ЭМГ-аас мэдээлэл хийлээ

🕔 2020/03/20 14:54

Дундговь аймгийн ЭМГ-аас шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, бэлтгэл, бэлэн байдлын талаар мэдээлэл хийлээ. Швед улсаас эрсдэлтэй бүс нутгаар дамжин ирсэн нэг иргэнийг ажиглалтад тусгаарлаад өнөөдөр 11 хонож байгаа бөгөөд түүний биеийн байдал хэвийн байгааг ЭМГ-ын дарга Г.Бат-Орших танилцууллаа.

Тус аймгийн хувьд урьдчилан сэргийлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 10 ор, Уламжлалт анагаах ухааны төвд 18 орыг гаргажээ. Мөн хоёр хувийн эмнэлэг, ХХҮХ-ийн ахмадын сувилал, МСҮТ, хоёр зочид буудалд ажиглан тусгаарлах байруудыг бэлтгэсэн байна. ЭМГ-т 24 цагийн хариуцлагатай жижүүр гаргаж, аймгийн төвийн хойд постон дээр эмч нараа жижүүрлүүлж, хөдөлгөөнд оролцож байгаа зорчигчдын халууныг хэмжиж байна.

Аймгийн Онцгой комиссоос ажлын хэсэг гарч, хөдөөгийн 14 суманд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил, бэлтгэл, бэлэн байдал ямар байгаатай танилцаад ирсэн. Сумдад нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халат, N10 амны хаалт, нэг удаагийн малгай зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангалт муу, тусгаарлах байрны ариун цэврийн өрөө, бие засах газрын нөхцөл байдал тааруу байгааг ЭМГ-ын дарга Г.Бат-Орших онцоллоо.  

2020 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар аймгийн хэмжээнд амин чухал эмийн хангалт 79 хувь, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт 82 хувьтай байгааг мөн танилцуулсан юм.  

Аймгийн Засаг даргын нөөцөөс 10 640 000 төгрөгийг шийдэж, эм, эмнэлгийн хэрэгслийг авч нөөцөлжээ. Мөн зам дагуух сумдад хангалт хийсэн байна. Гэхдээ нэг л сэжигтэй тохиолдол илрэхэд энэ бол дөнгөж хоёр өдрийн л хэрэгцээ бөгөөд энэ өвчний тархалт нь эдийн засгийн хувьд асар өндөр алдагдал, уналтыг авчрах учраас урьдчилан сэргийлж, хүн бүр хариуцлагатай байх нь чухал гэдгийг ЭМГ-аас анхааруулж байна. Тиймээс иргэн бүр анхааралтай байх, олон нийтийн газраар явахгүй, хувийн ариун цэврээ сайн сахиж, эмнэлгийн байгууллагаас өгөөд байгаа тэр зөвлөмжүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй гэдгийг дахин дахин анхааруулж, сэрэмжлүүлсэн юм. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!