Аймгийн хэмжээнд 224 511 хээлтэгч мал төллөжээ

🕔 2020/03/31 14:29

Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр аймгийн хэмжээнд 1,7 сая эх мал төллөхөөс энэ сарын 27-ны байдлаар 224 511 хээлтэгч мал төллөж, мал төллөлт 14 хувьтай байна. Харин 780 гаруй мал хорогджээ. Орон нутагтаа өвөлжих хэмжээний бэлчээр хангалтгүйн улмаас тус аймгийн 700 гаруй өрхийн 602,0 мянган мал 11 аймгийн нутагт, 380 гаруй өрхийн 382,0 мянган мал өөрийн аймгийн нутагт отроор өвөлжсөн.

Хавар болж, цаг харьцангуй дулаарч байгаа учраас өөр аймгийн нутагт отроор өвөлжсөн малчдын нөхцөл байдал, нүүдэл суудал ямар байгаа талаар ХХААГ-аас тодруулахад "мал ид төллөж байгаа учраас отроор яваа малчдын хувьд яг одоо нүүдэл суудал хийхгүй, дөрөвдүгээр сарын 20-ноос хойш нутаг руугаа нүүх хандлагатай байгаа, гэхдээ нутагтаа ирээд малын идэш ховор учраас яаран наашлахгүй байх” гэлээ.

Аймгийн болон сумын нөөцөд байсан өвс, тэжээлийн нөөц багассан. Малчид цаг агаар дулаан байвал өвс худалдаж авах нь багасч, хүйтэрвэл өвс тэжээлийн хэрэгцээ нэмэгдэж байгаа ажээ. УЦУОШТ-ийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын агаарын дундаж хэм олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтрэх ба хур тунадас олон жилийн дунджийн орчим байх ажээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!