Өнөөгийн улстөрчдөөс ял асууя

🕔 2019/10/17 18:49

Монголын  улстөрчид  ёстой хэрэг алга аа. Ажилтайхан хэдэн өвгөчүүлийн хийчих ажлыг ийм хэмжээнд аваачих ч гэж дээ. Монголын улстөрчид ёстой нойль байгаагаа  дэлхийд дахин  "гайхуулж” том тэнэгтлээ.

Өмнө нь ч ийм байдалд орж байсан удаатай. FATF-аас байсхийгээд зөвлөмж авчихаад дараа нь шалгуулаад, шалгалтандаа дандаа нойлтож байсан байгаа юм.

Тухайлбал, 2011 оноос FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалт хийгээгүй гэх үндэслэлээр "өндөр эрсдэлтэй орон” "FATF-тай  хамтран ажилладаггүй улс” гээд бараг л "саарал жагсаалт”-ын хяналтын жагсаалтад оруулж байсан ч  2014 оны 7-р сард буюу Ардын хувьсгалын 93 жилийн ойн өмнөхөн гарч байж.  Ингэхдээ Балба, Киргизстан, Танзани, Кени улстай хамт  хяналтын жагсаалтаас гарчихаад ичих ч үгүй  "Манайх ганцаараа биш байсан” гэж хөөрцөглөж байсан гэж байгаа. Гэхдээ шившигтэй, бас баярлууштай энэ мэдээ баяр наадмын сургаар тэгсхийгээд нам жимхэн өнгөрсөн байдаг юм билээ.

Хөгийн гэхэд дэндүү хөгийн. Сурагчаар бол өмнө нь муу авсан хүүхэд дараагийн удаа муу авахгүй төлөө чармайдаг. Гэтэл манай  76 яасан тамтаггүй хэнэггүй нөхөд вэ.

Хийх юмгүй  аятай  хэдэн сараар л эцэг хуулиараа оролдоно, оролдохгүй гэж талцацгаасан. FATF багш нь сануулаад  "Шалгалт авна шүү” гээд байхад бэлдэхийн оронд шал өөр сэдвээр өвчилж  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд зүтгээд байдаг.

Одоо ч өөрсдийгөө хууль оролдох эрхтэй, дархтай, чадамжтай улс мэтээр сэтгэж юу юугүй л гар дүрчих гээд "Ард түмнээсс санал асуулга авна.  хэлэлцүүлэг энэ тэр зохионо гээд байж  ядаж  байгаа. Ингэж тоглож байхын оронд ядаж  "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” боловсруулж  Засгийн газраар батлуулаад хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох санал боловсруулах нь яасан юм бол.

"Сүх далайтал үхэр амар” гэгчээр  ер нь Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо гэхэд элдэв аргаар баяжсан луйварчид, оффшорчид ЖДҮ-чид гадагшаа гараад арилж өгөх нь тодорхой. "Байдал эвгүйдвэл гадагшаа гарна” гэсэн бодлыг сэтгэлийнхээ мухарт хургуулсан болоод л өнөөдөр  улс орныг маань ийм байдалд хүргэв.  Ертөнцийн талыг эзэлж явсан Чингисийн Монголыг ертөнцийн шившиг болгосон нөхдөөр эцэг хуулиа оролдуулах нь бүү хэл ял асуух хэмжээнд хүрсэн гэж Монголын ард түмэн бухимдаж байна.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!