Бэлтгэл бэлэн байдалд хяналт хийж байна

🕔 2020/03/04 13:35

Аймгийн МХГ-аас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж байгаа гэдгээ мэдээллээ.

Тодруулбал хоёрдугаар сарын 27-ноос Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвүүдэд хяналт, шалгалт хийхэд уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал 60-70 хувьтай үнэлэгдсэн байна.

Дээрх сумын Эрүүл мэндийн төвүүдийн хувьд эмч, эмнэлгийн ажилчдын өмсөх хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг тусгаарлах өрөөнд байрлуулсан, спиртэн суурьтай гар халдваргүйтгэх бодис, гар арчих нэг удаагийн сальфетка бэлтгээгүй, ариутгал, халдваргүйтгэлийг журмын дагуу хийж гүйцэтгээгүй, дуут дохио, холбоо мэдээллийн хэрэгслээр хангаагүй, тусгаарлах өрөөнд байвал зохих эм, тариагаар бүрэн хангагдаагүй, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, соруулах аппаратны нэрмэл усанд хаяг байрлуулаагүй зэрэг зөрчил, дутагдал нийтлэг байсан аж.

Мөн ариутгал, халдваргүйтгэл хийсэн хөтөлгөө, бүртгэл байхгүй, хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөх, тайлах чадвар дутмаг, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрэн тооцоолоогүй, дутуу бүрдүүлсэн байжээ. МХГ-ын дээрх сумдад ажилласан багаас зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 88 хувийг шийдвэрлэсэн байна.

Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн тусгаарлах өрөөнөөс найман нэр төрлийн найман ширхэг дусал, тариаг хугацаа дууссан байсныг илрүүлж, газар дээр нь устгуулжээ. Хяналт шалгалт хийхээс гадна дээрх гурван сумын Эрүүл мэндийн төвийн 38 эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дадлага сургууль хийлгэжээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!