НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг сонгуулийн шоу

🕔 2019/12/26 14:16

НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг сонгуулийн шоу

  • Саарал жагсаалтаас гарахын тулд долоон хуульд өөрчлөлт оруулна
  • Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 55.1 хувьд хүрч буурсан


УИХ-ын нэр бүхий гишүүд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг баталвал хэрэгжих боломжтой эсэх болон саарал жагсаалтаас хэрхэн гарах, ирэх онуудад Монгол Улсын төлөх өрийг хэрхэн барагдуулахаар төлөвлөж буй талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.


-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг гишүүд өргөн барьлаа. Энэ төслийн талаар та юу хэлэх вэ?

-Засгийн газар эдийн засгийн бодлогыг оновчтой явуулахын тулд нэлээн урт хугацаанд судалж, боловсруулан татварын багц хуулийг өргөн барьж, УИХ өнгөрсөн намар ээлжит бус чуулганаар баталсан. Хууль баталсны дараа дагалдан гарах 40 гаруй журмыг батлахын тулд бүх талын хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэгэхээр ирэх оны эхнээс татварын шинэ орчин бүрдэж, эдийн засаг сайжирна. Сонгууль дөхөж байгаатай холбогдуулан мөн бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүдийн зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хууль өргөн барьжээ гэж би ойлгож байна.

-2020 онд Монгол Улс саарал жагсаалтаас гарна гэсэн зорилттой байгаа. Та Ажлын хэсгийг ахалж буйн хувьд саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хэрхэн биелүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэхгүй юу?

-Ерөнхий сайд захирамж гарган Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын зүгээс надад "Ойрын зургаан сарын дотор Монгол Улсыг саарал жагсаалтаас гарга” гэсэн маш тодорхой үүрэг өгсөн. Ажлын хэсэгт төрийн бараг бүх байгууллага хамтран ажиллаж байна. Саарал жагсаалтаас гарахтай холбогдуулан Засгийн газраас Мөнгө угаахтай тэмцэх, ААН-ийн тусгай зөвшөөрлийн хууль, СЗХ-ны холбогдох хууль зэрэг долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Мөн саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөг боловсруулсан. Ирэх сард Бээжинд FATF-ын хамтарсан группийн хуралд манай улс тайлангаа өгнө. Ажлын хэсэг түүнд бэлтгэж байна. Үүнээс гадна хоёр дугаар сарын 20-нд FATF-ын, тавдугаар сард хамтарсан бүлгийн хурал болно. Тэдгээр хуралд өөрсдийн хийсэн ажлаа танилцуулж, тайлбар хийнэ гэж төлөвлөж байна. 

-Гадаад өрийн хэмжээ буурсан гэх таны мэдээллийг зарим хүн үгүйсгэж байгаа. Мөн ирэх оноос гадаад өрийн төлөх хэмжээ огцом нэмэгдэж төсөвт ачаалал өгөхөөр байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш найман их наяд төгрөгийн өр төлсөн. Зарим хүн зээл авахгүйгээр яаж төлөв гээд итгэхгүй байгаа нь үнэн. Гэвч бид зээл авахгүйгээр төлөөд болж байна. Өрийн хэмжээ ДНБ-ий 75 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр урьд чилсан байдлаар 55.1 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй гарч байна. Засгийн газар 2021 онд 500 сая, 2022 онд нэг тэрбум, 2023 онд 600 сая, 800 сая ам.доллар төлнө. Нийт дөрвөн жилд 2.9 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Гурван сарын өмнө бид Засгийн газрын өр төлөх дунд хугацааны бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Түүнийхээ дагуу ажиллаж байгаа. Ямар ч байсан эдийн засаг валютын ханшид дарамт учруулахгүйгээр, бусдаас хандив тусламж гуйхгүйгээр өрөө дарж чадна.

П.Батбөх

ЗГМ


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!