Энэ зун ургамлын гарц гүйцээгүй нь бэлчээрийн даац хэтрэх нөхцөлийг бүрдүүлжээ
Арван нэгдүгээр сард нийт нутгаар мөн уур амьсгалын дунджаас 1.5-2.0 хэм дулаан байх ба агаарын дундаж хэм нь 4-8 хэм хүйтэн байх ажээ.
Харин 12 дугаар сард агаарын дундаж хэм 22-32 хэм хүйтэн буюу нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2.0 хэм дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас 10, 11 дүгээр сард олон жилийн дунджийн орчим буюу 0-5 мм, 12 дугаар сард 1-8 мм хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Харин бэлчээрийн даацыг аймгийн дүнгээр авч үзвэл, нутгийн 15 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой бол 45 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 40 хувьд гурав буюу түүнээс дээш олон дахин хэтэрч гарчээ.
2019 оны наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд зуншлага хэвийн,70 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу байжээ.
Энэ зуны байдлаар дөрөвдүгээр сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж, бэлчээрийн ургамлын ургалт эрт цухуйж, зуншлага хэвийн болох нөхцөл бүрдсэн хэдий ч 5-7 дугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага орсноор ургамлын ургалт муудсан, зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон учир ургамлын гарц гүйцээгүй байсан тул энэ нь бэлчээрийн даац хэтэрч гарах шалтгаан болсон хэмээн УЦУОШГ-аас мэдээлсэн.
Хэдийгээр цаг агаарын хувьд олон жилийн дунджийн орчим байх хэдий ч малчид өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай байгаа юм. Энэ нь өөр аймгийн нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эртнээс анхаарах, зөв зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байна.
Д.Алтантогос