С.Баатаржав дарга аа, балаг таригчдадаа хэзээ хариуцлага тооцох вэ

🕔 2020/01/23 12:57

Төрийн албаны нэрээр бамбай хийж ард түмнийг хохироосон цагдаагийн өндөр албан тушаалтнуудыг ажлаас халахаас өөр хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу? 

Хамгийн сүүлийн жишээ, ЦЕГ-ын захиалгаар "Хууль сахиулах-1" 250 албан хаагчийн орон сууцны төслийг "Бавгар групп" ХХК хариуцан ажиллаж байгаа.  Энэ ажил  2015 онд барилгын ажил эхэлсэн ч  "А” блокийн барилгын ажил 2019 оны хавар ашиглалтад орсон бол B блокийн барилгын ажил сар шинийн өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан ч ямар нэгэн барилгын ажил явагдахгүй байгаа аж. Учир нь "Хууль сахиулах-1" хотхоны ажлын хэсгийн ахлагч Б.Цогтбаяр тэргүүтэй төрийн албан хаагчдаас үүдэн B, Г блокийн барилгын ажил зогсоод байгаа юм. 

Учир нь Б.Цогтбаяр тэргүүтэй хүмүүс их хэмжээний авлига нэхсэн талаар "Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун олон нийтэд мэдээлэл хийсэн. Улмаар мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээл гарсны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Ингээд цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж сахилга ёсзүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Тэгвэл үүнээс өмнө Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын өөрийн эзэмшлийн байраа бусдад түрээслүүлж, түүнд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлсэн. Улмаар Э.Бөхбат хурандаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 

Ийнхүү мөрдэстэй төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаанууд олон нийтэд хүрч, дарга нар нь гэнэт ухаарсан юм шиг хариуцлага асууж, ажлаас нь чөлөөлсөн. Асуудал ерөнхийдөө ингээд намжмал байдалд ордог. 

Төрийн хуулийг биелүүлэх үүрэг хүлээсэн төрийн өндөр албан тушаал цол хэргэмтэй хурандаа нарын хууль бус үйлдлүүд энэ мэт замхарсаар байна. Тэд бол өмссөн хувцасандаа эзэн болж төрийн нэр хүндийг өндөр өргөж, төрийн хуулийг ягштал биелүүлэх үүрэг хүлээж, тангараг өргөсөн эрхмүүд. Гэтэл төрийн алба хийгээд өндөр цол хэргэмээрээ "зэвсэглэн” жирийн ард иргэдийг дарлаж, дарамталсаар байна. Тэд хүссэн нэгнээ шоронд хийж, үүрэг үүрүүлж, ялтан болгох чадалтайгаараа гайхуулна. 

Гэтэл ЦЕГ-аас энэ мэт хууль бус үйлдлүүд гаргасан албан хаагчдыг ажлаас нь халахаас өөр арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхал төрүүлж байна. Жирийн иргэнд үг үсэггүй үйлчилдэг хуулийг зөрчил гаргасан хурандаа нарынхаа хууль бус үйлдлийг шалган тогтооход ч бас ашиглах шаардлагатай байгааг ЦЕГ-ын дарга С.Баатаржав танд сануулах нь илүүц биз. 

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!