Дундговь аймгийн удирдлагууд 2.5 тэрбум төгрөгийн тендерт өөрсдийн хамаарал бүхий компаниа шалгаруулжээ

🕔 2020/03/11 14:50

-"Шувуутайн Хийморь” ХХК Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гэр бүлийн хүн н.Гантогтохынх бөгөөд тэрбээр Засаг дарга О.Бат-Эрдэнийн Зөвлөхөөр ажилладаг-

 Дундговь аймгийн удирдлагууд төрийн мөнгөөр тоглож, хувьдаа завшиж байна. Тус аймгийн удирдлагууд 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийг хэрхэн будилаантуулж өөрсдийн хамаарал бүхий компанидаа олгосон баримтыг дэлгэе. 

Дундговь аймгийн Засаг дарга, Орон Нутгийн өмчийн газраас 2019 оны тавдугаар сарын 08 ны өдөр 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий "Наадмын талбайн дуусгал” нэртэй цахим тендерийг зарласан. Ингээд нэг сарын дараа Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд хуралдаж шийдвэрээ гарган оролцогч "Зуут констракшн” ХХК-ийг шалгаруулсан байдаг. "Зуут констракшн” ХХК нь ажлын туршлага, чадвар байхгүй тендерийн тухай хууль журмын дагуу 2.5 тэрбум битгий хэл 100 сая төгрөгийн ч тендерийг хангах хэмжээний компани биш байж. Тус компанийн ард Дундговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн түүний нөхөр н.Гантогтох байдаг. Тэд 2016 оноос хойш аймгийн аль мөнгөн дүн өндөртэй тендерийг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан завшиж хөрөнгөжиж байгаа тухай аймгийнхан ил далд ярьдаг.

Яагаад энэхүү компанийг шалгаруулсан байгаа вэ гэвэл н.Гантогтох захиралтай "Шувуутайн Хийморь” ХХК нь "Зуут констракшн” ХХК-тай туслан гүйцэтгэгч компани гэдэг нэрээр гэрээ байгуулж тендерт орсон байдаг. "Шувуутайн Хийморь” ХХК нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гэр бүлийн хүн н.Гантогтохынх бөгөөд тэрээр Засаг дарга О.Бат-Эрдэнийн Зөвлөхөөр ажилладаг. Тийм болохоор л ямар ч шаардлага хангахгүй "Зуут констракшн” ХХК удаа дараа тендерт ялаад байдаг аж. Шалгарсан "Зуут констракшн” ХХК-ийн ажлын туршлага гэвэл дандаа Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас авч хийсэн ажлууд байдаг ба тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн үед өгсөн нь анхаарал татна.
Тус шалгараад байгаа компанитай гэрээ байгуулахдаа яаран сандран хийсэн бөгөөд нөгөө оролцогч компанийнхаа Сангийн яаманд дахин гомдол гаргах эрхийг хааж 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээг үзэглэсэн Дундговь аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нь хуулийг үл тоон гэрээ байгуулсан байдаг. Тус тендерт хоёр компани өрсөлдсөн бөгөөд ялагдсан компани нь дээд шатных нь байгууллага буюу Монгол Улсын Сангийн яаманд тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гаргажээ. Сангийн яам тус гомдлыг хүлээн авч хянаад тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн талаар дурдсан зөрчлөө арилга гэсэн агуулга бүхий гомдол хянасан тухай 2019.07.19-ны өдрийн 6-1/4983 тоот албан бичгийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл дээд шатны байгууллагын шийдвэрийг дагаж биелүүлэхгүй үл тоон хууль бус шалгаруулалтыг 2019.07.29-нд дахин хийн нөгөө л компаниа үнэлгээний хорооны таван гишүүн 100 хувийн санал нэгтэйгээр дэмжжээ. Тус ажилд орон нутгийн төсвөөс санхүүжих байсан 500 сая төгрөгийг авсан байж магадгүй гэсэн хардлага байгаа юм. Тус тендерийг зарлахаас эхлээд шалгаруулах гэрээ байгуулах мөн ажлыг эхлүүлэх хүртэл Монгол Улсын Захиргааны тухай хууль, Тендерийн тухай хуулиудын олон заалтыг зөрчсөн бөгөөд энэ нь авлига албан тушаалын хэрэг мөнгө угаалтын эрүүгийн хэрэг болон хувирч байна. Учир нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж гэрээ байгуулж байгаа Дундговь аймгийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга гэгч Г.Самданцоодол нь гэрээнд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулахдаа шалгарсан компанийн гүйцэтгэлийн баталгаа болох банкны баталгааг үндэслэж гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай, шалгарсан компани нь мөн тендерт шалгарсан мэдэгдэл авснаас хойш ажлын зургаан хоногт багтаан баталгаа гаргадаг нэг удаа 15 хоногоор сунгах боломжтой гэж хуулинд заасан. Банкны баталгааг хуулийн хугацаанд гаргаагүй бол дараагийн компанид гэрээ байгуулах эрх олгохгүй бол тус тендерийг хүчингүй болгож дахин зарлах ёстой гэж цагаан дээр хараар хуульд бичиж баталжээ. Гэвч энэ хууль үйлчлэхгүй тус баталгааг бүр 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг.
Ялагдсан гэх компани нь эрхийнхээ дагуу өмнө нь Сангийн яаманд хандсан ч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар хуулийн дагуу биелүүлж ажиллаагүй тул шүүхэд хандсан. Шүүхэд захиргааны хэрэг нээгээд нотлох баримтууд нь ирэхэд шалгарсан гэх компани нь ямар ч туршлагагүй, чадваргүй, санхүүгийн чадамжгүй, инженер техникийн ажилчингүй, нийгмийн даатгал тодор­хой­лолт гээд тухайн тендер шалгаруулалтын маш олон зүйл заалт шалгуурыг хангаагүй байгаа нь тогтоогджээ. Энэ талаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үеэр яригдсан бөгөөд шүүгчийн зүгээс ч хүлээн зөвшөөрчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хууль буюу бидний хэлж заншсанаар Тендерийн тухай хуулиар улс орон даяарх бүх тендерүүд явагдаж тухайн хуулинд заасан нөхцөл шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулах ёстой. Тухайлбал, тендерийн хуулийн 27-р зүйлд ирүүлсэн тендерийг хянаад 28-р зүйлд заасанчлан тендерийг үнэлээд тус хоёр зүйл ангийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг хуулийн 29-р зүйлд заасанчлан гэрээ байгуулдаг. Гэтэл хуулийн 27, 28-р зүйлийн шаардлагын дийлэнх зүйлийг хангаагүй байдаг юм. "Зуут констракшн” ХХК өнгөн дээрээ байвч аймгийн тендерийн ажлыг авч хийж хувийн ашиг олох гэсэн нөхөд нь Дундговь аймгийн удирдлагад өндөр албан тушаал хашдаг эрхмүүд юм. Тэд үнэлгээний хорооны таван хүний нүд, чихийг бөглөөд заавал энэ компанийг ялуул гэсэн үүрэг өгсөн нь тодорхой харагдана. Хэрэв тийм биш байсан бол тендерийн маш олон шалгуурыг хангахгүй байгаа компанийг шалгаруулахгүй байх байв. Орон нутагт илэрхий хууль зөрчин, албан тушаалтнууд нь дураараа авирласан тендер зарласан шалгаруулсан нэр зүүж өөрийн хамаарал бүхий компаниудыг тэтгэсэн энэ мэт аргаар үйлдлүүд хэрээс хэтрээд байгаагийн тод жишээ энэ юм.
Үүгээр ч зогсохгүй улсын төсвийн мөнгөнөөс "Зуут констракшн” ХХК, Дундговь аймгийн Засаг дарга, Тамгын дарга нар хуйвалдаж 2019 оны арваннэгдүгээр сарын 13 ны өдөр 2019 оны 10 сарын эхэнд хуурамч барилгын ажлын гүйцэтгэл бичиж түүнийг нь зөвшөөрч баталгаажуулан Сангийн яамнаас мөнгө "хулгайлсан” байдаг. Учир нь 2019.08.13 ны өдөр тус тендер шалгаруулалттай холбоотой шүүх дээр Захиргааны хэрэг үүссэн байдаг мөн 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж тус шалгарсан компанид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл буюу захиргааны актны биелэлтийг шүүхийн эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн байтал тус шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүйгээр тус компани нь есдүгээр сарын сүүлээр дур мэдэн хүчээр ажил эхлүүлсэн байдаг. Тэгээд 10 орчим хоногийн дараа буюу ямар ч ажил хийгээгүй байж 18 хувийн гүйцэтгэл бичиж түүнийг нь Дундговь аймгийн холбогдох албан тушаалтнууд шүүхийн маргаантай шүүх шийдээгүй байгааг мэдсээр байж хянаж баталгаажуулан Сангийн яаманд өгсөн байдаг. Шүүхийн маргаантай байгаа шийдэгдээгүй талаар Сангийн яам анзаарч улсаас мөнгө залилах байдлыг нь тэр үед таслан зогсоожээ. Гэвч удалгүй Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нь хувийн компанид мөнгийг нь олго, шүүхийн маргаан байхгүй гэсэн бичиг Сангийн яаманд гаргаж улсыг залилан 447 сая төгрөгийг "Зуут констракшн” ХХК авчээ.
Ийнхүү хууль бус тендерийн маргаан цааш үргэлжилж Авлигатай тэмцэх газарт аймгийн удирдлагууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад санаатайгаар зориудаар давуу байдал бий болгон эрүүгийн ноцтой хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж эхэлжээ. "Зуут констракшн” ХХК компанийг удаа дараа шалгаруулаад байгаа Дундговь аймгийн хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нарын зургаан хүнийг хуулийн олон заалт зөрчиж гэрээ байгуулсан гэж АТГ-аас тэднийг яллагдагчаар татах саналтай прокурорт хэргийг шилжүүлжээ. Гэвч хэргийг хянаж буй Дундговь аймаг дахь прокурорын газар хэргийг хянаж байна хэмээн гурван сарын хугацаа өнгөрч байвч хэрхэх нь тодорхойгүй хэргийг нам дараад байгаа мэдээлэл байна.
Одоогийн байдлаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гараад байгаа юм.
Ер нь Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, Дундговь аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г.Самданцоодол нарт ямар ч хууль үйлчилдэггүй нь тодорхой харагддаг. Сангийн яам хууль зөрчиж шалгаруулсан байна, зөрчлөө арилга гээд бичгийг 2019.07.19-ны өдөр 6-1/4983 тоот бичгээр өглөө, дараа нь АТГ-ын газраас Сангийн яаманд тус тендер шалгаруулалтын талаар зөвлөмж тайлбар авахад 2019.11.20-ны өдрийн 6-1/7750 тоот албан бичгээр хууль зөрчиж шалгаруулсан байна, хууль зөрчиж гэрээ байгуулсан байгаа талаар удаа дараа мэдэгдээд Монгол Улсын шүүхээс захиргааны актны биелэлтийг түдгэлзүүлээд байхад л өөр хоорондоо хуйвалдан улсаас яаралтай мөнгө гарган авч улсыг хохироосон байдаг. Ийнхүү Дундговь аймгийн Засаг дарга, Тамгын газрынхан, удирдлагууд нь нийлж аймгийнхаа тендерийг өөрсдийн хамаарал бүхий компанидаа авч, төрийн дээр хууль байхгүй мэт дур зоргоороо авирлаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хууль зөрчсөн хэнтэй ч хариуцлага тооцно. Би шударга ёсны төлөө амь насаа ч хайрлахгүй” гэж сүржин мэдэгдэл хийж байв. Тэгвэл Дундговь аймгийн удирдлагууд өөрсдийн компанидаа хууль зөрчин 2.5 тэрбум төгрөгийн тендерт ялагч болгож, төрийн мөнгөөр туйлж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар хариуцлага тооцох вэ? Монгол Улсын хууль ижил тэгш хүн бүрт үйлчилнэ. Задарсан Засаг дарга, Тамгын газрын удирдлагуудад Монгол Улсын хууль үйлчилдэг эсэхийг одоо харах л үлдлээ.

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!