Монгол наадгай бүтээх уралдаанд 35 бүтээл оролцжээ

🕔 2020/03/02 17:26

Дундговь аймгийн ОБГ-аас Монголын үндэсний их өв соёл болсон монгол наадгайг хөгжүүлэх, өвлүүлэх, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор алба хаагчдынхаа гэр бүлийн дунд "Тоглоомоо өвлүүлье” уралдаан зохион байгуулжээ.

Монгол наадгай нь гэр бүлд хүүхдийг хүмүүжүүлэх,  оюун ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд манай ард түмэн эрт үеэс өнөөг хүртэл асар олон тоглоом наадгайгаар тоглосоор иржээ. Сүүлийн жилүүдэд гэр бүлд монгол наадгайгаар тоглох нь ховордсон учраас түүнийг хөгжүүлэх нь энэхүү уралдааны зорилго байсан.

Монголчууд оньсон тоглоом, хөлөгт тоглоом, шагай наадгай, аман наадгай зэрэг 30 гаруй нэр төрлийн 3000 гаруй тоглоомоор нааддаг. Тус уралдаанд гэр бүлүүд 35 тоглоом хийн оролцож, шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Б.Нямсүрэнгийн гэр бүлийн "Хөлөгт тоглоом” тэргүүн байр эзэлж, хошууч Л.Дорждэрэмийн гэр бүлийн бүтээсэн "Бөмбөрдэйг авраарай” хөлөгт тоглоом, ахлах ахлагч Б.Мөнгөнзаяагийн гэр бүлийн "Хөлөгт тоглоом”, дэд ахлагч Д.Дамдингийн гэр бүлийн бүтээсэн эвлүүлдэг тоглоом, ахлагч З.Оргилболдын гэр бүлийн хийсэн нүх шахдаг даалуу зэрэг тоглоом удаах байруудыг эзэлсэн байна.

"Тоглоомоо өвлүүлье” уралдааныг шалгаруулах үеэр уламжлалт тоглоом наадгайг хэрхэн тоглох тухай тайлбарлаж, зааж, сургажээ.  

Энэхүү уралдаан нь монгол түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэг болох ардын уламжлалт тоглоом наадмыг сурталчлан таниулж, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд алба хаагчдын гэр бүл монгол наадгайгаа судалж, өөрсдийн албаны онцлогтой хослуулан бүтээл болгон ийнхүү гаргажээ.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!