Дундговь аймгийн хэмжээнд 23 хяналтын цэг ажиллаж байна

🕔 2020/02/27 11:19

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагаан сарын баярын өдрүүдэд Дундговь аймгийн хэмжээнд 23 хяналтын цэг байгуулж, 28 техник хэрэгсэлтэй, 78 алба хаагч 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

Улсын Онцгой комиссоос энэ сарын 23-27 хүртэл хот хооронд болон хөдөө орон нутгийн зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах тухай гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн Засаг дарга захирамж гаргаж, ийнхүү ОБГ, Цагдаагийн газар, аймаг, сумын Онцгой комисс ажиллаж байна.

Энэ жилийн шинийн нэгний өглөө хотын төвд Цагдаагийн газар, ОБГ-ын алба хаагчид хяналт тавьж, иргэд ёс уламжлалаа гэр гэрийнхээ гаднаас үйлдэж, баярын өдрүүдэд хөдөлгөөн бага байлаа.

Энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар постоор гарч зугтах гэж оролдсон тохиолдол гарч, түүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн. Мөн албан үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулалгүй, иргэний үүргээ биелүүлэхийг ард иргэдэд уриаллаа. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!