Дундговь аймгийн нэр бүхий зургаан даргыг АТГ-ээс шалгаж эхэлжээ

🕔 2020/03/16 15:53

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, түүний нѳхѳр Гантогтох, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нарын холбоо сүлбээг Дундговийнхон "ашиг орлогын алтан гурвалжин " гэж нэрлэх болоод уджээ. Дундговь аймгийн тендерийг 'зайдагнадаг" "Шувуутайн Хийморь” гэж компани энэ цаг үед Дундговьд ид цэцэглэж буй. Эзэн нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн эр нѳхѳр Гантогтох.

Тэр бизнес эрхлэхээс гадна Засаг дарга О.Бат-Эрдэнийн Зөвлөх. Гантогтох засаг даргадаа ямар зѳвлѳгѳѳ ѳгдѳгийг сайн мэдэхгүй ч, аргандаа оруулсан гэдэг нь ил болсон. Бүх тѳрлийн тендерийг тэд л удирдан зална. Саяхны шинэ сэргэг тендерээс эхэлье. Дундговь аймгийн Засаг дарга, Орон Нутгийн өмчийн газраас 2019 оны тавдугаар сарын 08 ны өдөр 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий "Наадмын талбайн дуусгал” нэртэй цахим тендерийг зарласан.

Сарын дараа гүйцэтгэгч нь тодорсон. Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд хуралдаж "Зуут констракшн” ХХК-ийг сонгон шалгаруулсан . "Зуут констракшн” ХХК нь ажлын туршлага, чадваргүй, тендерийн тухай хууль журмын дагуу 2.5 тэрбум битгий хэл 100 сая төгрөгийн ч тендерийг гүйцэтгэх, хангах хэмжээний компани биш байж.

Тус компанийн ард Дундговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн түүний нөхөр н.Гантогтох байдаг. Тэд 2016 оноос хойш аймгийн аль мөнгөн дүн өндөртэй тендерийг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан завшиж хөрөнгөжсѳн асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. "Зуут констракшн яагаад шалгарав? Яагаад гэвэл, тендерт Гантогтохын компани нь далд хэлбэртэй оролцсон. "Шувуутайн Хийморь” ХХК нь "Зуут констракшн” ХХК-тай туслан гүйцэтгэгч компани гэдэг нэрээр гэрээ байгуулж тендерт орсонд хамаг учир оршино. Зарласан тендерийн ѳчүүхэн ч шаардлага хангахгүй "Зуут констракшн” ХХК удаа дараа тендерт ялсан.

Шалгарсан "Зуут констракшн” ХХК-ийн ажлын туршлага гэвэл Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас авсан тендер л юм. Гэхдээ энэ бүх тендер гагцхүү аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн үед олгогдсон нь хууль хяналтын байгууллагын хараанаас мултарсангүй. Тендерт луйвардаж ялсныг нь ѳрсѳлдѳгч компани мэдүүлж, улмаар Сангийн Яамны зүгээс тендерийг хүчингүйд тооцох шийдвэр гаргасныг ч үл тоомсорлон дахин тендер зарлаж, "Зуут констракшн"-ыг шалгаруулсан. Ялагдсан гэх компани нь эрхийнхээ дагуу өмнө нь Сангийн яаманд хандсан ч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар хуулийн дагуу биелүүлж ажиллаагүй тул тэд шүүхэд хандсан.

Шүүхэд захиргааны хэрэг нээгээд нотлох баримтууд нь ирэхэд шалгарсан гэх компани нь ямар ч туршлагагүй, чадваргүй, санхүүгийн чадамжгүй, инженер техникийн ажилчингүй, нийгмийн даатгал тодорхойлолт гээд тухайн тендер шалгаруулалтын маш олон зүйл заалт шалгуурыг хангаагүй байгаа нь тогтоогджээ. Энэ талаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үеэр яригдсан бөгөөд шүүгчийн зүгээс ч хүлээн зөвшөөрчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хууль буюу бидний хэлж заншсанаар Тендерийн тухай хуулиар улс орон даяарх бүх тендерүүд явагдаж тухайн хуулинд заасан нөхцөл шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулах ёстой. Тухайлбал, тендерийн хуулийн 27-р зүйлд ирүүлсэн тендерийг хянаад 28-р зүйлд заасанчлан тендерийг үнэлээд тус хоёр зүйл ангийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг хуулийн 29-р зүйлд заасанчлан гэрээ байгуулдаг. Гэтэл хуулийн 27, 28-р зүйлийн шаардлагын дийлэнх зүйлийг хангаагүй байдаг юм. "Зуут констракшн” ХХК өнгөн дээрээ байвч аймгийн тендерийн ажлыг авч хийж хувийн ашиг олох гэсэн нөхөд нь Дундговь аймгийн удирдлагад өндөр албан тушаал хашдаг эрхмүүд юм.

Тэд үнэлгээний хорооны таван хүнийг ч "атга" болон "аргандаа" оруулжээ гэхээс ѳѳр зүйлийг Дундговьд бизнес эрхлэгчид бүх шатандаа ярьж эхэлсэн. Орон нутагт илэрхий хууль зөрчин, албан тушаалтнууд нь дураараа авирласан тендер зарласан шалгаруулсан нэр зүүж өөрийн хамаарал бүхий компаниудыг тэтгэсэн энэ мэт аргаар үйлдлүүд хэрээс хэтрээд байгаагийн тод жишээ энэ юм. Үүгээр ч зогсохгүй улсын төсвийн мөнгөнөөс "Зуут констракшн” ХХК, Дундговь аймгийн Засаг дарга, Тамгын дарга нар хуйвалдаж 2019 оны арваннэгдүгээр сарын 13 ны өдөр 2019 оны 10 сарын эхэнд хуурамч барилгын ажлын гүйцэтгэл бичиж түүнийг нь зөвшөөрч баталгаажуулан Сангийн яамнаас мөнгө "хулгайлсан” байдаг.

Учир нь 2019.08.13 ны өдөр тус тендер шалгаруулалттай холбоотой шүүх дээр Захиргааны хэрэг үүссэн байдаг мөн 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж тус шалгарсан компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл буюу захиргааны актны биелэлтийг шүүхийн эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн байтал тус шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүйгээр тус компани нь есдүгээр сарын сүүлээр дур мэдэн хүчээр ажил эхлүүлсэн байдаг. Тэгээд 10 орчим хоногийн дараа буюу ямар ч ажил хийгээгүй байж 18 хувийн гүйцэтгэл бичиж түүнийг нь Дундговь аймгийн холбогдох албан тушаалтнууд шүүхийн маргаантай шүүх шийдээгүй байгааг мэдсээр байж хянаж баталгаажуулан Сангийн яаманд өгсөн байдаг. Шүүхийн маргаантай байгаа шийдэгдээгүй талаар Сангийн яам анзаарч улсаас мөнгө залилах байдлыг нь тэр үед таслан зогсоожээ.

Гэвч удалгүй Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь хувийн компанид мөнгийг нь олго, шүүхийн маргаан байхгүй гэсэн бичиг Сангийн яаманд гаргаж улсыг залилан 447 сая төгрөгийг "Зуут констракшн” ХХК авчээ. Ийнхүү хууль бус тендерийн маргаан цааш үргэлжилж Авлигатай тэмцэх газарт аймгийн удирдлагууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад санаатайгаар зориудаар давуу байдал бий болгон эрүүгийн ноцтой хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж эхэлжээ. "Зуут констракшн” ХХК компанийг удаа дараа тендерт шалгаруулсан Дундговь аймгийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нарын зургаан хүнийг хуулийн олон заалт зөрчиж гэрээ байгуулсан гэж АТГ-аас тэднийг яллагдагчаар татах саналтай прокурорт хэргийг шилжүүлжээ.

Ц.Энхбат

Эх сурвалж: control.mn

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!