Хяналтын цэгээр зохих зөвшөөрөлтэй 71 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

🕔 2020/02/28 11:38

Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн хэмжээнд нийт 23 хөдөлгөөнт болон байнгын пост гарч,  энэ сарын 23-27-нд буюу Цагаан сарын баярын өдрүүдэд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллажээ.

Сум бүрт хөдөлгөөн хязгаарлах үүрэгтэйгээр төрийн байгууллагын ажиллагсад, энгийн иргэдийг Засаг даргын захирамжаар дайчлан, цагдаагийн алба хаагчидтай хамт ажиллуулсан байна.

Байнгын дөрөв, хөдөлгөөнт 19, нийт 23 постод давхардсан тоогоор цагдаагийн газрын 172, Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Эрүүл мэндийн  газрын 29, бусад төрийн байгууллагын ажиллагсад болон иргэд 319 хүн, 23 автомашинтайгаар гарч ажиллажээ. Хоёрдугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн байдлаар хяналтын цэгээр зохих зөвшөөрөлтэй 71 тээврийн хэрэгсэл, 380 зорчигчтойгоор нэвтэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссоос хяналтын цэгээр нэвтэрч, хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг 12 тээврийн хэрэгсэлд олгожээ.

10 зорчигчтой дөрвөн тээврийн хэрэгслийг ирсэн газар руу нь буцааж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөн хориглосон шийдвэр зөрчсөн гурван зөрчлийг илрүүлжээ. Энэ хугацаанд постонд гарч байгаа алба хаагчдад байгууллагууд, иргэдийн зүгээс халуун хоол, аарц, чацаргана өгч, сэтгэлийн дэм үзүүлсэн байна. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!