтайгаар коронавирусийн шинжилгээ өгч байгаа гэсэн мэдээлэл бий. Судлаачид улс орны удирдагч нар эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж байгаагаар олон нийтэд харагдах нь чухал нөлөөтэйг тайлбарлаж байна.

Үүнийг "Katie Couric effect” гэж судлаачид нэрлэдэг ажээ. Нөхөр нь бүдүүн гэдэсний хорт хавдраар нас барсны дараа Кэти Курик хэмээх сэтгүүлч эмэгтэй 1998 онд гэдсээ дурандуулж байгаагаа телевизээр үзүүлсэн нь хүмүүст хүчтэй нөлөөлж, эмнэлэгт хандах иргэдийн тоог их хэмжээгээр өсгөсөн гэдэг.

Амны хаалтны талаарх Трампын байр суурь нам нэгтнүүдийнхтэй нь ижил байгааг судалгаа харуулжээ. ABC News сувгийн мэдээлснээр Ардчилсан Намын хууль тогтоогчдын 69 хувь нь амны хаалт тогтмол зүүж байгаа бол Бүгд Найрамдахчуудын хувьд 47 хувьтай байгаа гэнэ.

Бас нэг судалгаагаар амны хаалт зүүх нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн дунд бага байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл амны хаалт зүүхийг эмэгтэйлэг үйлдэл гэсэн ойлголт зарим эрчүүдийн дунд байгааг сэтгэлзүйчид тогтоосон байна. Тухайлбал тэргүүн хатагтай Меланиа, Трампын охин Иванка нар амны хаалт зүүх явдлыг иргэдэд сурталчилж байсан бол Трампын хөвгүүд болон хүргэн нь олон нийтийн газарт амны хаалт огт зүүхгүй байгаа юм. 

Э.Сэмүүн

Эх сурвалж: Bloomberg

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!